
Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа бид Монгол Дифай ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшиний токенжуулалтын тухай нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
Токенжуулалт бол зөвхөн технологийн давлагаа биш юм. Энэ бол өмчлөл, хөрөнгө оруулалт болон зах зээлийн хүртээмжийг харах өнцгийг үндсээр нь өөрчлөх шинэ боломж. Олон улсын McKinsey судалгааны байгууллагын тооцоолсноор, токенжуулсан хөрөнгийн зах зээл 2030 он гэхэд $2 их наяд, өөдрөг төсөөллөөр $4 их наядад хүрэх төлөвтэй байна. Гэвч токенжуулалтын жинхэнэ үнэ цэн нь зөвхөн статистик үзүүлэлтээр бус, харин зах зээлийн оролцоог хэрхэн тэлж байгаагаар хэмжигдэнэ.
Өмчлөлд нэвтрэх босгыг нураах нь
Уламжлалт хөрөнгө оруулалтын орчинд нэвтрэх босго хэт өндөр байдаг нь жирийн хөрөнгө оруулагчдад том саад болдог. Жишээлбэл, Berkshire Hathaway-н "Class A" хувьцаа нэгж тутамдаа хэдэн зуун мянган $-оор арилжаалагддаг тул дундаж иргэн үүнийг эзэмших боломж бараг үгүй. Токенжуулалт энэ дүрмийг өөрчилж байна:
Зөвхөн бутархай өмчлөлөөс давсан ойлголт
Токенжуулалтын боломж нь хөрөнгийг жижиг хэсгүүдэд хуваахаас хавьгүй өргөн хүрээтэй. Ямар ч төрлийн хөрөнгө, тэр ч байтугай тодорхой эрхүүдийг хүртэл токенжуулах боломжтой. Бэлэн мөнгө, хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, бараа материал, үнэт металл гээд бүх төрлийн хөрөнгө, тэр байтугай тодорхой эрхүүдийг ч токенжуулах боломжтой гэсэн үг.
Сайн бүтэцтэй токен нь зөвхөн арилжааны хэрэгсэл биш, харин ногдол ашиг, засаглал, өгөөж хүртэх бодит эрхүүдийг баталгаажуулсан дижитал гэрчилгээ болдог. Зүгээр нэг спекулятив хэрэгсэл байхаа больж, өмчлөл, оролцоо, эдийн засгийн ашиг сонирхлыг илэрхийлэх шинэ хэлбэр болох учиртай.
Үүний бодит жишээ бол Ард Санхүүгийн Нэгдлийн секьюрити токен болох ARDT юм. Энэхүү токен нь эзэмшигчдэдээ саналын эрх болон ногдол ашиг авах эрхийг олгодог. Энэ нь токен гэдэг нь хийсвэр цахим код биш, харин бодит үнэ цэн, бодит оролцооны илэрхийлэл болохыг харуулж байна.
"24/7" зах зээл: Цагийн хязгаарлалтыг даван туулах нь
Хөрөнгийн биржүүд зөвхөн ажлын өдрийн хязгаарлагдмал цагийн хүрээнд ажилладаг. Монголын Хөрөнгийн Бирж ч мөн адил тодорхой товлосон арилжааны цагаар ажилладаг. Харин токенжуулсан хөрөнгө нь 7 хоногийн 7 өдөр, хоногийн 24 цаг арилжаалагдах боломжтой.
Энэ бол зүгээр нэг жижиг давуу тал биш харин орчин үеийн хэрэглэгч, хөрөнгө оруулагчид өөрсдийн хүссэн цагт, хонхны дуу хүлээхгүйгээр санхүүгийн бүтээгдэхүүнтэй харилцах боломжийг олгож буй.
Мэдээж токенжуулалт өөрөө автоматаар хөрвөх чадвар бий болгодоггүй. Бодит хөрвөх чадвар нь зах зээлийн дэд бүтэц, хөрөнгө оруулагчдын оролцоо, хууль эрх зүйн итгэлцлээс хамаарна. Харин токенжуулалт нь илүү хүртээмжтэй, илүү уян хатан, илүү үр ашигтай зах зээлийг бий болгох суурийг санал болгодог.
Жинхэнэ сорилт технологид биш "хандлагад" байна
Токенжуулалтын технологи хурдтай хөгжиж байна. Одоогийн гол сорилт нь түүнийг хүлээн авах эрх зүйн болон сэтгэл зүйн орчин. Шинэ зүйлд болгоомжтой хандах нь зүй ёсны хэрэг боловч ухаалаг зохицуулалт ба хэт хатуу хязгаарлалт хоёрын заагийг зөв тодорхойлох нь чухал.
Хэрэглэгчийг хамгаалах ёстой, эрсдэлийг үнэлэх ёстой, зах зээлийн шударга байдлыг хадгалах ёстой. Гэвч инновацад зориулсан тодорхой орчныг бүрдүүлэхийн оронд түүнийг хэтэрхий эрт хязгаарлавал дотоодын зах зээл өөрийн өсөх боломжоо алдаж эхэлнэ.
Энэ бол хийсвэр эрсдэл биш, дэлхий даяар улс орнууд токенжуулалтыг, гадаадын хөрөнгө оруулагчдын татахын төлөө өрсөлдөж байна.
Эдгээр нь "туршилт" биш, харин ирээдүйн өрсөлдөх чадвараа хамгаалж буй стратегийн алхмууд юм. Хэрэв Монгол улс эрхзүйн орчноо тодорхойлохгүй, аль эсвэл тодорхойлсон ч хэт хатуу нөхцөл тулгавал энэ инновац зогсохгүйгээр үл барам гадагш шилжинэ. Ингэснээр дотоодын компаниуд өсөх орон зайгаа алдана. Хэрэглэгчид дараагийн үеийн санхүүгийн шийдлүүдээс хоцорч, үүнийг дагаад манай зах зээлийн өрсөлдөх чадвар сулрах эрсдэлтэй.
Хүртээмжийн тухай асуудал
Зөв хандлага бол инновацыг хаах биш, харин аюулгүй байдал ба инновацын тэнцвэрийг хангасан шийдлээр зөв чиглүүлэх явдал юм. Токенжуулалт бол зөвхөн технологийн асуудал биш хүртээмжийн асуудал. Хэн зах зээлд оролцох вэ, үнэ цэнийг хэн хүртэх вэ гэдгийг энэ технологи шийдэж байна.
Өндөр үнэтэй хөрөнгийг олон нийтэд нээлттэй болгох, цаг хугацааны хязгаарлалтыг арилгах, бүх төрлийн өмчлөлийг блокчэйнд шилжүүлэх боломж бидний өмнө байна. Бид инновацыг хаах биш, харин аюулгүй байдал ба хөгжлийн тэнцвэрийг хангасан шийдлээр энэ хаалгыг бусдаас түрүүлж нээх ёстой.
Токенжуулалт зах зээлийг нээх ёстой, хаах биш. Асуулт нь, бусад нь түрүүлж алхахаас өмнө бид тэр хаалгыг нээхэд бэлэн эсэхэд л байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.