
Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг урагшлуулах, жуулчдыг сая саяар нь татах олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, их ч мөнгө зарцуулсан. Бодит байдал хэр өөрчлөгдөв?
🇨🇳🇷🇺 10 жуулчин тутмын 7 нь хөрш улсуудынх
Монголыг зорьж ирж байгаа нийт жуулчдын тоо өнгөрсөн I улиралд 143 мянгыг давсан. Мэдээж энэ бол бүх жилүүдийн I улирал дундаа рекорд тогтоосон тоо. Өөрөөр хэлбэл, энэ он гарснаас хойш сард дунджаар 48 мянга, өдөрт 1.6 мянган жуулчин ирсэн байгаа юм. Гэхдээ ирсэн 10 жуулчин тутмын 4 нь Орос, 3 нь Хятад байна. Үлдсэн 3 жуулчин л өөр улсаас ирж байгаа хэрэг.
👯♂️ Орос, Хятадын байр солигдсон нь
Одоогоос 16 жилийн өмнө Хятад жуулчид нийт жуулчдын 52.4%-ийг, Оросынх 29.7%-ийг бүрдүүлдэг байв. Харин одоо энэ харьцааны байр солигдож Оросынх 42.3%, Хятадынх 30.9% болоод байна. Үүнд мэдээж Ковид-19 болон Орос Украины дайны нөлөө бий.
🌈 Солонгордоггүй хорвоо юу?
Экспортоо солонгоруулна гээд солонгордоггүй шиг, аялал жуулчлал нь ч 2 өнгөтэй байгааг харж байгаа байх. Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн том сорилт нь жуулчдын тоо биш, харин бүтэц байгаа нь харагдаж байна. Олон улсаас жигд урсгал татах, өндөр зарцуулалттай жуулчдын эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилт бодит байдал дээр хангалттай ахиц гаргасангүй. Жуулчдын тоонд биш чанарт анхаарч нэг удаагийн урсгал биш, тогтвортой эргэлт бий болгох нь чухал байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.