Уламжлалт ёсоор оны төгсгөлд энэ онд юу, юу болж өнгөрсөн талаар цуврал тойм хүргэж байгааг мэдсэн биз дээ? Өнөөдөр хөрөнгийн зах зээлд юу болсон талаар хүргэе ээ.
🐂 Бух уналаа
Бид товхимлынхоо эхэнд “MARKETS” хэсэг дээрээ томоохон индексүүдийн 1 өдрийн өөрчлөлтийг тогтмол хүргэдэг билээ. Тэгвэл МХБ (MSE)-ийн ТОП-20 индекс болон гадаадын томоохон индексүүд энэ онд цөм өсөж, бух унажээ.
Тодруулбал, технологийн салбарын томоохон компаниудын өндөр гүйцэтгэлтэй холбоотойгоор NASDAQ (^IXIC) индекс он гарснаас хойш 35.7%, S&P 500 (^GSPC) индекс 27.4% тус тус өсөөд байна. Энэ бүх өсөлтөд хиймэл оюун ухаан, цахим худалдаа, үүлэн технологи зэрэг чиглэлд хөрөнгө оруулалт ихэссэн болон энэ онд ХНС бодлогын хүүгээ 3 удаа бууруулсан нь ч нөлөөлж буй.
📈📉 Хамгийн их өссөн, буурсан хувьцаа
Цаашлаад, хэдүүлээ энэ онд МХБ-ийн I ангиллын компаниудын хувьцааны хөдөлгөөнийг шинжье. Хувьцааны үнэ нь хамгийн их өссөн ТОП-10 компанийн 2 нь ББСБ, 2 нь банк, 1 нь МХБ байгаагаас харахад энэ онд банк, санхүүгийн салбарт пуужин хөөрч дээ.
Харин эсрэг талд хувьцаа нь хамгийн их уналттай байсан ТОП-10 компанийн 1 нь Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) өөрөө нэмээд тэдний хамаарал бүхий 3 компани ТОП уналтад багтав. Нэмээд системийн нөлөө бүхий банкнуудын нэг $TDB ч уналттай 10-ын багцад цохиж явна. Арга ч үгүй биз дээ, $TDB-н үнэ энэ онд IPO-н үнээ даваагүй хойно. Сонирхолтой нь хэн бүхний хайрт, Монголын “Blue chip” гэгддэг $APU-н үнэ 16.6% унажээ. Ажилчдадаа олгосон хувьцаа нь бөөндөж нийлүүлэгдээ юу даа. 🤔
🏃♂️🏃♀️ Наашаа, цаашаа
Жил бүр л ТОП-20 индексийн компаниудын жижиг хувьцаа эзэмшигчид л нэлээд нэмэгддэг. Жижиг хувьцаа эзэмшигчдийн хөдөлгөөн энэ онд мөн л хэвээр байв. Энд $APU-нх нэлээд өссөн харагдаж байгаа нь Шунхлай Групп бүх ажилтандаа хувьцаа олгосноос үүдсэн гэдгийг бүгд мэдэж байгаа байх.
🆕 Шинээр төрөгсөд
Энэ онд сүүлийн жилүүдээс хамаагүй бага буюу 2 компани л IPO хийсэн билээ. Эм Жи Эл Акуа (MGLA) болон Тэнгэр Даатгал (TGI) компаниуд IPO хийж нийт ₮25.2 тэрбумыг татан төвлөрүүлсэн. Өчигдрийн байдлаар $TGI-н үнэ IPO үнээсээ 2.6% буурсан бол $MGLA-нх 5.2% өсөөд байна.
🌈 Арилжааны солонгорол
Монголын үнэт цаасны клирингийн төвийн датанаас харахад он гарснаас хойш буюу эхний 4 сард нийт 44,826 хөрөнгө оруулагч арилжаанд оролцсон аж. Үүний ердөө 14 нь гадаадын хуулийн этгээд, 313 нь гадаадын иргэн байсан. 11-р сард ч энэ байдал өөрчлөгдөөгүй буюу нийт арилжааны үнийн дүнгийн ердөө 1.7%-ийг гадаад иргэн болон хуулийн этгээдийн арилжаа бүрдүүлсэн байна.
Заа тэгээд төгсгөлд нь хэлэхэд, уг нь бол гадаадын багцын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадвал хөрвөх чадвар сайжирч, зах зээлийн үнэлгээ нэмэгдэх боломжтой. Тэгэхээр бид ирэх онд гадаадын хөрөнгө оруулагчдын идэвхт анхаарах хэрэгтэй гэсэн үг. Шинэ онд энэ асуудал дээр тодорхой ахиц гараасай даа. 🙏
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.