Монголын ХЗЗ-ийн сүүлийн 5 жилийн шилдгийг шалгаруулах Grand Bull Awards энэ Баасан гарагт болно. Тэгвэл өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус салбарт юу болов?
Гялалзсан 5 жил
2018-аас 2023 оны II улирал хүртэл ББСБ-ын салбар 207.1%, даатгалын салбар 56.2%, банкны салбар 54.2% тус тус өссөн бол ХЗЗ хамгийн их буюу 337.9% өсжээ. Бусад сонирхолтой тоонуудыг харвал,
- 22/30: Сүүлийн 15 жилд МХБ (MSE) дээр IPO хийсэн 30 компанийн 22 нь буюу 73.3% нь 2018 оноос хойш болжээ.
- ₮1.4 их наяд: Мөн 2021 онд арилжааны хэмжээ хамгийн өндөр буюу ₮1.4 их наядад хүрсэн бол ХЗЗ-ийн ДНБ-д эзлэх хувь 2023 оны 10-р сарын байдлаар 17% болсон юм. 2018 онд энэ харьцаа 7.7% байв.
- 0.10.3: ХЗЗ рүү нийлүүлэгдэх мөнгөний урсгал ч нэмэгдэв. Жишээлбэл, 2018 оны ХЗЗ-ийн үнэлгээг М2 мөнгөнд харьцуулсан харьцаа 0.1, 2023 оны III улирлынх 0.3 болсон юм.
Мөн, биржийн бус зах зээл ажиллаж эхэлснээс хойш буюу 2021 оны 9-р сараас 2023 оны II улирал хүртэл тус зах зээлд ₮2.1 их наядын өрийн хэрэгслийг бүртгэж ₮1.5 их наядыг татан төвлөрүүлжээ.
Ирээдүйд ч тавих хүлээлт их байна. Жишээ нь,
- Микро: МХБ энэ жилийн 9-р сараас эхлэн FTSE-н “хөгжиж буй зах зээл” ангилалд албан ёсоор орсон. Ингэснээр дэлхийд манай ХЗЗ нэртэй, монгол компаниуд данстай болсон нь гаднын стратегийн хөрөнгө оруулагчдыг татах нь гарцаагүй.
- Макро: Мөн УИХ анх удаа ХЗЗ-ийг дэмжих бодлогыг төсөвт оруулан баталсан юм. Тодруулбал, Монголоос авсан үнэт цаасаа борлуулахад гадаадын хөрөнгө оруулагчийн нийт орлогоос, дотоодын хөрөнгө оруулагчийн нийт орлогоос шимтгэлийн зардлыг хасан тус тус татвар ноогдуулдаг аж. Энэхүү ялгавартай тогтсон татварыг ирэх оноос болиулахаар төсөв батлагджээ.
Эцэст нь, сүүлийн 25 жил унтаа байсан ХЗЗ 5-хан жилийн дотор эрчтэй өсжээ. Тэгэхээр энэ өсөлтөд гар бие оролцсон ХЗЗ-ийн шилдгүүдтэй Баасан гарагт танилцах нь дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.