
Lemon Press-н энэ удаагийн ярилцлагын дугаарт зах зээлд шинэхэн хөл тавиад буй TenderHub платформын талаар тус платформын Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал С.Чулуунбаттай ярилцлаа. Бизнес эрхлэгчид болон зохицуулагч байгууллагуудын заавал унших ёстой дугаар шүү. Анхаарлаа нааш нь.
TenderHub-г үүсгэн байгуулах болсон эрэлт хэрэгцээ, шалтгаанаас яриагаа эхлүүлье.
Төрийн болон хувийн хэвшлийн тендерийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн 2-р сард TenderHub платформ маань албан ёсоор нээлтээ хийсэн. Тэр тусмаа төрийн тендерт оролцож буй компаниуд маш бага хугацаанд олон тендерийн материал бэлдэж, оролцдог буюу нүсэр ажил болдог. Харин хувийн хэвшлийн тендерт оролцох компаниудад тулгарч буй томоохон бэрхшээл нь тухайн компани цаг, мөнгө зарцуулаад тендерт оролцдог атал тендер зарласан компани нь хариу өгөхгүй удаах, зарим нь мартаж, санаад хэдэн сарын дараа холбогдох гэхчлэн чирэгдэл түгээмэл.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд төвлөрсөн, AI-д суурилсан цахим платформ хөгжүүлэх төслөө 2 жилийн өмнө эхлүүлж, саяхан албан ёсоор нэвтрүүлээд байна. Одоогоор манай TenderHub платформ дээр 600 гаруй дотоодын компани бүртгэлтэй болоод буй.
Өнөөдрөөс буюу 4 сарын 1-нээс хувийн хэвшлийн компаниуд өөрийн худалдан авалтын тендерээ зарлаж, шалгаруулах боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Хувийн хэвшлүүдээс анхдагч болж Моннис Групп, Сод Монгол Групп, МОНКОН констракшн ХХК болон бусад томоохон групп, компаниуд тендерээ манай платформ дээр зарлаад эхэлнэ гэж ойлгож болно.
Дараагийн шатанд ирэх 5-р сараас гаднын компаниудыг ч оролцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоогийн байдлаар системд бүртгэлтэй 18 мянга орчим гадаадын компаниудын 95% нь Хятадын компаниуд, үлдсэн нь Зүүн Өмнөд Азийн компаниуд байна. Өөрөөр бол Монгол компаниуд гадаад зах зээлээс шууд худалдан авалт хийх, тендерээ зарлах гэхчлэн хил хязгаар, орон зайгаар хязгаарлагдахгүй хурдан шуурхай холбогдох боломжтой болсон.
TenderHub зах зээлд нэвтэрснээр хамгийн түрүүнд ямар асуудлуудыг шийдэж байгаа вэ?
Дотоодын компаниуд бүгд л ямар нэгэн байдлаар төсөл хэрэгжүүлж байгаа. Аргагүй бид үйлдвэрлэгч улс биш тул зах зээлийн нийт худалдан авалтын бараг 95% нь Хятадаас орж ирдэг. Тэр бүх худалдан авалтуудын ард компаниуд гадаад худалдааны менежерээрээ судалгаа хийлгэнэ, аль эсвэл захирал, гадаад харилцааны менежер нь ч юм уу дор хаяж 1-3 хүн Хятад руу үзэсгэлэн, танилцуулга, уулзалтууд хийх шаардлагатай болдог. Энэ бүхний ард асар их зардал, цаг хугацаа урсаж байгаа. Тиймээс үүнийг хялбархан, зардал багатай хийж болох шийдлийг санал болгож байгаа юм.
Тендер түүнийг тойрсон санхүүгийн үйлчилгээнүүдийн талаар?
Өмнө нь тендерийн зах зээлийн бүхий л оролцогч талууд тус тусдаа, нэгдсэн процесс, дэд бүтэцгүй ажилладаг байсан буюу захиалагч, гүйцэтгэгч, санхүү, тээвэр бүгд өөр өөрийн систем дээр явуулж, хувийн компаниуд тус бүрийн системээр дамжих шаардлагатай байсан. Нэмээд санхүүжилтийн уян хатан шийдэл, процесс хайгаад ч хэрэггүй байв. Харин TenderHub энэ бүх процессыг нэгтгэж, ханган нийлүүлэгч, захиалагч, санхүүжүүлэгч болон бусад оролцогч талууд бүгд 1 дор цугларах боломжтой болсон. Үр дүнд компаниудын тендерийн мэдэгдэл хүлээж авахаас эхлээд багадаа 1 сар, дунджаар 2 сар хийдэг байсан санхүүгийн үйлчилгээний судалгааны ажлыг 1-3 хоног болгон нугалж буй.
Өмнө нь бол компаниуд энэ бүх шат дамжлагыг эхнээс нь хийгээд явж байтал гэрээний хугацаа болох 60-90 хоног нь дуусчихдаг зовлон байсан юм. Үүнээс эцсийн дүндээ хэн алдаад байгаа вэ гэхээр өнөө л гүйцэтгэгч компаниуд нь зээлийн хугацаа нь дуусаад хүүгээ алдахаас эхлээд тэр хооронд гаргаж буй ажиллах хүчний зардал гэхчлэн тоочвол их. Энэ бол дан ганц 1 компанийн жишээ бус үл тооход хэтэрхий том, бидний нийгмийн алдагдал юм. Бид нийтдээ, нийгмээрээ асар их хэмжээний алдагдал дунд амьдарч байгаа. Тэгэхээр манай систем бол үндсэндээ энэ бүх алдагдлыг байж болох хамгийн доод түвшинд нь хүргэх зорилготой.
Үүн дээр нэмээд мэдээж AI шийдэл. Тухайлбал, манай систем тендерийн бичиг баримтыг зарласан эх хувилбартай нь харьцуулж, үг үсэг, тоо, цэг таслалын зөрүүг хүртэл гаргаж өгдөг. Жишээ нь тендерийн захиалга дээр “180” гээд тоо ширхэг заасан байхад оролцогч компани “178” гэж бичсэн байвал алдаатай гээд шууд гаргаад ирнэ. Ингэснээр санамсаргүй алдаанаас болж тендерээс хасагдах эрсдэлийг бууруулж байгаа юм. AI-н хувьд одоогоор хууль зүйн туслах, системийн гарын авлага гэсэн 2 чатбот ажиллаж байна. Цаашид, үнийн судалгаа, автомат санал, санхүүгийн дүгнэлт гаргах тэргүүтэй AI агентуудыг нэвтрүүлнэ.
Тэгэхээр тендертэй холбоотой бүх оролцогч талуудыг холбосон TenderHub хэрхэн ажиллана гэсэн үг вэ?
Маш энгийнээр экосистем шиг ажиллана гэсэн үг. TenderHub-н гол цөм нь тендерийн цахим платформ боловч үүгээр хязгаарлагдахгүй буюу хэд хэдэн чиглэлд зэрэг ажиллана.
Жишээлбэл, та аль нэг төрийн байгууллагад $100 мянгын тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт шалгарлаа гэж бодъё. Тоног төхөөрөмжөө Хятадын үйлдвэрээс худалдан авах шаардлагатай бол систем дээр техникийн үзүүлэлтээ оруулаад тендер зарлана. Хятадын үйлдвэрүүд оролцож, та өөрөө сонгон шалгаруулна. Сонгосны дараа бид банктай хамтарч тоног төхөөрөмжийн төлбөр, тээвэр, гаалийн зардал, даатгал гэхчлэн бүх санхүүгийн асуудлыг цогцоор нь шийднэ. Өөрөөр хэлбэл гэрээ хэрэгжүүлэгч компани эрсдэлгүйгээр гэрээгээ хугацаанд нь биелүүлэх боломжтой болно. FundMe-н хувьд СЗХ сэндбокс зохицуулалтын орчинд туршиж байгаа шинэ төрлийн хөрөнгө оруулалтын үйлчилгээ. Энэ нь богино хугацааны хөрөнгө оруулагчдаас эх үүсвэр татаж, төсөл хэрэгжүүлэгчдэд дамжуулах боломжтой.
Бидний алсын хараа бол технологийн дэвшил, тасралтгүй сайжруулалтаар дамжуулан оролцогч бүрд шударга, нээлттэй, инновац шингэсэн экосистем бий болгох.
Монгол бол бодитоор тендерийн зах зээл дээр тулгуурласан эдийн засагтай улс. Хэрэв энэ процессыг авлигагүй, нээлттэй болгож чадвал бизнес эрхлэгч бүр итгэлтэй болно.
Хиймэл оюун ухаан, систем нь шийдвэр гаргалтыг дэмжиж, албан ёсны борлуулагч, сайн гүйцэтгэгч компаниуд илүү шударга орчинд өрсөлдөх боломжтой болно.
Хууль, стандартын хувьд бид ISO27001 мэдээллийн аюулгүй байдлын стандартыг мөрддөг. Тиймээс хууль, мэдээллийн аюулгүй байдал, процессын хяналт бүгд системийн үндсэн зарчим. Харин манай компанийн хувьд 7 хоногийн 40 цагийн зарчимтай. Илүү цагийг дэмждэггүй. Манай хувьд KPI, цаг бүртгэлээс илүү хүн ямар үнэ цэн бүтээж байна, багтаа хэрхэн нэмэр болж байна гэдэг нь чухал. Энэ утгаараа манай баг ихэнхдээ 7–8 жилээс дээш туршлагатай, эксперт түвшний хүмүүсээс бүрдсэн. Хүний нөөцийн бодлого маань уламжлалт Монгол компанийн загвараас нэлээд өөр. Үр дүн, үнэ цэн, ур чадвар, мэргэшсэн байдлыг чухалчилдаг.
TenderHub-н системийг дэлгэрэнгүй танилцуулна уу.
Одоогийн нөхцөлд компаниуд тендерийн мэдээллээ Excel, имэйл, хувийн чат, Viber, Telegram зэрэг олон сувгаар солилцож байгаатай холбоотойгоор мэдээлэл тархай, удирдлагын түвшинд шийдвэр гаргахад хүндрэл үүсэх нь түгээмэл байдаг. Тэгэхээр мэдээллийн урсгалаа нэг болгоод зогсохгүй систем өөрөө компаниудад тендер олох, сонгох, оролцох бэлтгэл, тендер зарлах, шалгаруулах, цаашлаад, санхүүгийн цогц шийдэл, гадаад худалдааны үйлчилгээ зэрэг бизнесийн бүтэн циклийг нэг дээвэр дор цуглуулж ажиллаж байгаа юм.
Мөн хиймэл оюун ухаанд суурилсан 4–5 агент ажиллаж байгаа. Цаашид хөгжүүлэлтийн дараагийн шатанд нэмэлт AI шийдлүүд нэвтрүүлж, 1 жилийн дотор системийн үйл ажиллагааны 80%, 2 жилийн дотор 95%-ийг AI-р явуулахаар зорьж буй.
Гишүүнчлэлийн хувьд 4 төрлийн багц байгаа.
Гишүүнчлэлийн хувьд платформ дээрх нээлттэй тендерүүдийг үнэгүй харах боломжтой байгаа нь сонирхол татаж байна. Багцуудын үнийг хэрхэн тогтоосон бэ? Мөн одоогоор хэдэн компанийн тендерийг 1 дор авах боломжтой байгаа вэ?
Үнэ тогтоохдоо бид маш олон хувилбар дээр ажилласан. Бараг 30 орчим өөр загвар боловсруулж, олон талаас нь тооцоолсны үндсэн дээр одоогийн гишүүнчлэлийн төлбөр дээр тогтсон юм. Манай гишүүнчлэлийн төлбөрийн хувьд өндөр ашиг олох бус, платформыг тогтвортой, аюулгүй, тасралтгүй ажиллуулахад чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь системийн үндсэн үйл ажиллагаа, багийн тогтвортой байдлыг хангах хэмжээний л төлбөр гэсэн үг. Tenderhub экосистем дан ганц платформоор тогтохгүй Tender App, Trade, Finance, мөн Хонконг дахь компани зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг төлөвлөөд байна.
Зах зээлийн хэмжээгээр харвал Монгол Улсад бүртгэлтэй 261 мянган аж ахуйн нэгжээс ойролцоогоор 1,000 гаруй нь төрийн тендерт идэвхтэй оролцдог буюу жилдээ 10-аас дээш удаа тендерт оролцдог.
Зах зээлийн багтаамжын хувьд 2025 оны байдлаар зөвхөн төрийн тендерийн зах зээлд эргэлдэж буй хөрөнгө ₮49 их наядад хүрсэн. Өмнөх оноосоо ₮11 их наядаар нэмэгдэж, үсрэнгүй өссөн байгаа юм.
Тендерийн тооны хувьд, ₮20 саяас дээш дүнтэй 20 мянга орчим тендер, ₮20 саяас доош 16 мянга орчим худалдан авалт байна. ₮20 саяас дээш дүнтэй тендерүүд нь хууль, журмын дагуу төвлөрсөн системээр зарлагддаг бол ₮20 саяас доош тендерүүд ихэвчлэн үнийн саналын явуулах байдлаар салангид зохион байгуулагддаг. Төрийн байгууллагууд маань 20 саяас бага дүнтэй худалдан авалтуудаа манай систем дээр зохион байгуулж цаг зав, зардлаа хэмнэх боломжтой.
Тендерийн дүнгээр харахад ₮500 сая хүртэлх тендерүүд нийт зах зээлийн 80% гаруйг бүрдүүлж буй. Үүнийг манай платформын хамгийн том хэрэглэгчийн сегмент гэж харж болно. Оролцогч компаниудын хувьд жилд 10 хүртэл тендерт оролцдог 6,800 орчим компани байгаа бол 10-аас дээш тендерт тогтмол оролцдог идэвхтэй компаниудын тоо 1,100 хүрэхгүй байгаа. Манай систем нээлтээ хийснээс хойш маш богино хугацаанд 600 гаруй компани бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, идэвхтэй оролцдог зах зээлийн компаниудын 50%-иас дээш нь аль хэдийн системд нэгдсэн гэсэн үг. Онцлох зүйл нь бид ямар нэгэн маркетинг, сурталчилгаа хийж эхлээгүй байхад шүү дээ.
Монгол Улс бол тендерийн улс, тендерийн төсөвт өртөг ихсэхээр зээл авалт нэмэгдэж, зах зээл дэх мөнгө ихэсдэг. Тендер багасвал буцаад багасдаг. Ийм том хамааралтай байхад хэрэв бид нар тендерийг авлигагүй болгохгүй бол Монгол Улс авлигалдаа живсэн хэвээр л байна. Гол асуудал нь л энэ. TenderHub-г ашигласнаар хэрэглээний түвшинд байгууллагуудад ямар давуу тал үүсэж байгаа вэ?
Манай системийн 1 том давуу тал нь байгууллагын удирдлагууд хянах самбараараа дамжуулан дотоод үйл ажиллагаагаа бодит цаг дээр хянах боломжтой болсон явдал. Одоогоор бүртгэлтэй байгаа 600 гаруй компани өөрсдийн хянах самбараас зах зээлийн мэдээллээс эхлээд ажилтнуудын бүтээмж хүртэлх үзүүлэлтүүдийг нэг дор харах боломжтой. Жишээлбэл, хэдэн тендерт оролцсон, хэд нь шалгарсан, мөнгөн урсгал ямар байгаа, ямар санхүүгийн үйлчилгээ авсан, аль менежерүүд хамгийн өндөр гүйцэтгэлтэй ажиллаж байгаа гэхчлэн мэдээлэл бүгд 1 дор харагдана. Ингэснээр наанадаж ажилтан солигдсон ч мэдээлэл цэгцтэй хадгалагдаж, энд тэндээс хайж цуглуулах шаардлагагүй болж байгаа.
Цаашлаад, байгууллагын дотоод KPI-тэй төстэй буюу хэн ямар үр дүн гаргаж байгааг бодитоор харуулдаг систем шиг ажиллана гэсэн үг. Мөн төрийн болон хувийн хэвшлийн тендерүүд тус тусдаа ангилагдан харагдана. Шинээр зарлагдсан болон тухайн компанид уригдсан тендерүүд тусдаа гарч ирдэг. Ялангуяа уригдсан тендерийн тоо өндөр байх нь тухайн компанийн зах зээл дэх нэр хүнд, итгэлцэл сайн байгааг илтгэнэ. Нөгөө талаас байгууллагын мэдээллээ системд бүрэн оруулсан тохиолдолд банк, санхүүгийн байгууллагад баталгаа, зээлийн хүсэлтээ 1 товч дараад л илгээх боломжтой. Товчхондоо, TenderHub-г дан ганц тендерийн платформ биш, байгууллагын дотоод бүтээмж, санхүү, гүйцэтгэлийн хяналтын хэрэгсэл болгон ашиглаж болно.
Таны ярианаас компаниуд хувийн мэдээллээ хуваалцах дүргүй байдаг гэж ойлгогдож байна. Үүний шалтгаан нь юу вэ? Мэдээллийн аюулгүй байдал талаасаа юу? Аль эсвэл өөр шалтгаантай юу?
Энэ дээр 1 инээдтэй юм байдаг юм. Төрийн тендерт оролцоод шалгарсан компаниудын мэдээллийг угаас олон нийтэд нээлттэй болгох зохицуулалттай буюу тендерт оролцож буй компаниуд өөрсдөө мэдээллээ ил болгохыг зөвшөөрдөг. Гэтэл хувийн систем дээр бүртгүүлэх болохоор “Энэ манай нууц дата” гэх байдлаар ханддаг. Үнэндээ төрийн тендерт оролцоод аль хэдийнээ ил болсон мэдээллээ нуух гээд байдаг нь зарим талаар хуучин сэтгэлгээ, аль эсвэл нуух юмтай компани л гэсэн үг.
Үүнийг бид “харах эрхийн хүсэлт” гэх шийдлээр зохицуулсан. Жишээлбэл, банк руу зээлийн хүсэлт илгээхэд банк шууд мэдээллийг харахгүй. Заавал тан руу хүсэлт явуулж, та зөвшөөрсний дараа, мөн хэдий хугацаанд харах эрхтэйг өөрөө тохируулж өгнө. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа.
TenderHub шиг шинэ төрлийн технологи тендер тойрсон авлигын сүлжээ, цаашлаад системийг өөрчлөх боломжтой юу?
Манай гол зорилго бол төр, хувийн хэвшлийн бүхий л тендерийг технологи, хиймэл оюун ухаан буюу AI ашиглаж илүү ил тод, шударга, хялбар болгох явдал. Өнөөгийн Монголд шийдвэр гаргагчид тендерийн хугацаа, шаардлага, мэдээллийг хүссэн үедээ өөрчлөх, хойшлуулах, бүр цуцлах тохиолдол гардаг. Энэ нь тендерт оролцохоор бэлтгэж буй хувийн компаниудад цаг хугацаа, хүний нөөц, бичиг баримт бүрдүүлэлт, санхүү гэхчлэн олон зардал, чирэгдэл авчирч байгаа. 1 тендерт бэлтгэх гэж ард нь бүхэл бүтэн баг ажиллаж байгаа шүү дээ. Гэтэл ийм процессыг 1 талын шийдвэрээр өөрчилдөг байдал нь зах зээлд шударга бус байдлыг бий болгосоор байгаа.
Тиймээс технологийн шийдлээр тендерийн мэдээлэл, өөрчлөлтийн түүх, хугацаа, шалгаруулалтын явцыг ил тод болгож чадвал энэ орчныг мэдэгдэхүйц цэгцэлнэ гэж үзэж байна. 100% биш юм аа гэхэд дор хаяж 80% нь авлигагүй, илүү шударга, итгэлтэй тогтолцоо руу шилжих боломжтой гэж харж байгаа. Ийм орчинд, бизнес эрхлэгчид ч бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ өрсөлдөх боломж үүснэ. Дор хаяж чадавхижна шүү дээ.
Эцэст нь TenderHub-н урт хугацааны зорилго юу вэ?
Урт хугацаандаа бид далд явагдаж байгаа тендерүүдийг ил тод болгох зорилготой. Энэ нь зөвхөн манай харилцагчдын бизнесийн өсөлт, орлогын талаарх асуудал биш. Харин нийт зах зээл дээр байгаа боломжуудыг жижиг, дунд бизнесүүдэд нээж өгөх тухай асуудал юм. Өнөөдөр олон залуу бизнес эрхлэгчид тендер гэдэг ойлголтыг зөвхөн том компани, танил талтай холбож харж байна.
1 тендер авах гэж хээл, хахууль өгөх ёстой гэж ойлгох нь энүүхэнд. Ийм байж болохгүй. Бид энэ ойлголтыг өөрчилж чадна. Зөвхөн том компаниуд бус, шинэхэн, жижигхэн компани, залуу бизнес эрхлэгч ч шударгаар өрсөлдөж, ажил авах боломжтой байх ёстой.
Эцсийн дүндээ энэ зах зээл чинь хэдхэн тоглогчийн зах зээл биш, илүү өргөн цар хүрээтэй, нийгмийн хүн бүрт, гишүүн бүрт нээлттэй бизнесийн экосистем байх ёстой юм.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.