Хуучирсан мэдээ/ 7 сарын 7, 2023

Rio Tinto-ийн талаар та юу мэдэх вэ?

Арав дахь удаагийн Монголын Эдийн Засгийн Чуулган 7 сарын 9,10 буюу маргааш болон нөгөөдөр болох гэж байна. Энэ удаагийн чуулганд Rio Tinto онцгой ач холбогдол өгч, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) болон Гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ манай улсад хүрэлцэн ирж байна.

Тодруулбал, ТУЗ-ийн дарга Доминик Бартон, Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмоор ахлуулсан 23 эрхэм, мөн тэдний урилгаар Goldman Sachs, Morgan Stanley, CITI гээд дэлхийн тэргүүлэгч 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл ирсэн байна.

Сүүлийн 10 гаруй жил Монгол Улс, Rio Tinto-той нэр холбогдож нэг завин дээр гарсан. Тэд Монголчуудыг дэлхийтэй холбодог нэг том гүүр аль хэдийн болоод буйг энэ удаагийн чуулганы оролцогчдоос харж болно. Гэхдээ бид ер нь Rio Tinto-г хэр сайн мэдэх билээ?

МОНГОЛ x RIO TINTO

Монголчууд Rio Tinto-той танилцсан түүх

Rio Tinto болон Монголын нөхөрлөл анх 2006 онд эхэлсэн түүхтэй. Тухайн үед бидний сайн мэдэх Turquoise Hill Resources (тухайн үед Ivanhoe Mines гэдэг байсан) Rio Tinto-той хамтарч ажиллахаар гэрээ байгуулснаар энэхүү компанийн түүх Монголтой холбогдож эхэлсэн. Мэдээж TRQ болон Rio Tinto-ийн хамтралын гол зорилго бол дэлхийн хэмжээнд өрсөлдөх зэсийн уурхай Оюу толгойг хөгжүүлэх байлаа.

Rio Tinto 2006 оноос хойш 17 жилийн хугацаанд олон бэрхшээл давааг туулсан ч дээрх зорилгыг бодит болгох “Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх” гол ажлаа энэ онд амжилттай хийснээр бидний хамтрал цаашид олон жил үргэлжлэх нь бараг л тодорхой болсон гэлтэй. Тэгвэл өдийг хүртэлх нөхөрлөлийн дүнд Rio Tinto Монголд юу авчирсан бэ гэж үү? Олон зүйл бий. Гэхдээ чухал 3-ыг нь онцолбол:

  • Хөрөнгө оруулалт & тогтвортой орлого: 2010 оноос хойш Оюу толгой төслийн хүрээнд нийт $15 тэрбум манай эдийн засагт шингэжээ. Үүний 75%-ийг үндэсний компаниудаас худалдан авалт хийхэд, 19%-ийг улсын төсөвт, 6%-ийг цалин байдлаар эдийн засагт оруулсан аж. Мөн сүүлийн 20 жилийн турш гадаадын шууд хөрөнгө оруулалтын 57%-ийг Оюу толгой бүрдүүлсэн. Зарим жилүүүдэд бүр 90 гаруй хувийг бүрдүүлж байв. Ийнхүү энэхүү хөрөнгө оруулалтаар бүтсэн Оюу толгой уурхай жилдээ $1-$2 тэрбумын орлогыг бий болгосоор 10 жилийн нүүрийг үзжээ.
  • Менежментийн нөү-хау: Оюу толгойн бүтээн байгуулалтыг эрдэс баялгийн экспортоор хязгаарлах нь өрөөсгөл биз ээ. Rio Tinto 2010 оноос Оюу толгойн менежментийг хариуцаж буй. Оргил үедээ жилд 500 мянган тн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай гүний уурхайн бүтээн байгуулалт Блю Скай тауэрийг 12 давхарласантай тэнцэх гүнд өрнөж буй. Ийнхүү 1,300 метрийн гүнд аюулгүй, дээр нь үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд менежментийн нарийн ухаан шаардах нь гарцаагүй. Наад зах нь л бид Оюу толгойн ажилчид Өмнөговьд онгоцноос буухдаа ямар эмх цэгцтэйг шагшин магтдаг даа. Энэ ч мөн адил менежменттэй холбоотой. Дэлхийн хэмжээний төслийн үйл ажиллагааг хажуугаас нь харах, суралцах, үлгэр дуурайл авах боломжийг Оюу толгой олгож байгаа.
  • Хүний нөөцийн чадавхжил: Мэдлэгтэй, чадвартай, туршлагатай хүний нөөц бидэнд байгалийн нөөцөөс чухал биш гэж үү? Хөгжиж буй орнуудын толгойны өвчин бол хүний нөөцөө гадагшаа алдах явдал болжээ. Энэхүү асуудлыг шийдэх нэг арга бол том хэмжээний мега төслийг улсдаа хэрэгжүүлж, өрсөлдөхүйц цалинг олгох болов уу. Ингэснээр зөвхөн өндөр цалин аваад зогсохгүй өөрийн улсын хөгжилд оюун ухаан, хүч чадлаа зарцуулна шүү дээ. Яг л үүнийг бодит жишээ болгон дэлхий хэмжээний уурхайд 20,000 гаруй Монгол хүн ажиллаж буй нь бахархууштай. Түүнчлэн Rio Tinto-н хилийн чанад дахь салбаруудад 200 орчим Монгол хүн ажилладаг байна. Тэд группийн захирлаас эхлээд зөвлөх, ахлах инженер, инженер гээд өндөр албан тушаалуудад ажиллаж буй. Энэ нь нөгөө талдаа дэлхийн хэмжээнд ажиллах боловсон хүчин бий болж буйн илрэл юм.

Энэ хүртэл бидний хувьд Оюу толгой төсөл ямар нөлөөтэй болохыг бодож үзлээ. Тэгвэл нөгөө талдаа Rio Tinto компанийн хувьд Оюу толгой ямар ач холбогдолтой юм бол?

Оюу толгой Rio Tinto-ийн нүдээр

Бидний хувьд түүхэн дэх хамгийн том төслөө эхлүүлснээс хойш 20-иод жил болох гэж буй бол Rio Tinto компанийн хувьд үйл ажиллагаагаа анх 1873 оноос эхлүүлснээс хойш 150 жилийг ардаа үджээ. Ийнхүү тэд өнөөдрийн байдлаар 35 улсад 60-аад төслийг удирдан ажиллаж буйн нэг нь Оюу толгой билээ.

Rio Tinto-ийн төслүүд дунд 40,50 жилийн настай уурхайнууд бий. Тиймээс тэд дараагийн 150 жилийн түүхийг бүтээхийн тулд ирээдүйн өсөлттэй төслүүд дээрээ анхаарлаа хандуулж буй. Үүний хүрээнд компанийн хувьд дараа дараагийн өсөлттэй төслүүдийг зогсолтгүй хайсаар, хөрөнгө оруулсаар л. Тухайлбал компани дараах төслүүдийг ирээдүйн өсөлттэй төслүүд хэмээн тодорхойлоод буй юм.

  • Австрали дахь Rhodes Ridge төмрийн хүдрийн төсөл
  • Австрали дахь Gudai-Darri төмрийн хүдрийн төсөл
  • Монгол дахь Оюу толгой зэсийн төсөл
  • Австрали дахь Winu зэсийн төсөл
  • Аргентин дахь Rincon литийн төсөл

Түүнчлэн, одоогоор хэлэлцээрийн түвшинд явж буй ч цаашдаа асар их потенциалтай төслүүдийг орхигдуулалгүй хөрөнгө оруулах боломжийг тууштай судалсаар байгаа ажээ. Эдгээрт,

  • Серби дэх Jadar литийн төсөл
  • Гвиней дэх Simandou төмрийн хүдрийн төсөл
  • Америк дахь Resolution зэсийн төсөл

Сонирхуулахад, Гвиней Улсын Simandou төслийн тал зардал нь л гэхэд $15-$20 тэрбумын санхүүжилт шаардах асар том хэмжээтэй юм.

Rio Tinto-ийн ирээдүйн өсөлттэй дээрх төслүүд дунд Оюу толгой “The largest growth project” буюу хамгийн потенциалтай хэмээх байр суурийг эзэлдэг байна. Тэр дундаа компанийн зэсийн группийн хувьд Оюу толгойгоос хүлээлт өндөртэй буй. Учир нь Оюу толгой ордын хамгийн агуулга сайтай хүдрийг олборлох гүний уурхай $7 тэрбумын хөрөнгө оруулалтаар бүтэж буй билээ.

Хэдийгээр Оюу толгой Rio Tinto-ийн ирээдүйн итгэл найдвар болж буй төслүүдийн төлөөлөл ч гэсэн яг одоогийн байдлаар компанийн орлогын багахан хэмжээг эзэлж буй ажээ. Тодруулбал, өнгөрсөн онд Rio Tinto $55.5 тэрбумын орлого олсон бол Оюу толгой $1.4 тэрбумын орлоготой ажилласан нь энэхүү орлогын 2%-тай тэнцэх юм. Мэдээж дараа дараагийн жилүүдэд компанийн орлогыг бүрдүүлэх голлох төслүүдийн багц хэрхэн тодорхойлогдох нь олон хүчин зүйлээс хамаарах болов уу.

Ирээдүйн Оюу толгой

Монгол Улсын хувьд ч Rio Tinto-ийн хувьд ч итгэл найдвар болоод буй зэсийн салбар, Оюу толгойн ирээдүйн потенциал хэр бол? Оюу толгойн өнгөрсөн түүх ил уурхай байсан бол ирээдүй бол гүний уурхай. Ийнхүү гүний уурхай ашиглалтад орсноор жилд олборлох зэсийн хэмжээ дараах байдлаар нэмэгдэх юм.

  • Ил уурхайн олборлолт /2013-2022/: 130 мянган тн
  • Гүний уурхайн олборлолт /2023-2028/: 380 мянган тн
  • Гүний уурхайн олборлолт /2028-2036/: 500 мянган тн

2028-2036 он бол уурхайн оргил үе ба жилд 500 мянган тн зэс үйлдвэрлээд эхэлбэл дэлхийн топ уурхайнуудын нэг болох билээ. 500 мянган тн зэс гэдэг нь 6 сая ширхэг цахилгаан машин үйлдвэрлэхэд хангалттай хэмжээ ажээ.

Ийнхүү манай улсын түүхэн дэх хамгийн том төслийн гэрэлтэх үе яг одооноос эхэлж байна гэсэн үг юм. Өнгөрсөн 10 жилд ил уурхайн олборлолт явагдсан бол нийт нөөцийн 80% гаруйг бүрдүүлж буй гүний уурхайн үйл ажиллагаа бидний болон Оюу толгойн ирээдүй билээ.

RIO TINTO-Г ГҮНЭЭС НЬ…

Оюу толгой бидний хувьд болон Rio Tinto-ийн хувьд ямар ач холбогдолтой болохыг аль аль талаас нь бодож үзлээ. Тэгвэл үргэлжлүүлэн манай улстай 17 жил нөхөрлөсөн Rio Tinto хэмээх компанитай илүү гүн гүнзгий танилцацгаая.

Бүтээгдэхүүний групп

Rio Tinto-ийн түүх 150 жилийн өмнө Испани улсад зэс олборлож эхэлснээс эхлэлтэй ба тухай үедээ л дэлхий зэсийн 10%-ийг нийлүүлдэг байжээ. Ийнхүү Испаниас, Өмнөд Африк, Канад, Австрали хүртэл үйл ажиллагаагаа тэлсээр өнөөдрийн Rio Tinto-г бүтээсэн байна. Одоогоор компанийн гол орлогыг төмрийн хүдэр, хөнгөн цагаан, зэс, борат, титан, давс, алт зэрэг эрдэс бүтээгдэхүүнүүд бүрдүүлж буй. Эдгээрээс төмрийн хүдэр болон хөнгөн цагааны групп компанийн нийт орлогын 80%-ийг бүрдүүлдэг чухал бүтээгдэхүүнүүд ажээ. Тэд дээрх эрдсүүдийг дараах байдлаар групп болгон ангилж буй:

  • Төмрийн хүдрийн групп: Төмрийн хүдэр бол компанийн гол орлогыг бүрдүүлэгч металл. Rio Tinto Австралийн баруун хэсэгт байрлах Pilbara орчимд төмрийн хүдрийн 17 уурхайгаас бүрдэх асар том дэд бүтэцтэй ба энэ хэсэгт бидний өмнө танилцуулж байсан бүрэн автомат төмөр замын систем хүртэл бий.
  • Хөнгөн цагааны групп: Rio Tinto нь хөнгөн жинтэй, дахин боловсруулах боломжтой хөнгөн цагаан үйлдвэрлэдгээрээ дэлхийд алдартай. Хөнгөн цагааны группийн хүрээнд 4 уурхай, 4 боловсруулах, 14 хайлуулах үйлдвэртэйгээс гадна Канад улсын дийлэнх цахилгааны хэрэглээг хангаж буй 7 усан цахилгаан станцыг хүртэл ажиллуулдаг байна.
  • Зэсийн групп: Америк, Австрали, Чили, Монголд үйл ажиллагаа явуулж буй зэсийн 3 уурхай, 3 төслийг хариуцдаг энэхүү группийг Баатарын Болд гэх монгол хүн удирдаж буй. Дэлхийн хэмжээний том компанийн голлох бүтээгдэхүүний стратегийг Монгол хүн боловсруулж байна. Бахархалтай биш гэж үү?
  • Эрдэсийн групп: Энэхүү группт борат, давс, титан, алмаз зэрэг эрдэс бодисуудыг багтааж, 6 уурхай, хог хаягдлаас дахин боловсруулсан 3 төрлийн бүтээгдэхүүн, 7 боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг аж.

Гэхдээ Rio Tinto-г зөвхөн уул уурхайн компани гэдэг нүдээр харах нь өрөөсгөл болжээ. Учир нь тэд эрдэс бүтээгдэхүүн олборлох, хайлуулах, боловсруулах үйл ажиллагаанаас гадна борлуулалтын төв, өгөгдлийн удирдлагын төв, судалгаа хөгжлийн лаборатори, хиймэл оюун ухааны төвийг ажиллуулдаг байна.

Борлуулалтын төвийн хувьд маркетинг, борлуулалт, худалдан авалт, боомт, тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг ба Хятадад эргийн дагуу 9 худалдааны барилга байгууламжтайн дээр 230 усан онгоцоор усан тээврийн үйл ажиллагааг эрхэлдэг аж.

Түүнчлэн Монгол дахь бизнесийн үйлчилгээний төв нь санхүү, программ хангамж, төслийн удирдлагын чиглэлээр үндэстэн дамнасан төслүүдэд 17 төрлийн бизнесийн үйлчилгээг үзүүлж буй. Энэхүү төвд 200 орчим монгол залуус ажилладаг байна. Цаашид энэхүү төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, илүү олон монгол залуучуудыг ажлын байраар хангах стратегитай байгаа аж.

Бизнесийн стратеги

Rio Tinto нь бидний өдөр тутмын амьдралд ашиглагдах түүхий эд, материал үйлдвэрлэгчийн зүгээс өөрсдийн бүтээгдэхүүнүүдээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, хувь нэмрээ оруулах нь бизнесийн зорилгын нэн чухал хэсэг болжээ. Тиймдээ ч компани нүүрсний бизнесээс бүрэн гарчээ. Харин зэс, хөнгөн цагаан, лити зэрэг нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад шаардагдах бүтээгдэхүүдэд өндөр ач холбогдол өгч байна. Түүнчлэн дараах байдлаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулахаар төлөвлөжээ.

  • Өөрсдийн ялгаруулж буй хүлэмжийн хийг бууруулах: Тэд 2030 он гэхэд өөрсдийн ялгарал (Scope 1), эрчим хүчний худалдан авалттай холбоотой ялгарал (Scope 2)-ыг 50% бууруулах ба 2050 он гэхэд Net Zero буюу хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлэхийн төлөө ажиллах аж.
  • Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх технологийг бүтээх: Мөн тэд дэлхий Net Zero болоход шаардлагатай технологи хараахан бий болоогүй хэмээн үзэж буй тул энэхүү чиглэлээр судалгаа явуулахад жил болгон $400 саяын зарцуулж буй гэнэ. Жишээлбэл, хөнгөн цагаан нь эрчим хүчний хэмнэлттэй байшин болон машинд ашиглагдах ч, хөнгөн цагааныг боловсруулахад асар их эрчим хүч шаардагддаг байна. Тиймээс үүнийг шийдэхээр Rio Tinto Apple болон Канадын ЗГ-тай хамтарч ажиллаж буй аж.

Ногоон ирээдүйг дэмжсэн хөрөнгө оруулалт: Rio Tinto-ийн энэхүү бодлого Монголд ч хэрэгжиж байна. Тухайлбал, Рио Тинто Монгол компани нийслэлийн зүрхэн хэсэгт 10.2 га газарт ногоон байгууламж бүтээх “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж буй. Мөн 1.1 тэрбум модыг ойн хөнөөлт шавьжаас хамгаалах “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж, ₮7.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ.

Rio Tinto уул уурхайн салбартаа зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд №2 тоглогч ажээ. Тэдний хамгийн том өрсөлдөгч бол салбарын манлайлагч BHP Group юм. Сонирхуулахад, BHP Group Оюу толгой орчимд хайгуул хийх зөвшөөрлийг авч байснаар Оюу толгойн төсөл анх эхэлсэн түүхтэй билээ.

Уул уурхайн салбар бол өөрөө их онцлогтой салбар. Нэгдүгээрт, байгалийн баялгийг олборлох учир тухайн улсын төр засгийн бодлого, зохицуулалтаас өндөр хамааралтай, хоёрдугаарт маш их хэмжээний хөрөнгө шаарддаг, гуравдугаарт байгаль орчин нийгмийн нөлөө ихтэй. Ингээд бодохоор уул уурхайн компаниуд тэр дундаа дэлхийн топ компаниуд олон улс дамжин уул уурхайн төсөл хэрэгжүүлэх түвшинд хүрч чадсан нь хэр их нөлөөтэй болсныг нь илэрхийлэх мэт. Хэр баргийн компани олон төрлийн улсуудтай хэлэлцээр хийх, цаашлаад төслийг бодит болгох хөрөнгийг босгох ажлыг хийж чадахгүй болов уу.

Тиймээс ч уул уурхайн салбарын гол тоглогчдын нэг болсон Rio Tinto дэлхийн топ зэсийн уурхайн төслийг Монголд амжилттай хэрэгжүүлэх нь салбарын бусад тоглогчдын хувьд нэгийг бодогдуулсан үйл явдал байх боломжтой.

LEMON PRESS-ИЙН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНЫ СУРВАЛЖИЛГА

  Ийнхүү маргааш болон нөгөөдөр зохион байгуулагдах Монголын эдийн засгийн чуулган (МЭЗЧ) түүхэн уулзалтуудын нэг мөнөөс мөн биз ээ. Хэрэв та МЭЗЧ-ны талаар хараахан мэдээлэл авч амжаагүй байгаа бол чуулганы албан ёсны вэбсайтаар нэг зочлоод үзээрэй. Энэ удаагийн чуулганд Монголын ЗГ-ын 300 гаруй төлөөлөл, олон улсын 500 гаруй зочид, дотоодын 700 гаруй бизнес болон ТББ, эрдэмтэд гээд нийт 1,500 гаруй зочид, төлөөлөгчид оролцох ажээ.

Харин Lemon Press-ийн зүгээс МЭЗЧ-тай холбоотой хийсэн болон та бүхэнд хүргэхээр төлөвлөж буй мэдээ, мэдээллүүдээс дурдвал:

  • How I Invest: JPMorgan, Goldman Sachs гээд хөрөнгө оруулалтын салбарын акулууд ирж буйг тохиолдуулан, хэрхэн хөрөнгө оруулалт хийдэг, энэ удаагийн чуулганыг хэрхэн харж буйг тодруулсан “How I Invest” контент.
  • How I Lead: Рио Тинто Монгол компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргалтай багаа хэрхэн удирддаг нөү-хау-г тодруулсан “How I Lead” контент.

CEO Interview: Премиум группийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг, MCS Invesment компанийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав нараас МЭЗЧ-ны хүрээнд ярилцлага.

ЭЦЭСТ НЬ…

Rio Tinto энэ удаагийн МЭЗЧ-д чухал ач холбогдол өгч, хүрэлцэн ирсэн нь манай улсын хувьд маш том үйл явдал болж байна. Бидний хувьд улсаа дараагийн түвшинд аваачих, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт, бүр цаашлаад валютын орлого хамгийн чухал. Rio Tinto болон Монголын ЗГ-ын хамтрал ийнхүү амжилттай өрнөж буй нь цааш цаашдын хамтралыг урин дуудах сайны дохио мөнөөс мөн билээ. Харин бидний зүгээс хийх ажил бол улсынхаа урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж, түүний төлөө тууштай, мятрахгүй тэмцэх биш гэж үү?

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.