
Оны бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулах “Lemon Press Awards” 5 дах жилдээ зохиогдож байна. Энэ жилийн хувьд манай редакцын зүгээс тодорхой шаардлага тавин 3 төрөлд 5, 5 нэр дэвшигчийг тодрууллаа. Эцсийн шийдвэрийг уншигч та бүхний шийдвэрээр гаргах бөгөөд ЭНД дарж саналаа өгөх боломжтой. Санал хураалт 12 сарын 24 буюу Лхагва гаргийн 13:00 цаг хүртэл үргэлжилнэ гэдгийг битгий мартаарай.
“Онцлох компани” номинацид нэр дэвшигчдийг хэрхэн сонгов?
Бид уг номинацид нэр дэвшигчдийг МХБ-ийн I болон II ангиллын компаниудаас шигшиж, 2025 онд хувьцаа эзэмшигчдийн тоо нь хамгийн их өссөн, хувьцааны үнийн өсөлт, хагас жил, III улирлын цэвэр ашгийн өсөлт, шинэлэг байдал, салбарт үзүүлсэн нөлөө гэсэн үндсэн шалгуурт тулгуурлан тодрууллаа. Ингээд нэр дэвшигч нартайгаа танилцъя.
ЛэндМН ББСБ ХК: Онцгой нэмэгдэл
ЛэндМН ББСБ ХК (LEND)-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо энэ оны 11-р сард өнгөрсөн оны сүүлээс 2,684-өөр нэмэгдэж, нийт нээлттэй компаниуд дундаас өсөлтөөрөө эхний 3-т оров. Түүнчлэн тэдний хувьцааны үнэ энэ он гарснаас хойш 14% өссөн байна. Онцлох амжилт нь $LEND энэ онд анх удаа ТОП-20 индексэд багтсан билээ.
ХААН Банк ХК: Өсөлт үргэлжилсээр
Банкны салбартаа тэргүүлэгч ХААН Банк ХК (KHAN) энэ онд санхүүгийн болон зах зээлийн үзүүлэлтээ өсгөснөөс гадна салбарт нөлөө үзүүлэх олон санаачилгыг хэрэгжүүлж, банкны эх үүсвэрээ солонгоруулах олон санхүүжилтийг амжилттай татав. Тэдний хувьд нийгмийн хариуцлагаар манлайлагч байгууллагаар 4 дэх удаагаа шалгарсан. Учир нь “Багийн бага сургууль” төслийг ₮5 тэрбумаар санхүүжүүлж байгаагаас гадна Монголын анхны Жендер бондыг гаргаж ₮30 тэрбумын санхүүжилтийг босгосон билээ. Үүнээс гадна $KHAN тогтвортой хөгжлийн зорилтдоо уялдуулан салбар нэгжүүдээ сэргээгдэх эрчим хүчээр хангах гэх мэт ногоон чиглэлд олон санаачилга хэрэгжүүлж буй.
Инновэйшн Инвестмент ХК: Ширүүн өсөлт
Инновэйшн Инвестмент ХК (QPAY) 2023 оны сүүлээр IPO хийсэн. Тэдний хувьд оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр 2024 оны сүүлээр буюу IPO хийснийхээ 1 жилийн дараагаас МХБ-ийн II ангилалд бүртгэгдэж, энэ оны 3-р сард ТОП-20-н сагсанд орсон билээ. Хамгийн гол нь компани IPO хийгээд нээлттэй компани болсноосоо хойш жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашигт анхаарч, хагас жил тутамд IR Calendar-аа зарлаж явсан юм. Үүнд хэзээ ногдол ашиг тараах, хэзээ хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх, хэзээ чухал арга хэмжээ болох гэх мэт жижиг хөрөнгө оруулагчдад хэрэгтэй бүх мэдээллийг багтаасан аж.
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК: Онцлох амжилт
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN)-ийн МХБ-д бүртгэлтэй хувьцааны үнэ энэ он гарснаас хойш хамгийн ихээр буюу 106% өсөөд байна. Учир нь энэ онд $ERDN-н энгийн хувьцааг тус компанийн Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлснээс гадна компани өнгөрсөн 9-р сард Баянхөндий төслийн анхны алтыг үйлдвэрлэсэн билээ. Улмаар энэ оны эцэст олборлолтыг тогтворжуулахаар төлөвлөж буй.
Премиум Нэксус ХК: Халааслалтыг дагасан өсөлт
Премиум Нэксус ХК (CUMN)-ийн ашиг энэ онд арвинаар үржсэн билээ. $CUMN-г IPO хийх үед хэзээ ашигтай ажиллах нь хүн бүхэнд сонирхолтой сэдэв байсан. IPO-с өмнөх жилүүдэд компанийн борлуулалт тогтмол өсөж байсан ч тогтмол алдагдал хүлээдэг байлаа. Энэ хүлээлтийн эцэст компани 2024 оны эхний хагаст анх удаа ₮10.7 тэрбумын ашигтай ажилласан. Харин энэ оны эхний хагаст цэвэр ашиг нь 47.6% өсөж ₮15.7 тэрбумд хүрсэн байна. Үүнд борлуулалтын орлогын 37.3%-ийн өсөлт нөлөөлсөн. Үйл ажиллагааны хувьд ч салбарын тоо нь тэлж өнгөрсөн 8-р сарын байдлаар 15 аймагт 500 гаруй салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж буй.
Сэндли ББСБ ХК: Хувьцаа эзэмшигчдийн онилох цэг
Сэндли ББСБ (SEND)-ын жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо энэ онд 2,910-аар өсөж, өсөлтөөрөө ТОП-2-т жагсаж байна. Харин тус хугацаанд компанийн хувьцааны үнэ 11% өсжээ. Мөн тэд 2024 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд ₮7.61-ийн ногдол ашиг тарааж, хувьцаа эзэмшигчдэдээ 5.2%-ийн өгөөж өгчээ. Түүнчлэн цэвэр ашгийн хувьд, энэ оны III улиралд жилийн өмнөхөөсөө 19% нэмэгдэж ₮7.2 тэрбум болсон аж. Нэмж дурдахад компани cүүлийн 2 жилийн турш ногдол ашгийн төлөлтийн өдрөө тодорхой зарлаж, сайн жишиг тогтоож буй компаниудын нэг.
Юутай ч бидний зүгээс 2025 оны “Онцлох компаниудаа” ололт, амжилттай нь танилцуулж дууслаа. Харин одоо таны хувьд энэ оны “Онцлох компани” аль компани нь байв? Саналаа идэвхтэй өгөөрэй. 🍋
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.