Lead W/ булангийн шинэ дугаарт Омни Капитал ББСБ-ын ТУЗ-ийн дарга Э.Пүрэвсүрэн оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа. Хүлээн авна уу.
Одоо компаниудынхаа ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа болохоор шууд хүн удирдахгүй байгаа. Гэхдээ би ажилтнууддаа зөөлөн нөлөөлж, “passion” буюу сонирхлоор нь удирдан чиглүүлдэг төрлийн удирдлага. Ямар үүрэг гүйцэтгээд ямар үр дүнд хүрэх гэж байгаа буюу хийж байгаа ажлынх нь эцсийн зорилго, утга учрыг нь ойлгуулах нь чухал санагддаг. Сэтгэл, итгэлийг нь хураачихсан байхад бие нь хаа холдох билээ, гэдэг шиг одоо хөдөлмөрийн зах зээлийн гол хүч болж байгаа Z үеийнхэнтэй бол “passion”-р нь дамжуулж холбогдохыг хичээдэг. Z үеийнхний ажлын байран дээрх хандлагыг хаа сайгүй л ярьж байна. Ялангуяа удирдлага гээд л тээр хол байж болохгүй. Сонсдог дуугаар нь, үздэг спортоор нь гэхчлэн сонирхдог зүйлийг нь сонирхож, хамтран ажиллах үр дүнтэй санагддаг.
“Passion” гэдгийг залуус үзэсгэлэн төгөлдөр, царайлаг зүйл гэж харах гээд байдаг. Гэтэл бодит байдал дээр “passion”-н ард дийлэнхдээ царай муутай, хэцүү зүйлс нуугдаж байдаг буюу чадвараа хөгжүүлье гээд тасралтгүй суралцах, түүндээ цаг хугацаагаа зарцуулах, чадвартай, мундаг хариуцлагатай хүн гэж үнэлүүлэхийн тулд хэлсэн үгэндээ, хийнэ гэсэн ажлаа хийдэг байх гэхчлэн. Тиймээс бодит байдал буюу “reality check” сайн хийх хэрэгтэй.
Алсын хараа. Хүмүүсээ манлайлж, мөс хагалаад явах нь удирдлагуудад зайлшгүй байх ёстой чанар гэж хардаг. Ажлаа, зах зээлээ том зургаар хараад ирээдүйгээ өөрийнхөөрөө зөгнөж, биет бус зүйлийг биет бүтээгдэхүүн, үйлчилгээ болгож чадсан энтрепренерүүд зөндөө байгаа. Стив Жобс, Илон Маскаас жишээ татахад, тэд нүдэнд харагдаж, гарт баригдахгүй санаагаа бодит болгож хэдэн тэрбум долларын бизнесийг бүтээж чадсан шүү дээ. Тэгэхээр алсын хараа бол манлайлагчдыг таних №1 чанар.
Карьерынхаа эхэн үед би өөрийгөө нэлээн азгүй хүн гэж боддог байлаа. Гэхдээ азгүйдэл бүхэн минь шинэ боломж руу, өөр хаалга руу, амьдралын минь хамгийн том эргэлтийн цэгүүд рүү аяндаа хөтөлж байсан юм билээ. Жишээ нь, анх Хадгаламж банканд маркетингийн менежерээр ажиллаж байх үедээ Америк руу сургуульд сурахаар элчинд визээ мэдүүлчхээд цаг хүрэхгүй хугацаанд буцаад иртэл цомхотголд орчихсон байсан. Дараа нь Америкт сургууль төгсөөд эх орондоо ирэхэд Монголын эдийн засаг ид цэцэглэж байснаа яг намайг онгоцноос буусан өдөр уруудаж эхэлсэн. Дараагийн ажлынхаа цомхотголд бас л багтаад түүний дараагаар өөрийн уул уурхайн ханган нийлүүлэлтийн бизнесээ эхэлж байсан түүхтэй. Одоо харахад би бүтэлгүйтэл бүрээсээ хожоод л яваад байсан байгаа юм.
Харин сүүлд буюу 2020 онд бизнесүүдээ удирдаад, ажил амьдралын тэнцвэргүй ажиллаж байх үед, түүнээсээ гарах арга хайж яваад мотоциклын осолд орж бараг үхээд сэрсэн. Хөл дээрээ босох гэж 1 жилийн хугацааг зарцуулсан байдаг. Түүнээс хойш дэлхийг харах өнцөг, бизнесийг харах өнцөг, өөрийн зорилго гээд л бүх юмыг шинээр харах болж, бүх зүйлийг “reset” хийж шинэ хүн болоод босоод ирсэн дээ.
Тийм учраас уналтуудаас би ерөөсөө айдаггүй. Унах нь яагаад муу зүйл гэж? Харин ч сонирхолтой шүү дээ. Бид амьдралаа уналт босолтын график гээд харвал, унаж байх үедээ уна. Сонин бас утгагүй сонсогдож магадгүй. Гэхдээ нэгэнт чиний инерц доошоо байгаа тохиолдолд тэмцэлдээд байвал буцаж босох тамиргүй болно. Бас хэцүү. Харин унаснаа хүлээн зөвшөөрч, хангалттай гэж үзсэн үедээ эргээд бос.
1️⃣ 2016 онд гүний уурхай эхэлж, бид ханган нийлүүлэлтийн гэрээгээ авчхаад санхүүжилт татахаар хөрөнгө оруулагч хайж байсан үе. Тухайн үед бидний жижиг бизнесээс том бизнес рүү орох мөчлөг тохиож байсан гэх үү дээ. Тэгж яваад танилынхаа танил бизнесмен ах дээр очоод гал тогоонд нь төслөө танилцуулж байв. Санхүүжилт авч чадаагүй л дээ. Гэхдээ тэр “pitch” санаасаа ер гардаггүй юм. Хүн болгоны амьдралын кэйс, хэрэгцээ ондоо гэдгийн мэддэг учраас манай Омни Капитал “Зорилго бүхэн үнэ цэнтэй” гэх кампанит ажил хэрэгжүүлж байгаа. Товчоор бол хэрэглэгчийнхээ хүрэх гэж байгаа зорилгыг шүүлгүй, дэмжиж ажиллана гэх утгатай.
2️⃣ Ковид-19-ийг олон хүн үзэн ядсан. Харин миний хувьд хэвтэрт байсан үе маань. Хэвтэрт байсан болохоор 1-рт бие муу байсан, 2-рт цаг наргүй ажиллаад олон жил явчихсан үе таарч байв. Миний хувьд цар тахлын үеэр сүүлийн хэдэн жил алдчихсан байсан ажил, амьдралын тэнцвэрээ олсон. Гэртээ, гэр бүлдээ цаг гаргаж өнгөрүүлсэн тэр 1 жил бие болон сэтгэлзүйн хувьд намайг анагаасан.
3️⃣ Би Америкт сурч байх үедээ хуучин автомашин зардаг байлаа. Автомашины диллер байгаагүй ээ, миний автомашин зардаг байсан аргачлал маш энгийн байсан. Манай “Unegui” шиг “Craigslist” гээд вэбсайт дээрх зар, зураг нь тааруухан ч сайн автомашинуудыг худалдаж аваад, гоё угаагаад зарын сайжруулаад л зардаг байсан. Тухайн үед өөрийн энтрепренер сүнсээ олж авсан юм шиг санагддаг. Бид бизнесийг ноу-хау, технологи гэхчлэн юмыг хэт хүндрүүлж боддог. Гэтэл миний хийсэн зүйл ердөө л тухайн автомашиныг цэвэрхэн, гоё зурагтай болгоод л үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгосон явдал байсан.
Анхны бизнесээ эхлэх зориг гэж хариулъя. ЦБОН ХХК-ийг эхлүүлэх гээд зориг шулуудах үедээ ажлаасаа цомхотгуулчихсан, өөрт байсан $700, ахаасаа $1,000 нийлээд $2,200-оор эхэлж байсан юм. Тэгэхээр $2,200 нэмэх нь бизнесээ эхлүүлэх зориг маань карьертаа хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт минь юм байна.
Тухайн үед тийм зориг гаргаагүй бол уул уурхайн салбараас санхүүгийн салбар руу орж Омни Капиталыг үүсгэн байгуулах эсэх нь тодорхойгүй. Удахгүй 3 дахь ХБҮЦ маань зах зээлд гарах гэж байна. Өмнөх туршлагаас харахад бид санхүүгийн бүтээгдэхүүнүүдээ төрөлжүүлж, хөрөнгийн зах зээлд шинэ боломжуудыг нээж ирсэн. Улмаар уламжлалт хадгаламжаас илүү үр өгөөжтэй, зах зээлийн боломжийг ашиглах шинэ гарцыг бий болгож байгаа.
Миний хувьд фокус маш чухал. Үүнд ажлаа зөв төлөвлөх, зөв ажилдаа фокуслах гээд олон төрлийн фокус хамаатай. Гэхдээ фокус гэдэгт олон бизнестэй байна уу, дээд, дунд, доод түвшинд ажиллаж байгаагаас үл хамаараад зөв зүйлээ фокуслах хэрэгтэй. Хүүхдээ хараад гэртээ байгаа ээжүүдэд надаас дутахгүй фокуслах ажлууд зөндөө л байгаа. Угтаа хүн олон ажилтай, завгүй байх нь чухал биш, харин зөв зүйлдээ фокуслаж, зөв газраа, зөв цагтаа байхыг чухалчлах хэрэгтэй. Харин үүний эсрэг үйлчлэл буюу эм нь одоодоо байх явдал.
Би өөрийгөө ажил, амьдралын тэнцвэрт байдлаа мундаг зохицуулдаг хүн гэж дүгнэхгүй. Өглөө 8-8:30-ийн хооронд сэрээд, 9:30-10 цагийн хооронд ажилдаа ирж 7-8 цаг хүртэл суудаг. Өглөөдөө анхаарал төвлөрөл өндөр байдаг учраас төвлөрөх шаардлагатай ажлуудаа өглөөгүүр амжуулаад уулзалт, хурлуудыг өдөр төлөвлөдөг. Төлөвлөлтийг бол хатуу байлгахын оронд ажлаасаа хамаараад уян хатан байдлаар төлөвлөвөл амар байдаг. Хурал, уулзалт ажлын дийлэнх цагийг эзэлдэг учраас цахимаар хийх заавал биечлэн оролцох шаардлагатай, ялангуяа том түвшний хурлууд дээр хурлын төлөвлөгөөг тодорхой байлгахыг хичээдэг. Тэгэхгүй бол хадуурах гээд байдаг.
Ажлын онцлогоос хамаараад шийдвэр гаргах, хүнтэй уулзах шаардлага их байдаг буюу эрч хүчээ дандаа гадагшаа гаргаж байдаг учраас буцаагаад фитнесээр хичээллэх, ганцаараа байж хөгжим сонсох байдлаар нөхдөг. Ямарваа зүйлийг хэтрүүлж ерөөсөө болохгүй. Хэрэв хэтрүүлсэн тохиолдолд дандаа эсрэг зүйлийг нь хийх ёстой гэж боддог. Хэт яриад байвал заримдаа ганцаараа байх, хэт олны дунд байгаад байвал ганцаараа байх, магадгүй хэт суугаад байвал гарч алхах гэх мэтээр ерөнхийдөө яг эсрэг үйлчлэлтэй зүйлийг нь хийхийг хичээдэг.
Удирдлагын хувьд ажил, амьдралын тэнцвэрт байдлыг дэмждэг. Гэхдээ өөр дээрээ бол сайн хэрэгжүүлж чаддаггүй юм. Бизнесийнхээ эхэн үед бол амьдралгүй юм шиг ажилладаг байлаа. Бизнес эрхэлж байгаа, хөл дээр нь босгох гэж яваа хэн ч урт цагаар ажиллах, залуу насныхаа гоё, гоё дурсамж бүтээх мөчөө золиослох нь түгээмэл л үзэгдэл. Гол нь 9-5 цагийн хооронд ажилладаг түүндээ аз жаргалтай байдаг буюу амьдралын өөр зүйлсээс таашаал авдаг хүнийг заавал урт хугацаагаар ажил, амбицтай бай гэж шахах нь утгагүй. Тэгэхээр залуус ажилтан байх уу, энтрепренер байх уу гэдгээ сонгох ёстой. Энтрепренер болохоор шийдсэн, тэр замаар алхаж байгаа яг үнэндээ чиний хэдэн цаг ажиллах, нойртой байна уу, нойргүй байна уу гэдэг нь чамаас өөр хэнд ч хамаагүй.
Нэмээд миний хардаг өнцөг нь амжилттай энтрепренер болохын тулд энтрепренерын зан чанар буюу “personality”-тай байх хэрэгтэй гэж хардаг. Үүнд хөдөлмөрч байх, эрсдэл гаргагч байх, аливааг том зургаар нь харахын сацуу бодит байдлаа зөв үнэлж дүгнэх гэхчлэн иймэрхүү зан чанарыг шингээчихсэн байгаа тохиолдолд хөрөнгө оруулалт, зах зээлийн асуудлууд дандаа түр зуурын асуудал л байдаг. Өөрөөр бол мөнхийн шинжтэй зах зээлийн сорилт гэж байдаггүй учраас зөв хандлага, зан чанар урт хугацааны тогтвортой карьерыг бүтээж, ямар ч асуудлыг даваад л гардаг.
Гэр бүл маань миний амжилтад хамгийн их нөлөөлсөн. Пүрэвсүрэнгийн ажлын онцлогийг ойлгодог, гэр бүлийн талаас бүх асуудлуудыг бат даадаг болохоор гэр бүлийн асуудалд би огт санаа зовж үзээгүй. Тийм учраас үүн дээр маш их талархдаг.
Та хэдэн хүнтэй баг удирддаг вэ? 150
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.