Lemon Press Interview-н ээлжит дугаараар АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатартай Монголд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болох нь яагаад чухал талаар ярилцлаа.
АШУҮИС өдгөө сургалтын чанараараа Монголд тэргүүлж хамгийн олон гадаад оюутантай сургууль гэгдэх болжээ. Тэгэхээр сургалтын цаашдын чиглэл болон боловсролын экспортын талаар яриагаа эхлүүлье.
АШУҮИС бүх сургалтын хөтөлбөрөө үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн. Үүний дараа олон улсад магадлан итгэмжлүүлэх зорилго тавьснаар хүний их эмч, нийгмийн эрүүл мэнд судлаач, сувилагч бэлтгэх гэсэн 3 хөтөлбөрөө дэлхийд амжилттай хүлээн зөвшөөрүүлж чадсаныг дуулгахад таатай байна. Цаашлаад бид нүүр ам судлал буюу шүдний их эмч, эм зүйч болон магистрын сургалтын цахим хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байгаа. Эдгээр 3 хөтөлбөр нэмж магадлан итгэмжлэгдвэл нийт 6 хөтөлбөр маань дэлхийн жишигт хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Одоогоор олон орны оюутан англи хэл дээр хүний их эмчийн хөтөлбөрт хамраграгдан суралцаж байна. Бид тус хөтөлбөртөө зориулж дэлхийн стандартад нийцсэн орчинг бүрдүүлж, тусгай корпус гаргасан. Манай багш, профессорууд англи хэл дээр хичээл орохоос гадна гаднын профессорууд ч урилгаар ирж ажилладаг. Үүний үр дүнд АШУҮИС-д Өмнөд Солонгос, Канад, Нидерланд, Япон, Орос, Хятад, Лаос зэрэг 9 орны 317 оюутан суралцаж байна.
Боловсролын экспорт маань цаашид улам өргөжнө. Тухайлбал, Энэтхэг Улсаас оюутан элсэх санал ирсэн байгаа.
Монгол Улсаа мэдлэг, чадвартай эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээр хангах нь манай сургуулийн үндсэн зорилго. 2-рт дэлхийн стандарт шаардлагад нийцсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх. Эдгээр зорилгын хүрээнд бид олон ажил хийж байна.
АШУҮИС-ийн багш нар эрдэм шинжилгээ, судалгааны нэлээдгүй бүтээл туурвидаг. Эрдэм, шинжилгээ судалгааны ажил нь хэр явж байгаа вэ? Мөн энэ тал дээр АШУҮИС профессоруудаа хэрхэн дэмжиж байна?
Мэдээж манай сургууль профессор, эрдэмтэн багш нарынхаа эрдэм шинжилгээ, судалгаанд онцгойлон анхаарал хандуулдаг. Манай сургууль Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Био анагаахын хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн гэсэн 4 хүрээлэнтэйн сацуу Эмнэлзүйн молекул оношилгооны төвтэй. Эдгээр хүрээлэн, лабораториуддаа эрдэм шинжилгээ, судалгааны 147 төсөл хэрэгжүүлж байна. Үүний 46 нь олон улсын байгууллагуудаас санхүүждэг. Түүнчлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсний үр дүнд олон улсад шинэ мэдлэг, бүтээл болсон эрдэм шинжилгээний өгүүллүүд хэвлүүлдэг. Сүүлийн жилүүдийн үзүүлэлтээс харахад олон улсад зөвшөөрөгдсөн шилдэг сэтгүүлүүдэд хэвлүүлсэн бүтээл болон эрдэмтдийн тоо, гаргасан бүтээлүүдээс эшлэгдсэн тоогоор АШУҮИС Монголдоо тэргүүлж эхэлсэн. Энэ бол манай хамт олны хувьд маш том амжилт.
Тодруулбал, дэлхийн нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд нийт 819 бүтээл хэвлүүлж, бүтээлээс эшлэл авсан тоо 16,950-д хүрсэн. Зөвхөн 2023 онд манай багш судлаачид 139 бүтээл хэвлүүлж, бүтээлээс эшлэл авсан тоо 3,567-гоор нэмэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад бүтээлийн тоо 28%, нийт бүтээлээс эшлэгдсэн тоо 38% өссөн үзүүлэлт юм. Өмнөх жилд 4 багш тутмын 1 нь импакт фактор бүхий сэтгүүлд бүтээл хэвлүүлж байсан бол 2023 онд 3 багш тутмын 1 нь бүтээлтэй болсон амжилтыг үзүүлээд байна.
Үндсэндээ манай хамт олон багшлахын сацуу эрдэм шинжилгээ судалгаа, эмнэлзүй гэсэн мэргэжлийн 3 ажлыг давхар хийдэг гэж хэлж болно. Олон цогц үйл ажиллагааны үр дүнд багш нар маань ийм амжилт гаргаж байгаа. Үүний тулд бид юун түрүүнд эрх зүйн орчныг сайжруулж, дэд бүтэц буюу лабораториудыг бий болгосон төдийгүй хүний нөөцийн асуудалд анхаарсан. Түүнчлэн нэр хүнд бүхий сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн судлаачдадаа урамшуулал олгож байгаа. 2023 онд бид ₮500 саяыг урамшуулал хэлбэрээр олгосон бол энэ жилийн төсөв маань ₮1 тэрбум руу дөхнө. Хийсэн ажлаа үнэлүүлдэг болсноор эрдэм шинжилгээ, судалгааны шинэ бүтээл гаргахад манай хамт олон дэвшил гаргаж байна. Нэмээд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байгаа хүмүүст захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог болсон. Тухайлбал, магистр хамгаалах судлаач ₮3 сая, доктор ₮5 саяын тэтгэлэгтэй. Гэхдээ энэ бол төлбөрийг нь дааж буй хэрэг бус, эрдэм шинжилгээ, судалгаа хийх нөхцөлөөр нь хангахын тулд эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг хэрэгцээт зүйлсийг худалдаж авахад зориулагддаг. Ингэснээр тухайн судлаачийн ажил хурдтай явагдах, эрдэм шинжилгээний хүрээлэн, лабораториуд маань бүрэн ажиллах нөхцөл бүрдэнэ. Үр дүнд нь Монгол Улс маань чадварлаг эрдэмтэдтэй болж байгаа гэсэн үг.
Харин хүний нөөцөө бэлдэх бодлогын хүрээнд багш, эрдэмтдээ гаднын оронд сургаж байна. Одоогоор бид цус ойртолт, удамшлын өвчнийг судалж байгаа учраас энэ чиглэлээр ажиллуулах хүмүүсээ сургаж байгаа. Өмнө нь гаднын орны профессор, докторант буюу Postdoctoral-н шалгаруулалт зарлаж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын саналаа тавьдаг байсан. Үүнд манай эрдэмтэд сонгогдож бусад судлаачидтай хамтран тухайн судалгааг нь хийж өгдөг байлаа. Өөрөөр хэлбэл, хүний юмыг л хийж өгч байна гэсэн үг шүү дээ. Харин одоо манай сургуулийн эрдэмтэд өөрсдөө гаднын их сургуулиудтай хамтарч судалгаагаа хийж, патентаа хамтарч эзэмших саналыг тавьж эхэлсэн. Энэ бол манай сургуульд хийгдэж буй нэг том шинэчлэл. Уг бодлого маань амжилттай хэрэгжиж эхнээсээ үр өгөөжөө өгч эхэлсэн. Жишээлбэл, эпилепси буюу татаж унадаг өвчний мэс заслыг бид 12 хүнд амжилттай хийсэн. Эдгээр өвчтөн маань эрүүл болж одоо байнгын хяналтад байдаг. Мөн нойрны төв болон гемофили төв буюу цус шүүрэх өвчний генийн эмчилгээ дээр япончуудтай хамтарч байгаа.
Ингэж бид оюуны бүтээлээ бүтээмжтэй болгох нь маш чухал. Эцсийн дүндээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил бол хүн төрөлхтний амьдралын чанарыг дээшлүүлэхэд л зориулагдах ёстой.
Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд бидний эрэлхийлж буй бас 1 гарц нь гадаадад олон жил ажиллаж амьдарч буй монгол судлаачидтай хамтарч ажиллах юм. Жишээлбэл, Б.Аръяа Доктор, П.Энхбаатар Доктор зэрэг хүмүүс бий. Эдгээр эрдэмтэд Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах саналыг маань баяртай хүлээж авсан. Эрдэм шинжилгээ, судалгаа бол хөгжлийн түлхүүр. Бид өөрсдөө юмаа бүтээж, шинэ технологийг нэвтрүүлснээр улс орон маань хөгжиж, бидний амьдралын чанар сайжирна.
Мөн эмийн ургамлаас шинэ бүтээгдэхүүн гаргаж авах зэрэг судалгаа, клиник туршилт, бүх эрхтэн тогтолцооны эмнэл зүйн судалгаануудыг хийх зэрэг боломжууд нь эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд, их сургуулийн өөрийн эмнэлэгтэй байснаар бүрдэж байна.
Эцэст нь санхүүжилтийн тухай дурдъя. Өмнөд Солонгос ДНБ-ийхээ 4%-6%-ийг эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулдаг бол АШУҮИС нийт төсвийнхөө 7.2%-ийг зарцуулдаг болсон. Цаашид эрдэм шинжилгээ судалгааны төсвөө улам нэмэхийг зорьж байгаа. Өмнө нь хэлсэнчлэн эрдэм шинжилгээ, судалгааны үр шим хүний амьдралын чанарыг сайжруулахад зориулагдах ёстой. Жишээ дурдвал, манай сургуулийнхан Ковид-19 цар тахлын үед шүлснээс корона вирусийг оношлох оношлуурыг гадаадын эрдэмтэдтэй хамтран бүтээж чадсан. Энэ бол Монгол Улсад маань мэдлэг оюуны өндөр чадвартай хүмүүс маш олон бий гэдгийг илэрхийлж байна. Одоогоор манай сургуулийн 59 эмч, багш, судлаачид магистр, доктор, докторын дараах хөтөлбөрт сурч байна.
Үргэлжлүүлээд их сургуулийн эмнэлгийн тогтолцооны сэдэв рүү орцгооё. АШУҮИС одоогоор 12 салбар сургууль, 8 эмнэлэг, 2 сувилалтай болсон байна. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоотой байх нь яагаад чухал вэ?
АШУҮИС маань жижиг том нийлсэн 8 эмнэлэгтэй болсон. Үүний 5 нь Улаанбаатар хотод, 3 нь хөдөө орон нутагт байдаг. Тухайлбал төвийн бүсэд Дархан-Уул, баруун бүсэд Говь-Алтай, өмнөд бүсэд Дорноговь аймгийн салбар сургуулиуд маань байршиж байна. Дархан-Уул аймагт 8 давхар шинэ эмнэлгийн шаваа тавьсан бол Говь-Алтай, Дорноговь аймгийн салбарууд эмнэлгээ өргөтгөх зураг төсөл гаргаж байгаа.
Их сургууль өөрийн эмнэлэгтэй байх нь сургалтын чанарт шууд нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр, эмч нарын мэдлэг, харилцаа хандлагыг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд ихээхэн тустай. Олон улсад хамгийн чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг их сургуулийн эмнэлэг нь үзүүлдэг. Манай хамт олон энэ тогтолцоог эх орондоо бүрдүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж буй. Бид Монголд оношилж эмчилж чадахгүй байгаа 26 өвчний тоог бага багаар бууруулах зорилго тавьсан. Энэ хүрээнд бодит ажил болгож АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт Гемофили-генийн эмчилгээний төвийг хэдхэн хоногийн өмнө байгууллаа. Дараа нь Нойрны төвийг байгуулахаар ажиллаж байна. Бүх өвчний суурь нойр алдахтай холбоотой тул япончуудтай хамтраад уг төвийг нээхээр төлөвлөсөн.
Уг бодлогын хүрээнд мөн бид нярайд төрөлхийн эмгэг байгаа эсэхийг оношлох нярайн скринингийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлж байгаа. Энэ ажилд бид сүүлийн 2 жилийн хугацаанд онцгой анхаарч ирсэн. АШУҮИС-ийн төв эмнэлгээс гадна Ховд, Дорнод, Өмнөговь, Орхон, Өвөрхангай аймгуудад буюу нийт 6 оношилгооны төвийг байгуулсан. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд дөнгөж төрсөн нярайд 24-72 цагийн дотор цусны шинжилгээ хийж ямар нэгэн төрөлхийн эмгэг байгаа эсэхийг оношлох тогтолцоо бүрдлээ. Энэ нь дөнгөж төрсний дараа эмнэлзүйн шинжүүд огт илрээгүй байхад шинжилж, эрт илрүүлснээрээ оюуны хомсдол, бие бялдрын хөгжлийн хоцрогдол, эрт үеийн эндэгдэл, улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоос сэргийлдэг тул эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн асар их ач холбогдолтой.
Манай хамт олон сүүлийн 1 жил 5 сарын хугацаанд 360 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэнг нярайд төрөлхийн эмгэгийг илрүүлэх шинжилгээний сургалтад хамруулан бэлтгэж уг шинжилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулахаар болсон. Мөн тус хугацаанд 16,522 хүүхдийг хамруулж, 5 хүүхдийг хяналтад аван эмчилж байна. Үүнээс гадна удамшлын өвчин, цус ойртолтын өвчний судалгаанд сургуулийн зүгээс санхүүжилт олгож 4 аймгийг сонгон судалгаа шинжилгээ хийж байгаа.
Түүнчлэн их сургууль эмнэлэгтээ оюутны буюу төгсөлтийн өмнөх сургалт, төгсөлтийн буюу магистр, докторын сургалт, төгсөлтийн дараах буюу резидент, төрөлжсөн мэргэжлийн гэсэн 3 түвшний сургалтыг явуулах нөхцөл бүрдсэн. Ингэснээр сургалтын чанар эрс сайжрах боломжтой.
Нэмж хэлэхэд, манай сургууль Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн хуучин барилгад түшиглэн сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний цогцолбор байгуулах төслийг санаачилсан. Засгийн Газраас уг төслийг баталбал Архангай аймагт сувилагч бэлтгэх, эрдэм шинжилгээний судалгаа хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэгтэй болно. Энэ төсөл маань амжилттай хэрэгжинэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Уг шинэ төслийн хүрээнд мөн Сувилахуйн тасралтгүй сургалтын төвийг байгуулж сувилагчдыг мэргэжил дээшлүүлэх, сувилахуйн сургалтыг чанартай явуулах боломжоор хангахыг зорьж байгаа.
Та яриандаа АШУҮИС Япон, Өмнөд Солонгос зэрэг гаднын орны их сургуулиудтай хамтарч ажилладаг талаар дурдлаа. Гадаад харилцааны чиглэлээр өөр ямар ажлууд хийж байна вэ?
Манай сургууль үеийн үед гадаад харилцаанд онцгой анхаарч ирсэн. Өнөөдрийн байдлаар бид 145 олон улсын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг адил төст байгууллагууд, их сургуулиудтай хамтран ажиллаж байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд манай 59 багш, судлаачид, 16 оюутан гадаадад сурч байгаа. Эдгээрээс 2 оюутан өнгөрсөн жил төгсөөд Японд дадлагаа хийж байна. Ийм жишээгээр манай гадаад харилцааны үр ашиг гарч буй юм.
Түрүүн хэлсэнчлэн бид 46 төслийг гаднын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ төсөл бүрийн үр дүнд шинэ бүтээл гарна. Бид анх удаа Postdoctoral буюу доктороо хамгаалсны дараах сургалтын хөтөлбөрийг Монголдоо нэвтрүүлж эхлээд эхний 2 доктор лабораторио ажиллуулж байна. Тус сургалт гаднын оронд аль хэдийн нэвтэрсэн байдаг.
Нөгөөтээгүүр, дэлхий нийтэд “эмч-судлаач” гэсэн ойлголт бий болчихсон. Эмчилгээ хийнэ гэдэг нь нотолгоо, судалгаан дээр суурилдаг. Тиймээс эмчийн мэргэжлээр суралцан төгсөж байгаа бол судлаачийн арга барилаа эзэмшсэн байх ёстой гэсэн үг. Тэгэхээр манай сургуульд эмчээр суралцан төгсөж байгаа оюутнууд судлаачийн арга барил эзэмшиж давхар магистр зэрэгтэй төгсөх шийдвэрийг бид өнгөрсөн сард гаргасан. Төгсөх курсийн сүүлийн 2 жилдээ суралцаж байгаа буюу 5, 6-р курсийн оюутнууд тус хөтөлбөрийн сургалтуудыг нэмэлтээр авч судалгааны арга зүй, бусад хичээлийг судлаад эмч-магистр цолтой төгсөх сонголтыг нь нээлттэй болгосон юм. Эргээд харахад АШУҮИС анхдагч болсон олон ажлыг хийсэн байна.
Та эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан туршлагатай нэгэн. Тэгвэл АШУҮИС-ийг ойрын ирээдүйд ямар их сургууль болгохоор зорьж байна вэ?
2020 онд АШУҮИС-ийн захирал болоод их бодсон л доо. Тэгээд ерөнхий зорилго, мөрөөдөл гээд бүх санаагаа тусгасан бүтэц зурсан. Тэрхүү бүтэц дээр их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар байгуулна гэхэд хүмүүс бараг шоолж л байлаа. Тухайн үед Хөгжлийн газар доороо эмнэлэггүй байсан бол одоо 8 эмнэлэгтэй болжээ. Энэ бол олон улсын жишигт нийцсэн их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох л зорилго байсан. Мөн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй болно гэж төлөвлөсөн маань биеллээ олсон байна.
Манай сургууль оюутны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. Анагаахын сургуульд сурч байгаа оюутан залууст академик боловсрол олгохын зэрэгцээ энэрэх сэтгэлтэй, хүнлэг хүн болгоход чиглэсэн 10 гаруй төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Жишээ дурдвал, бид төрийн өмчийн 6 их сургуулийг уриалан цус хандивлах аяныг жил бүр зохион байгуулдаг. Эхний аянаар хагас тонн буюу 500 литр цусыг анагаахын оюутнууд цуглуулж Ковид-19-ийн хэцүү цаг үед хандивлаж байлаа. Түүнчлэн эх оронч оюутан хөтөлбөрийн хүрээнд бид оюутнуудаа хил рүү дагуулан явж эх орны үнэ цэнийг мэдрүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг.
Эмч хүн өөрийн эрүүл мэндээ анхаардаг байх нь чухал. Тиймээс ч оюутнууддаа эрүүл шүдтэй байя, мөн бүгд онц дүнтэй суралцах ёстой гэдгийг л захиж хэлдэг. Улмаар бид сургууль дээрээ шүд угаах өрөөг тохижуулж өгсөн. Тус өрөөнд 14 оюутан нэгэн зэрэг шүдээ угаах боломжтой бөгөөд уг дадлыг хэвшүүлэхэд багагүй хичээл зүтгэл орж байна.
Нэмээд багш, ажилчдын тав тухтай, тайван ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан 2 цэцэрлэгийг 2022, 2023 онд тус тус байгуулсан. Мөн багш, оюутнуудаа биеийн тамир, спортоор хичээллүүлэхийг эрмэлздэг. Учир нь биеийн тамир, спортоор хичээллэх нь ялж, ялагдаж сурах, тэвчээртэй болох, нэг баг хамт олон байх, эрүүл чийрэг, ухаан саруул, эрч хүчтэй байх зэрэг бүх зүйлийн үндэс болдог.
Мэдлэг, чадвартай эмч, эмнэлгийн ажилтнуудаар Монгол Улсаа хангахаас гадна дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхийг зорьж буй гэдгийг би яриандаа дурдсан. Энэ хүрээнд дэлхийд эрэмбэлүүлэх ажлыг хариуцсан ажлын хэсэг байгуулагдсан. Дэлхийд их сургуулиа эрэмбэлүүлнэ гэдэг нь гол зорилго бус, харин бид ямар түвшинд явж байгаагаа мэдэж авах нь чухал. Дэлхийн стандарт шаардлагыг хангахын тулд бид маш их ажил хийж байгаа. Наад зах нь, гаднын экспертүүд ирж үзэхэд гаднах тохижилт сайн байх ёстой. Тиймээс асфальтан замтай автомашины зогсоол, тохилог спорт заал, номын сан, зоогийн газар, их сургуулийн брэнд дэлгүүртэй байх зэрэг олон шаардлагыг хангахын зэрэгцээ дэлхийн түвшний сургалтад манай сургууль хүрсэн гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, АШУҮИС-ийг дэлхийн шилдэг сургуулиудын нэг болгох нь миний 1 том амбиц, зорилго гэж хэлж болно.
Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхэнд ч ажлын амжилт хүсье.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.