Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл

Мэргэжилтнүүдийн хоолойг уншигчдадаа хүргэхээр зорьж буй Lemon Press Opinions-н ээлжит дугаар бэлэн боллоо. Энэ удаад бид “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн төслийн талаарх хуульч Ө.Болортуяагийн бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.
ЗГ-аас 2023 оны 1 сарын 9-нд УИХ-д “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн төслийг өргөн барьж, 3 хоногийн дараа чуулганаар хэлэлцүүлэхээр дэмжигдсэн. Одоогийн байдлаар хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд өнөө маргаашгүй нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй. Тэгвэл тус багц хуулийн төсөлд юу юу багтаж байна.
- НД-ын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл,
- НДС-гаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
- НДС-гаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл,
- НДС-гаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл.
*Одоогоор “Нийгмийн даатгалын тухай хууль”-иас гадна “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-иуд хүчин төгөлдөр үйлчилж байна.
Тэгвэл эдгээр хуулиудыг шинэчилснээр…
Хууль санаачлагчдын хувьд эдгээр хуулийг баталснаар НД-ын хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалын олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, НДС-гийн хөрөнгийг зохистой удирдаж, санг алдагдалгүй болгох зорилготой байгаа талаар дурдсан ч олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөөд байгаа.
Эдгээр багц хуулийн төсөлд тогтолцооны хувьд хэд хэдэн суурь өөрчлөлтүүд тусгагдаад байгаа. Дэлгэрүүлье,
Хуваарилалтаас ➡️ хуримтлалд
Тус төсөлд даатгалын тогтолцооны 4 зарчмыг тусгаснаас анхаарал татаж буй нь “тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих бодлогод тулгуурласан байх” зарчим юм. Энэ нь мэдээж олон жил яригдаж буй “нэрийн дансыг мөнгөжүүлэх”-д чиглэх юм.
- Юу вэ гэхээр? Ирээдүйн хүн амын насжилтаас хамаарч НД-ын зардал өсөх нь тодорхой, гэтэл сан хийсвэр бичилттэй буюу тэдгээр иргэдэд олгох тэтгэврийн мөнгө байхгүй. Тэгэхээр энэ асуудал болно. Тэгвэл яаж өөрчлөх юм?
Хуулийн төсөлд тус зорилгыг “тэтгэврийн нөөц сан”-гаар зохицуулахаар заасан ба тус нөөц сангийн орлогыг дараах эх үүсвэрээс бүрдүүлэхээр тусгажээ.
- 1-т: “Ирээдүйн өв сангийн тухй хууль”-д заасан 2030 оноос эхлэн улсын төсөвт төвлөрнө гэж “төсөөлж буй” баялгийн хуваарилалтаас;
- 2-т: Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний ажил олгогчийн 1%, даатгуулагчийн 1%, нийт 2% шимтгэлийн орлогыг байршуулах байдлаар.
Дээрх орлого нь даатгуулагч бүрээр хуваарилагдаж, нөөц санд байрших ба хуримтлагдсан хөрөнгөөр даатгуулагчийн саналд үндэслэн санхүүгийн хэрэгсэл эсвэл тусгайлсан хуулиар зохицуулсан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд хөрөнгө оруулж болохоор заажээ. Түүнчлэн,
- Хууль санаачлагчид юу гэж ярьж байна? Тус нэрийн дансыг мөнгөжүүлэхэд ₮24 их наяд орчим шаардлагатай гэж нэлээд том тоо дурдаад байгаа ч хууль батлагдаж, үе шаттай арга хэмжээ авснаар хагас хуримтлалын тогтолцоо, цаашлаад 2044 оноос бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих боломжтой. Цаашлаад “Баялгийн сангийн тухай хууль”, “Хуримтлалын сангийн тухай хууль”-иудтай болох суурь тавигдана хэмээн өөдрөг байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Сангийн хөрөнгө оруулалтын удирдлага
Тус хуулийн бас нэг онцлог нь НДС-гийн хөрөнгө хуримтлагдана гэсэн тооцоололтойгоор хуримтлагдсан хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах байдлаар удирдах зохицуулалтыг тусгасан явдал. Төсөлд тусгаснаар НДС-гийн чөлөөт үлдэгдлийг дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно.
- ЗГ-ын үнэт цаас
- Монголбанкны үнэт цаас
- Төрийн сангийн нэгдсэнд дансанд байршуулах мөнгөн хадгаламж
- Монголбанкнаас тогтоосон системийн ач холбогдол бүхий арилжааны банкинд байршуулах мөнгөн хадгаламж.
Энэ нь манай улсад одоогоор эрх зүйн орчин бүрдээгүй байгаа ЗГ-ын тусгай сангийн орлогоор ХЗЗ-д хөрөнгө оруулалт хийх асуудлыг хуульчилж байгаа нь сайн хэрэг. Гэсэн ч нөгөө талаас хяналт, удирдлагын тогтолцоо санаа зовох асуудал уу? гэвэл яалт ч үгүй мөн. Бодит жишээ л гэхэд, Капитал банканд байршиж байсан НДС-гийн хөрөнгөд тохиолдсон гашуун сургамж бидэнд бий. Тэгвэл яаж хянах уу?
- Олон нийтийн зөвлөл: Хуулийн төсөлд тус хөрөнгө оруулах үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий олон нийтийн хяналтын зөвлөлтэй байхаар тусгаж, тус зөвлөлийг хөрөнгө оруулалтын мэргэжлийн хороо, болон төрийн, ТББ, даатгуулагчийн төлөөлөл бүхий 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан. Гэвч тус зөвлөл ямар хэмжээний эрх мэдэлтэй байх, ямар хүрээнд хяналт хэрэгжүүлэх нь тодорхой бус байна.
Мэдээж санд хөрөнгө хуримтлагдаж, тэр нь хөрөнгө оруулалт хийх хэмжээнд хүрвэл улс орон даяараа санаа зовж буй нэг асуудал шийдэгдэж байгаагийн илрэл болох ч тэр хүртэлх зам тийм ч дардан байхгүй л болов уу.
Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого
Хуулийн төсөлд дурдсан НДШ ногдох орлогын бүрэлдэхүүнийг одоогийн хэрэгжиж буй хууль тогтоомжтой харьцуулж үзэхэд зарим нэг нэршил, хувь хэмжээг эс тооцвол зарчмын онцлог өөрчлөлт ороогүй харагдав. Гэхдээ дараах өөрчлөлтүүд сонирхол татаж байна.
- “...тэдгээртэй адилтгах гэрээ”: Хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан НД-д албан журмаар даатгуулах зохицуулалт. Олон нийтийн зүгээс “... тэдгээртэй адилтгах гэрээ” гэдгийг бизнес-бизнес харилцаанд хэрэглэх гэж байгаа буюу хувь хүнтэй байгуулсан гэрээ бүрд аливаа ялгамжгүйгээр шимтгэл суутгагдах нь гэсэн дургүйцэл үүсээд байгаа.
- Хууль зүйн үүднээс: “Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээтэй адилтгах гэрээ” гэсэн ойлголтод Иргэний хуульд заасан бусад бие даасан гэрээ (жишээ нь: тээвэрлэлтийн гэрээ, зуучлалын гэрээ гэх мэт)-ний төрлийг оруулж тайлбарлах нь тохиромжгүй ч нэгэнт ийнхүү өргөн хүрээний томьёолол оруулж ирж байгаа тул практикт ойлгомжгүй байдал үүсгэх, эсвэл бүх харилцаанд хавтгайруулан хэрэглэх нөхцөл болохыг үгүйсгэхгүй. Одоо ч практикт нэг удаагийн шинжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх харилцаанд гэрээний дүнгээс тооцож НДШ суутгаж төлөх үүрэг ногдуулдаг жишигтэй.
- Давхар ажил эрхлэлт: Үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаа ажилтны хувьд одоогийн хуулиар тухайн ажлын цалин хөлснөөс ажилгүйдлийн даатгалаас бусад даатгалын шимтгэл төлөх зохицуулалттай. Харин шинэчилсэн хуулийн төсөлд тус орлогод зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэл тооцож төлөхөөр оруулсан.
- “Ганц гишүүнтэй ажил олгогчийн захирал, ТУЗ-ийн гишүүн”: Ийм томъёоллоор даатгуулагчийн тусдаа төрөл бий болгосон байх ба энэ даатгуулагчийн хувьд ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөхгүй, бусад төрлийн даатгалд даатгуулна. Одоогийн хуулиар бол энгийн ажилтны зарчмаар шимтгэл тооцогддог энэ албан тушаал ямар учраас ийм ялгамжтай зохицуулалтад орсон нь сонирхолтой. Шинэ хуулиар бүх шатны улс төрийн сонгуулийн хэсэг, хороодод ажиллахаар томилогдсон иргэн тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд даатгуулах зохицуулалт нэмэгдсэн.
Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо
НДС-гаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд 3 давхаргат тогтолцоотой болох зохицуулалт тусгасан ба нийгмийн халамжаас, тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврээс гадна “хувийн нэмэлт тэтгэвэр”-ийн тогтолцоог оруулж ирсэн. Ингэснээр мөн л олон жил яригдсан хувийн тэтгэврийн асуудалд эрх зүйн орчин бүрдэх боломжтой болох юм. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл мөн өргөн баригдаж, энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаад байгаа. Тус хуулийн талаар дараагийн нийтлэлээрээ мэдээлэл хүргэх болно.
Тэтгэвэр нэмэгдүүлэх итгэлцүүр
ЗГ 2014 онд шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг баталж байсан ба одоо энэ итгэлцүүрийг баримталж тэтгэвэр тогтоодог. Тэгвэл шинэ хуулийн төслөөр үүнийг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүр нэмэгдүүлж байхаар заасан.
Мөн тэтгэвэр тогтооход даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан 7 жилийг 5 жил болгон өөрчилжээ.
Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт / Хамтын тэтгэвэр
НДС-гаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан нөхөр, эхнэр нас барсан тохиолдолд нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20%-тай тэнцүү хэмжээгээр гэр бүлийн хүнийх нь тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэхдээ 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан бол эхнэр, нөхөрт нь олгох тэтгэврийн зардлыг улсын төсвөөс хариуцахаар заасан ба бусад тохиолдолд НДС өөрөө зохицуулах боломжтой гэсэн тооцоотой байгаа юм.
Хамтын тэтгэвэр: “Хамтын тэтгэврийн тухай хууль” мөн энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх ба гол санаа нь өндөр насны тэтгэвэр эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр эсхүл нөхөрт хамтын тэтгэвэр авах эрх үүсэх ба энэ эрх 5 жилийн хугацаанд хадгалагдах юм.
Тус хуулийн төсөлд тусгаснаар хамтын тэтгэвэр авах эрх үүссэн иргэнд олгох хамтын тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин, үнэ ханшны өөрчлөлттэй уялдуулан ЗГ жил бүр тогтоох бөгөөд хамтын тэтгэвэр нь НДСгаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 30%-иас багагүй байна.
Эрүүл мэндийн даатгалын хувьд тусдаа хуулийн төсөл боловсруулж өргөн бариагүй байгаа ба “Нийгмийн даатгалын ерөнхий хууль” (шинэчилсэн найруулга)-ийн төсөлд ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн ЗГ тогтоохоор заасан байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.