2025 оны эхний хагасын индексүүдийн хөдөлгөөн

Эхний хагас жилд дэлхийн томоохон индексүүд дунджаар 9.3% өсөлттэй өндөрлөсөн бол Монголын маань ТОП-20 индекс 4.3% уруудсан дүр зураг ажиглагдлаа.

🇺🇸 ЭЗ хүндхэн ч өсөлттэй

Америкийн томоохон индексүүд болох NASDAQ (^IXIC) 5.6%, S&P 500 (^GSPC) 5.7% тус тус өсжээ. S&P 500-н хувьд 4 сарын 8-нд сүүлийн нэг жилийн доод түвшин буюу 4,835.04 нэгжид очсон бөгөөд үүнээс хойш даруй 24% өсөөд байна. Хэдий индексүүд өссөн ч том зургаар эдийн засгийн нөхцөл байдал хэцүүхэн байлаа. Тухайлбал,

  • 📉 ДНБ агшив: 2025 оны эхний улиралд ДНБ 0.5% агшсан нь сүүлийн 3 жилийн анхны уналт байв. Ихэнх шинжээчид энэ онд Америкийн ДНБ-ий өсөлтийг 1.2%-1.9% дээр байна гэж үзэж байгаа нь өнгөрсөн оны 2.8% өсөлтөөс огцом буурсан үзүүлэлт юм. 
  • 🔺 Ажилгүйдэл өсөв: Америкийн хөдөлмөрийн зах зээл хүндхэн нөхцөлд оржээ. Сард шинээр бий болж буй ажлын байрны тоо 2024 оноос 33% буурсан бол шинэ төгсөгчдийн хувьд ажилд орох түвшин 2022 оноос 44% доогуур байгаа аж.

🌏 Азийн хөдөлгөөн 

Азийн зах зээлд оны эхэн үеэс Hang Seng (^HSI) 22.7%, Nikkei 225 (^N225) 3% өссөн бол манай ТОП-20 4.3% унаад байна. 

  • 🇭🇰 Хонгконг мандав:Hang Seng-н огцом өсөлтөд Хятадын Төв банк зээлийн хүүгээ 3.25%-д хүргэж, үл хөдлөхийн зах зээл дахь хязгаарлалтыг багасган технологийн салбарын акулуудын нэгж хувьцаа Alibaba (9988) 34.8%, Tencent (0700.HK) 21.2% өссөн нь нөлөөлжээ.   
  • 🇯🇵 Өсөлт хэвээр: Японы Nikkei 225 эхний хагаст сүүлийн 3 жилийн өсөлтийн буухиаг хадгалж чадлаа. Энэ нь хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн нэгж хувьцаа Advantest (6857) 14.5%, Tokyo Electron (8035) 13.6%  өссөнтэй холбоотой аж. 
  • 🇲🇳 ТОП-20 уруудав:Одоогоос жилийн өмнө ТОП-20 өнгөрсөн оны эхэн үеэс 9% өсөж байв. Гэвч энэ оны эхний хагаст өсөлт бус уруудалт ажиглагдаж зах зээлийн үнэлгээ ₮304 тэрбумаар багасаад байна. Энэ нь нүүрсний экспорт, арилжааны идэвх буурснаас ихээхэн хамаарав.  

Эцэст нь… Дэлхийн зах зээл Америкийн тариф, AI-н нөлөө, Төв банкны хүүгийн өөрчлөлтүүд, Монголын зах зээл түүхий эдийн үнийн савлагаа, дотоодын худалдаа, инфляц зэргээс хамаарах талтай. Үлдсэн хагаст юу болохыг зурхай биш, зөвхөн бодит тоон дата л хэлж чадах биз ээ.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.