Амралтын өдрийн мэндээ.
Банкны салбарын реформын хүрээнд Монголын хамгийн том банк болох ХААН Банк IPO хийж, олон нийтэд нээлттэй банк болох гэж байна. Үүнийг уншиж буй та магадгүй ХААН Банкны харилцагч байх магадлал тун өндөр юм. Учир нь манай улсын хүн амын 82% нь ХААН Банкны харилцагч ажээ. Та хүн амын 82%-д санхүүгийн үйлчилгээг үзүүлж буй тэдний бизнест хөрөнгө оруулах уу?
Агуулга
БЯЦХАН ТҮҮХ
ХААН Банк мэндэлсэн түүх
ХААН Банк нь 1991 онд орон даяар салбар нэгжтэй Хөдөө аж ахуйн хоршоологчдын банк нэртэйгээр байгуулагдаж байв. Банкийг 2003 онд Япон улсын Савада Холдингс компани олон улсын тендерээр худалдаж авах хүртэл банкны үйл ажиллагаа төр засгийн оролцоо ихтэй байсан бол мөн онд Таван Богд Трейд, үүний дараа Олон улсын санхүүгийн корпораци (IFC) зэрэг эзэмшигчтэй болж, банкны бизнес эрчимтэй өргөжих эхлэлийг тавьсан түүхтэй аж.
Өсөлтийн оч
1991 онд “Банкны тухай хууль” батлагдаж, 2 шатлалт банкны тогтолцоо нэвтэрснээс хойших 32 жилийн хугацаанд топ 3 банкны нэг байсаар ирсэн ХААН Банк сүүлийн 5 жилд салбарын №1 болохоо баталж, өрсөлдөгч банкнуудыг хол хаях болсон билээ.
Ийнхүү 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт хөрөнгийн хэмжээгээр зах зээлийн 33%, нийт зээл 36%, нийт хадгаламж 35%, цэвэр ашиг 43%-ийг тус тус дангаараа бүрдүүлэх болжээ.
Удирдлагын баг
ХААН Банкны 6,500 ажилтан орон даяар байрлах салбар нэгж болон цахим сувгуудаараа дамжуулан 2.8 сая хувь хүн, 33 мянга гаруй жижиг, дунд бизнес болон корпорациудад хүрч ажилладаг байна. Монголын ТОП-100 ААН-үүд дунд ажилтны тоогоор Эрдэнэт үйлдвэр 7,000 гаруй ажилтантайгаар тэргүүлдэг бол ХААН Банк хоёрт ордог. Хот, аймаг, сум суурин бүрд байгаа энэ нүсэр бүтэц, тэнд ажиллах 6,500 ажилтныг удирдах багт гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирлын орлогч болон 9 дэд захирлаас бүрдсэн 11 хүн бий.
БИЗНЕС НӨҮ-ХАУ
Иргэдийн болон жижиг, дунд бизнест хамгийн хүртээмжтай банк
ХААН Банкны бизнесийн стратеги бол иргэд болон жижиг дунд бизнесийн санхүүгийн туслах байх гэж хэлж болохоор юм. Тухайлбал, манай улсын 10 иргэн тутмын 8 нь, үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй 10 бизнес тутмын 4 нь тус банкны харилцагч ажээ. Ийнхүү ХААН Банк эдгээр харилцагчдад нийт 105 зээлийн бүтээгдэхүүн санал болгодгоос хэрэглээний зээлийн дүн нийт багцад хамгийн өндөр дүн буюу 35 орчим хувийг бүрдүүлдэг байна.
ХААН Банкны хувьд 2019 онд иргэдийн банкны зээл нийт зээлийн 80%-ийг бүрдүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд жижиг дунд бизнесийн зээлийн хэмжээг өсгөж, бизнесийн харилцагчийн баазыг тодорхой хэмжээнд бий болгосон харагдаж байна. Харин иргэд болон жижиг, дунд бизнесийг зорилтот зах зээлээр тодорхойлох нь банкны хувьд ямар давуу болон сул талыг үүсгэх боломжтой вэ?
Давуу талууд
Сул талууд
Энэ хүртэл ХААН Банкны бизнесийн гол стратегийг ойлгосон гэж найдаж байна. Тэгвэл гол яриа болох IPO-руу оръё
ХААН Банк IPO зураглал
ХААН Банк бизнесийнхээ 10%-ийг олон нийтэд санал болгож, ₮183.4 тэрбумыг татан төвлөрүүлэх зорилготой. Ингээд бодохоор тэд бизнесээ ₮1.8 их наядаар үнэлж буй юм. Ийнхүү МХБ дээрх хамгийн өндөр үнэлгээтэй компани АПУ ХК байхаа больж, үнэлгээний дүнгээр олон жил манлайлж байсан тэдний өмнө ХААН Банк орж ирэх нь ээ.
Түүнчлэн ХААН Банк нээлттэй компани болсноор манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮6.5 их наядаас ₮8.3 их наяд болж, дараа дараагийн банкнууд IPO хийгээд ирэхээр зах зээлийн үнэлгээ 2 оронтой их наяд руу дөхөхөд тун ойртож байна.
IPO талаар мэдэх хэрэгтэй зүйлс
Хуваарилалт: Нийтэд санал болгож буй хувьцааны 85%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15%-ийг олон нийтэд санал болгоно.
Банкны хувьд ирэх жилүүдийг ногоон болон дижитал зээлийн эрин үе хэмээн тодорхойлоод буй. Энэ ч хүрээнд IPO-гоор татан төвлөрүүлсэн хөрөнгийн 35%-ийг мэдээлэл технологийн хөгжүүлэлтэд, 34%-ийг ногоон төсөл хөтөлбөрт үлдсэн 31%-ийг урт хугацаат орон сууцны хөрөнгө оруулалтын төсөлд зарцуулах ажээ.
Ирээдүйн зураглал: Ногоон + Дижитал
Банкны хувьд ирэх жилүүдийг ногоон болон дижитал зээлийн эрин үе хэмээн тодорхойлоод буй. Энэ ч хүрээнд IPO-гоор татан төвлөрүүлсэн хөрөнгийн 35%-ийг мэдээлэл технологийн хөгжүүлэлтэд, 34%-ийг ногоон төсөл хөтөлбөрт үлдсэн 31%-ийг урт хугацаат орон сууцны хөрөнгө оруулалтын төсөлд зарцуулах ажээ.
ХААН Банк 2021-2023 оны дунд хугацааны бизнес стратегидаа анх удаа “Дижитал стратеги”-ийг баталжээ. Энэ хүрээнд энэ жил нийт зээлийн 35%-ийг цахимаар олгоно гэсэн том амбицтай ажиллаж байгаа аж. Энэ тоо өнгөрсөн жил 12% байсан бол 2021 онд ердөө 2% байсан юм. Мөн ХААН Банкны харилцагчдад дуулгахад энэ ондоо автомашины зээл, тэтгэврийн зээлийг, ирэх жилүүдэд бизнес болон орон сууцны зээлийг 100% онлайнаар авах боломжтой болох гэнэ. Харин “Дижитал стратеги”-ийн тулгуур багана бол “Ногоон стратеги” билээ.
Тэд дунд хугацааны стратегидаа тусгасан Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд энэ онд ногоон зээлийн хэмжээг өмнөх жилээс 4 дахин нэмж, ₮424 тэрбумд хүргэх зорилт тавьжээ. Мөн 2024 онд ₮798 тэрбум, 2025 онд ₮1.2 их наядад хүргэж, байгаль орчин тогтвортой хөгжлийг дэмжсэн төслүүдийг тултал нь дэмжих стратеги боловсруулаад буй юм.
Санхүүгийн нөхцөл байдал болон төсөөлөл
ХААН Банкны хувьд иргэд болон жижиг, дунд бизнесүүдэд санхүүгийн цогц үйлчилгээг тасралтгүй хүргэсээр өнөөдрийн амжилтад хүрсэн билээ. Харин цаашид дижитал зээл болон ногоон зээлд хүчээ илүү хуваарилж, үр дүнд 2026 онд зээлийн нийт хэмжээг ₮12.3 их наяд, цэвэр ашгийн хэмжээг ₮452.8 тэрбум байхаар төсөөлжээ.
Харин тэд энэхүү хэмжээний ашгийг аль хэдийнэ бодит болгож, өнгөрсөн жилийн цэвэр ашгийг ₮325 тэрбум байхаар төсөөлж байсан бол бодит байдал дээр ₮449 тэрбумд хүрчээ. Ийнхүү 2022 онд өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 29.4% болж, салбарын дундаж өөрийн хөрөнгийн өгөөж болох 20%-иас даруй 9 нэгж хувиар өндөр өгөөжтэй ажилласан юм.
Түүнчлэн өнгөрсөн 3 жилийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал тодорхой бус байж, олон ч сорилттой нүүр тулсан. Өнгөрсөн онд гэхэд уул уурхайн салбар 11.9% агшсан бол уул уурхайн бус салбар 7.5% өсөж, нийт эдийн засгийн хувьд 4.8% өсөх нөхцөл байдлыг бий болгосон. Энэ ярвигтай цаг үед ХААН Банкны хувьд өөрийн хөрөнгийн өгөөжийг өндөр түвшинд хүргэж чадсан нь бизнесийн стратеги нь сайн ажилласныг илтгэх биз ээ.
Банк ийнхүү 2022 онд өөрийн хөрөнгийн хэмжээг ₮1.5 их наядад хүргэж, энэхүү дүнг 1.2 дахин өсгөсөн хэмжээгээр буюу ₮1.8 их наядаар Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа санал болгож буй юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ШАЛТГААН
Тогтвортой ашиг
ХААН Банк өнгөрсөн онд банкны салбарын цэвэр ашгийн 43%-ийг дангаараа бүрдүүлсэн. Салбарын хамгийн том тоглогч дээр нь өсөлтийн хувь нь бусад банкнаас өндөр дүнтэй хэвээр буй билээ. Тэгэхээр ХААН Банкны хувьцаа эзэмшигчдийн хувьд их хэмжээний ашиг хүртэхээс гадна ашгийн өсөлтийн түвшинд ч өндөр хэвээр байгаа нь маш том боломж. Түүнчлэн тэд татварын дараах цэвэр ашгийн 40-өөс дээш хувийг ногдол ашиг хэлбэрээр тараахаар зорьж буй ажээ.
Хүчирхэг дэд бүтэц
Банкны хувьд анх байгуулагдсан цагаасаа орон даяар салбар, нэгжтэй байсан ба тэрхүү давуу талыг маш ухаалгаар ашиглан өнөөдрийн том хэмжээнд хүрсэн байна. Ийнхүү харилцагчдын хэрэгцээ, шаардлагыг ухааран ирээдүйд дижитал банкны үйлчилгээнд хөрөнгө оруулалтыг харамгүй оруулж буй нь хүчирхэг дэд бүтцийнх нь давуу талыг хадгалсаар байх болов уу.
Мэргэжлийн баг
Манай улсын хувьд уул уурхайн салбараас гадна санхүү, тэр тусам банкны салбарын хөгжил дэлхийд өрсөлдөх түвшинд хүрээд буй гэдэгтэй маргах нэгэн ховор биз ээ. Ийнхүү сүүлийн 30 жилийн хугацаанд энэ салбарын хөгжлийг тодотгож ирсэн чадварлаг хүний нөөц энэ салбарт нэлээдгүй бий болсон нь гарцаагүй. ХААН Банкны хувьд ч мөн салбартаа олон жил ажилласан туршлагатай баг ажиллаж буй нь тэдэнд хөрөнгө оруулах нэг шалтгаан болно хэмээн бодож байна.
3 ЭРСДЭЛ
Банкны салбарын өрсөлдөөн
ХААН Банкны хувьд харилцагчийн хүчтэй баазыг бүрдүүлсэн ч гэсэн өрсөлдөөнд ялагдахгүй гэх баталгаа бол байхгүй. Учир нь бусад банкнуудын хувьд хоорондоо нэгдэх замаар тэдэнтэй өрсөлдөхийг ч үгүйсгэхгүй юм. Мөн технологийн хөгжил маш хурдтай өрнөж буй энэ цаг үед хэрэглэгчид цаашид ямар үйлчилгээг илүүд үзэхийг таахад бэрх билээ.
Өндөр хүүгийн түвшин
Коронавирус, Орос-Украины дайнаас улбаатай инфляцын түвшнийг бууруулах зорилгоор төв банкнууд бодлогын хүүг эрчимтэйгээр өсгөлөө. Манай улсын хувьд бодлогын хүү 13%-д хүрээд буй бол системийн нөлөө бүхий банкнуудын хадгаламжийн хүү энэ хэмжээнд хараахан хүрээгүй л байна. Бодлогын хүүгийн түвшин өндөр хэвээр хадгалагдвал хадгаламжийн хүү өсөх нь гарцаагүй. Энэ нь өөрөө банкны эх үүсвэрийн зардлыг өндөр болгохоос гадна эдийн засгийн өсөлтийн хурдад хүртэл сөргөөр нөлөөлөх боломжтой.
Цаашид хурдтай өсөх боломж хязгаарлагдмал
Банк бизнесийн хувьд зах зээл хангалттай ханасан гэж хэлж болох болов уу. Мөн дээр нь ХААН Банкны хувьд тэр тусмаа зорилтот харилцагчдадаа хангалттай хүрч чадсан. Тэгэхээр цаашид өсөлтийн хурд саарч, тогтвортой төлөвт орох хандлагатай гэж хэлж болох юм.
ЭЦЭСТ НЬ
Банкны салбарын эрсдэлийг бууруулахын хажуугаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг ч давхар дэмжиж буй банкны реформ амжилттай үргэлжилж байна. Олон нийтэд нээлттэй болсон, болж буй, болох гэж буй банкнуудад болон банкны бизнест хөрөнгө оруулж буй танд амжилт хүсье. Ийнхүү дараагийн IPO-нууд болох ХХБанк болон ХасБанкны IPO-г тоймлосон тусгай дугаараар тун удахгүй дахин уулзах биз ээ.
Чухал холбоосууд
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.