• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 4, 2024
Тусгай дугаар

Ард Кредит ББСБ ХК-ийн FPO-г тоймлох нь

yld
А.Баттүвшин
2 сарын 4, 2024
2 сарын 4, 2024

Амралтын өдрийн мэнд ээ. 2024 оны анхны тусгай дугаартаа тавтай морилно уу. Энэ онд уншигч таны нүдийг бүлтийлгэж, чихийг сортойлгосон шинэлэг сонирхолтой хөрөнгө оруулалтын боломжууд дүүрэн жил биднийг хүлээж буй гэдэгт эргэлзэхгүй байна.

Шинэ оны салхийг хагалж, Ард Кредит ББСБ ХК нэмэлт хувьцаа гаргахаар болжээ. Компанийн хувьд 2019 онд МХБ дээр IPO хийн 25%-иа ₮5.3 тэрбумаар санал болгож байсан билээ. Ийнхүү өнөөдрийн байдлаар ₮31 тэрбумын үнэлгээтэй МХБ-ийн I ангилал, ТОП-20 индекст багтах ХК болжээ. Харин энэ удаад тэд компанийн 30%-ийг нэмэлтээр санал болгож ₮8.9 тэрбумыг татан төвлөрүүлэх юм.

Тусгай дугаарын агуулга

  • Бяцхан түүх 
  • Бизнес нөү-хау 
  • FPO эргэн тойронд 
  • Эрсдэл 
  • Эцэст нь

БЯЦХАН ТҮҮХ

Түүхэн товчоо

Ард Кредит ББСБ ХК-ийн түүх 2011 онд Интергрупп Интернэшнл ХХК-ийн санаачилгаар бичил болон жижиг зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготойгоор ₮525 саяын хөрөнгөтэй үүсгэн байгуулагдсан цагаас эхэлжээ. Компанид 2013 онд Ард Санхүүгийн Нэгдэл ХК хөрөнгө оруулснаар Ардын гэр бүлд нэгдэж, Ард Кредит ББСБ гэх нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

  • 2014 он: Ард Кредит ББСБ 2014 онд СЗХ-с итгэлцлийн тусгай зөвшөөрлөө авчээ. Ийнхүү өнөөдөр итгэлцлийн үйлчилгээг төгрөг болон гадаад валютаар явуулдаг болсон байна.
  • 2017 он: ХХБ-тай хамтран ББСБ-ын салбарт анхны кредит карт гаргасан аж. Жилийн дотор тус кредит картын зээлийн үлдэгдэл ₮573 саяд хүрч нийт зээлийн 7.2%-ийг бүрдүүлэх болжээ.
  • 2018 он: Ард Аппыг танилцуулж, цахим зээлийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж эхэлсэн байна. Үр дүнд өнөөдрийн байдлаар Ард апп-ын хэрэглэгчдийн тоо 1 саяыг давж, дундаж зээл олголт ₮945,000-т хүрчээ.
  • 2019 он: IPO хийн компанийн 25%-иа санал болгож, ₮5.3 тэрбумын татан төвлөрүүлжээ. Ийнхүү IPO хийснээр тухайн үедээ даруй 1,500 гаруй хувьцаа эзэмшигчтэй нээлттэй ХК болж, МХБ-ийн I ангилал, ТОП-20 индекст багтах болсон байна.

Өдгөө

Ийнхүү байгуулагдсан цагаас хойш 12 жилийн хугацаад компанийн хөрөнгө 143 дахин өсөж, ₮71.5 тэрбумд хүрчээ. Мөн энэ хугацаанд нийт ₮382.8 тэрбумын зээлийг олгосон байна. Түүнчлэн компани 2019 онд нээлттэй компани болсноос хойш 3 жил дараалан нийт ₮3.4 тэрбумын ногдол ашгийг, 2022 онд ₮0.8 тэрбумтай тэнцэх Ард койныг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилжээ. Ийнхүү 2023 оны жилийн эцсийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн тоо 13.7 мянгад хүрч, МХБ-ийн ТОП-20 индекст 5 дахь жилдээ багтсан байна.


Удирдлагын баг

Компанийн удирдлагын багийг гүйцэтгэх удирдлагын 10-аад жилийн туршлагатай Г.Тэлмэн удирддаг. Г.Тэлмэн нь МУИС-н Олон улсын харилцааны их сургуульд Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр бакалавр, БНСУ-н Сонгюньгван бизнесийн сургуульд Менежментийн шинжлэх ухааны магистрын зэргийг тус тус хамгаалжээ. Тэрбээр Ард Кредит ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2020-с хойш ажиллаж буй юм. Мөн удирдлагын багийн гишүүдийн хувьд Ард Кредит ББСБ ХК-д дунджаар 4-5 жил ажилласан байна.


БИЗНЕС НӨҮ-ХАУ

Ард Кредит ББСБ ХК нь Ардын гэх тодотголтой компаниудын ууган төлөөлөгчдийн нэг гэдгээрээ онцлог. Нөгөө талдаа тэд 500 гаруй компани хүчтэй өрсөлддөг ББСБ салбарт Ардыг төлөөлдөг гэж ч хэлж болох. Ийнхүү ББСБ салбарын өрсөлдөгчийн тоо олшрохын хэрээр төрөл бүрийн шинэлэг бүтээгдэхүүнүүд ар араасаа төрөн гарч та бидний өдөр тутмын хэрэглээ болсоор байна. 

Дижитал Ард Кредит ББСБ ХК

Ард Кредит ББСБ ХК ч мөн адил шинэлэг бүтээгдэхүүнийг цаг тутам нэвтрүүлж, санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох ажилд гар бие оролцсоор иржээ. Тэдний шинэлэг бүтээгдэхүүнээс дурдвал, 

  • Fast cash: Урт болон богино хугацаат онлайн зээл
  • CupCake: Гүйлгээ хийх бүрд, гүйлгээний тодорхой хувийг автоматаар хуримтлуулах
  • АрдКидс: Хүүхдэд зориулсан санхүүгийн апп

Ийнхүү компани 2019 онд IPO хийснээс хойш дижитал зээлийн бүтээгдэхүүн дээр голчлон ажиллаж ирсээр 2018 онд зээлийн багцын 0.4%-ийг л бүрдүүлдэг байсан дижитал зээлийн хэмжээ 2019-2023 онд зээлийн багцын 50-70%-ийг бүрдүүлэх болтлоо өссөн байна. 

Компани өнгөрсөн жилүүдэд дижитал зээлийн үйлчилгээнд түлхүү төвлөрч ажиллаж ирсэн бол ирэх 5 жилийн стратегиа Phygital (physical + digital) хэмээн тодорхойлсон юм. Учир нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн эко системд багтах Ард Даатгал ХК болон Монгол Шуудан ХК-н салбаруудаар дамжуулан Монгол Улсын 21 аймаг, 330 сумын иргэдэд зээлийн үйлчилгээг салбараар үзүүлэх мөн Ард Апп-н сая гаруй хэрэглэгчдэд дижиталаар үзүүлэх боломж байна хэмээн харснаар бизнесийн стратегиа шинэчлэх болжээ. 

Тиймээс биет болон дижитал байдлаар санхүүгийн үйлчилгээг үзүүлэх стратегиа physical болон digital хэмээх хоёр үгийн нэгдлээр phygital (фижитал) гэх өвөрмөц нэршлээр нэрлэж дараах хэрэглэгчдэд хүрч ажиллахаар зэхэж байна.

Фижитал Ард Кредит ББСБ ХК

Зорилтот хэрэглэгч №1: Бичил, жижиг, дунд бизнес

Компани FPO хийх болсон гол шалтгаан нь бизнесийн зээлийн зах зээлд байр сууриа эзлэх гэж хэлэхэд буруутахгүй мэт. Тэр дундаа бизнесийн зээлийн зах зээлд зорилтот хэрэглэгчдээ бичил, жижиг, дунд бизнес хэмээн тодорхойлсон юм. Тухайлбал, одоогоор компанийн зээлийн багцын 20%-ийг бизнесийн зээл бүрдүүлж буй бол уг хэмжээг 2024 онд 29%, 2025 онд 38% болгохоор зорьжээ. Ингэхдээ биет салбараар болон дижитал байдлаар хослуулан олгох юм. Ийнхүү финтек зээлийн тодорхой хувийг мөн бизнесийн зээл эзлэх тул үр дүнд зээлийн багцын 78-80% нь бизнесийн зээлд хуваарилагдах ажээ. Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн асуудлыг шийдэхээр нэгэнт сэтгэл шулууджээ. 

Зорилтот хэрэглэгч №2: Финтек зээлдэгч 

2023 оны III улирлын байдлаар ББСБ салбар 1.5 сая зээлдэгчтэй байсан бол үүний 78%-ийг финтек зээлдэгч эзэлжээ. Энэ тоо финтек зах зээлийн эрэлт хэрэгцээ хэр их байгааг хэлж өгч чадахаар байна. Тэгвэл Ард Кредит ББСБ ХК Ард апп-аар дамжуулж, финтек зээлийн эрэлт хэрэгцээг хангах ажлаа үргэлжлүүлсээр байх ба 2025 онд зээлийн багцын 47%-ийг финтек зээлд хуваарилах юм. 

Зорилтот хэрэглэгч №3: Ногоон зээлдэгч 

Тэдний бизнесийг тодорхойлох дараагийн зах зээл бол хөрөнгө барьцаалсан зээл. Тэр дундаа эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, амины орон сууц, цахилгаан болон бензин хосолсон хайбрид автомашин зэрэг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хөрөнгө худалдан авагч нарт санхүүжилт олгох юм. Ийнхүү компани 2025 онд нийт зээлийн багцын 10%-ийг ногоон зээл байдлаар олгох зорилготой.


FPO ЭРГЭН ТОЙРОНД

Ард Кредит ББСБ ХК компанийнхаа 30%-ийг нэмэлтээр гаргаж, ₮8.9 тэрбумыг босгохоор зорьж байгаа билээ. Ингэхдээ нэмэлтээр гаргаж буй хувьцааны нэгжийн үнийг ₮106 төгрөгөөр санал болгож буй. Компанийн хувьцааны ханш өнгөрсөн 7 хоногт ₮105 - ₮111.1-ийн хооронд хэлбэлзсэн ба нэмэлт хувьцааны үнийг өнгөрсөн оны 6 сарын 12-ны өдрөөс өмнөх 180 хоногийн дундаж ханшийг үндэслэн тогтоожээ. Тэгэхээр нэмэлтээр хувьцаа эзэмшигч болж буй хүмүүсийн хувьд зах зээлийн ханшаас 4.9%-иар хямдаар хувьцаа эзэмшигч болох боломж байна гэж ойлгож болно. 

Харин та аль хэдийн хувьцаа эзэмшигч бол таны эзэмшиж буй хувь хэмжээ буурна гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэмэлт хувьцаа гарснаар дараах байдлаар хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувь нь өөрчлөгдөх юм. Тодруулбал,

  • FPO өмнө: Топ хувьцаа эзэмшигчид 81.4%, олон нийт 18.6%
  • FPO дараа: Топ хувьцаа эзэмшигчид 62.6%, олон нийт 37.4%

Топ хувьцаа эзэмшигчдэд 10 хувьцаа эзэмшигч багтаж буй ба FPO хийхээс өмнө үүний дийлэнх буюу 40.9%-ийг Ард Санхүүгийн Нэгдэл ХК эзэмшиж байгаа. Харин FPO дараа Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд эзэмшлийн хувь 31.5% болсноор олон нийтээс бага хувийг эзэмшдэг болох юм. Одоогоор 14 мянга орчим хувьцаа эзэмшигчтэй тэдний хувьд улам л том гэр бүл болох нь.


Одоогийн болон ирээдүйн Ард Кредит ББСБ

Энэхүү том гэр бүлийн гишүүн болохоор FPO-г сонирхож суугаа танд зориулж компанийн санхүүгийн нөхцөл байдал, салбарт эзлэх байр суурь, ирээдүйн ашиг орлогын талаар мэдээллийг энд тоймлоё. 

Манай улсад нийт 500 гаруй ББСБ байдаг бол үүний 5 нь МХБ дээр бүртгэлтэй ХК-иуд юм. Харин энэ 5 ББСБ-ын 3 нь ТОП-20 индексийн шалгуурыг хангаж, МХБ-ийг төлөөлөх ХК болоод буй. 2023 оны III улирлын байдлаар дээрх 3 ББСБ-ын зах зээлийн үнэлгээ, зээлийн багц, хүүгийн орлого, цэвэр ашиг дараах хэмжээнд хүрчээ.

  • Инвескор ББСБ ХК: Зах зээлийн үнэлгээ ₮435 тэрбум, зээлийн багц ₮428.4 тэрбум, хүүгийн орлого ₮94.6 тэрбум, цэвэр ашиг ₮27.4 тэрбум,
  • Ард Кредит ББСБ ХК: Зах зээлийн үнэлгээ ₮31 тэрбум, зээлийн багц ₮50.1 тэрбум, хүүгийн орлого ₮8.6 тэрбум, цэвэр ашиг ₮1.5 тэрбум,
  • Сэндли ББСБ ХК: Зах зээлийн үнэлгээ ₮33.5 тэрбум, зээлийн багц ₮44.3 тэрбум, хүүгийн орлого ₮10.1 тэрбум, цэвэр ашиг ₮4.3 тэрбум.

Тэгвэл нээлттэй ББСБ-уудын тэргүүлэгчдийн нэг болсон Ард Кредит ББСБ ХК-ийн хувьд ирэх 2 жилийн хугацаанд дараах байдлаар өсөж томрох төлөвлөгөөг гаргаад буй. 

  • Зээлийн багц: Зээлийн багц ирэх жилд 2023 оноос 2 дахин нэмэгдэж, ₮108.8 тэрбум,
  • Чанаргүй зээлийн %: Чанаргүй зээлийн хувь 2025 онд 1.3 нэгж хувиар буурч 6.5%,
  • Хүүгийн орлого: Хүүгийн орлого 2.4 дахин нэмэгдэж, ₮30.8 тэрбум,
  • Цэвэр ашиг: Цэвэр ашиг 3.3 дахин нэмэгдэж, ₮8.9 тэрбумд тус тус хүрэхээр төлөвлөгдсөн байна.

Хөрөнгө оруулах 3 шалтгаан

  • Төрөлжсөн эх үүсвэр: Банк болон ББСБ салбарын хувьд бизнесээ томруулахад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл бол эх үүсвэр байдаг билээ. Тэр ч утгаар эдгээр салбарт төрөл бүрийн эх үүсвэрийг ухаалгаар ашиглаж буй компани хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах боломжтой. Ард Кредит ББСБ ХК нь 2019 онд IPO-оор ₮5.3 тэрбум, Япон улсаас гадаад санхүүжилтээр $5 сая буюу ₮15 тэрбум, 2021 онд хаалттай бондоор ₮9 тэрбум, 2022 онд хоёрдогч өглөгөөр ₮5 тэрбумыг тус тус татан төвлөрүүлсэн туршлагатай ажээ.
  • Ард эко систем: Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн эко системд ББСБ-с гадна даатгал, ХЗХ, ҮЦК, хөрөнгийн менежмент гээд санхүүгийн салбар, цаашлаад шуудан холбоо, технологи гээд олон төрлийн бизнесүүд бий. Тэгэхээр эдгээр бизнесүүдийн давуу талд тулгуурлан илүү эрчимтэйгээр өсөх боломж нөөц Ард Кредит ББСБ ХК-д байна.
  • Зах зээлийн өсөлт: Сүүлийн 5 жилийн хугацаанд банкны салбар 1.6 дахин өссөн бол ББСБ-ын салбар 3.6 дахин өсжээ. Түүнчлэн 2023 оны 3-р улирлын байдлаар нийт хөрөнгийн хэмжээ банкнуудын хувьд ₮49.5 их наяд бол ББСБ-уудын хувьд ₮4.3 их наяд байгаа нь тус салбар өсөж томрох потенциал буйг илтгэж байна.

АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА: 2-Р САРЫН 15-21

      ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: FPO.ARDCREDIT.COM

      АРД АПП-р ДАМЖУУЛЖ АРИЛЖААНД ОРОЛЦОХ: ARD.MN


3 ЭРСДЭЛ

Өрсөлдөөн

ББСБ салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, хүчтэй тоглогчид ар араасаа түрэн гарсаар байна. Түүнчлэн технологийн шийдлийг ашигласан финтек зээлийн үйлчилгээ үзүүлэгчдийн тоо ч өссөөр байна. Цаашид энэхүү салбарт өрсөлдөж буй томоохон тоглогчид хоорондоо нэгдэж томрох, аль эсвэл технологийн шийдлийг нэвтрүүлж зах зээлийн дийлэнх хувийг эзлэх гэх мэт өрсөлдөөн бий болох боломжтой мэт. 

Ханшийн эрсдэл

Компани нэмэлт хувьцаа гаргаснаар эргэлтэд гарсан нийт хувьцааны тоо ихсэх билээ. Хэрэв компанийн нэмэлт хувьцааны эрэлт нийлүүлэлтийг давж чадахгүй бол хувьцааны ханш хэлбэлзэлд орох боломжтой. Эрэлтийн хэмжээ сул байвал хувьцааны ханш савлаж, өмнөх болон шинэ хувьцаа эзэмшигчдийн хувьд ханшийн эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүй.  

Зээлийн чанаргүйдэл

Компанийн хувьд ирэх 5 жилийн хугацаанд бичил, жижиг, дунд бизнесүүдийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх стратеги баримталж буй. Гэтэл жижиг хэмжээтэй бизнесүүд нь дийлэнх тохиолдолд тогтворжиж эхлээгүй байх магадлалтай байдаг тул зээлийн эргэн төлөлт удаашрах бүр цаашлаад төлбөрийн чадваргүй болох эрсдэл бий. Түүнчлэн компанийн хувьд эдгээр бизнесүүд дээр эрсдэлийн үнэлгээг дэлгэрэнгүй хийх шаардлага үүсэж, бизнесийн хувьд нэмэлт зардлыг ч бий болгох боломжтой болов уу.


ЭЦЭСТ НЬ

Уншигч та бүхэндээ сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй ББСБ-ын салбарын тэргүүлэгчдийн нэг болсон Ард Кредит ББСБ ХК-ийн FPO-ийн талаар тоймлолоо. Ард Кредит ББСБ ХК нээлттэй компани болсноос хойш аль хэдийн 5 жил өнгөрчээ. Тиймээс хөрөнгө оруулалт сонирхдог нэгний хувьд аль хэдийн танил болсон компани болов уу. Харин тэдний бизнест шинээр хөрөнгө оруулагч болохоор сонирхож буй уншигчдад шийдвэрээ гаргахад нь бидний бэлтгэсэн мэдээлэл бага ч болов тус болсон хэмээн итгэж байна. Дараагийн хөрөнгө оруулалтын талаарх дугаараараа дахин уулзацгаая. Түр баяртай!

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.