
Видео тоглоомын хорхойтнуудын эртний танил Electronic Arts (EA) бүтцээ өөрчилж хаалттай компани болохоор нэгэнт шийджээ. Энэхүү үйл явдал нь дан ганц видео тоглоомын салбар гэлтгүй бизнесийн ертөнцийг донсолгоод байна.
💰 Донсолгосон хэлцэл
Одоогоос 34 жилийн өмнө үүд хаалгаа нээсэн $EA-г $55 тэрбумаар Silver Lake, Affinity Partners болон Саудын Арабын Баялгийн Сан (PIF)-гууд худалдан авахаар болсон нь урьд өмнө нь байгаагүй хамгийн өндөр дүнтэй компанийн хэлбэрээ өөрчилж буй хэлцэл аж. Ингэхдээ хөрөнгө оруулагчдаас $EA-н нэгж хувьцааны үнийг $210-оор тооцон худалдан авахаар болжээ.
🇸🇦 PIF-н цар хүрээ
PIF нь бизнесийн 13 салбарт, 220 компанид хөрөнгө оруулсан бөгөөд нийт $925 тэрбумын хөрөнгийг удирддаг аварга сан юм. Энэ олон компани дунд Saudi Aramco (2223.SR), Tesla (TSLA), Berkshire Hathaway (BRK-B) гэх мэт томчууд багтаж байна. Үүнээс гадна Английн хөлбөмбөгийн Newcastle United-г 2021 онд £300 саяар худалдан авсан аж.
Цаашид… Алдарт EA Sports FC, The Sims, Madden NFL, NBA Live гэх мэт олон тоглоомууд илүү сайжрах уу, эсвэл уруудах уу гэдэг олон хүний анхаарлыг татаж байна даа. Айлын хүүхдүүдийн баялгийн сан ийм айхтар хөрөнгө оруулалтыг хийж явж байгаа бол манай үлгэр домог шиг баялгийн сан маань юу хийж явдаг юм бол доо. 😅
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.