
Гэр бүлээрээ урлагийн ертөнцөөр аялж, хүүхдүүдийнхээ төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, хамтдаа мартагдашгүй дурсамж бүтээх хоёр өдөр айсуй!
Гончигсумлаа сангаас зохион байгуулж буй 5 дахь удаагийн IMAGINE арт фестиваль энэ сарын 14, 15-ны өдрүүдэд хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд зориулсан урлаг, соёлын олон сонирхолтой хөтөлбөрөөр үргэлжилнэ.
Энэ жилийн фестиваль нь хүүхдүүдийн бүтээлийг олон нийтэд танилцуулахаас гадна тэднийг урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх, шинэ зүйл туршиж үзэх, төсөөллөө бодит бүтээл болгох боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
11-р сарын 14
Фестивалийн эхний өдөр IMAGINE 2026 гар зургийн уралдааны шилдэг 20 оролцогчийг тодруулж, шагнал гардуулах ёслол болно.
Мөн “The Colors” хамтлагийн дуучин Г.Тогтуун оролцож, Үлгэрч Микагийн сонирхолтой үлгэрийн уншлага болон урлагийн сэтгэл заслын хөтөлбөр хүүхэд багачуудыг хүлээж байна.
11-р сарын 15
Фестивалийн хоёр дахь өдөр хүүхдүүд зөвхөн урлагийн бүтээл үзэхээс гадна өөрсдөө уран бүтээлч болох боломжтой!
Хоёр өдрийн турш үргэлжлэх арт үзэсгэлэн, бүтээлч үйл ажиллагаа, урлагийн хөтөлбөрүүд нь хүүхэд бүрд шинэ ертөнцийг нээж, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх үнэ цэнтэй цаг мөчүүдийг бэлэглэх болно.
ОНЦЛОХ ХӨТӨЛБӨРҮҮД:
Immersive дижитал арт үзэсгэлэн
Фестивалийн онцлох хэсэг нь уран бүтээлийг дижитал технологитой хослуулсан immersive үзэсгэлэн байх юм. Энэ жилийн шилдэг бүтээлүүдээс гадна өмнөх дөрвөн жилийн хугацаанд хуримтлагдсан бүтээлүүдийг дижитал хэлбэрт шилжүүлж, LED дэлгэцээр дамжуулан үзэгчдэд шинэ, сонирхолтой хэлбэрээр толилуулна. Ингэснээр хүүхэд, залуусын төсөөлөл, бүтээлч ертөнцийг илүү өргөн цар хүрээнд мэдэрч, тэдний уран бүтээлийг технологийн шинэлэг шийдлээр дамжуулан үзэх боломж бүрдэх юм.
Гэр бүлийн гишүүн бүрд зориулсан бүтээлч орчин
Фестивалийн хоёр өдрийн турш хүүхэд, залуус төдийгүй гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан бүтээлч үйл ажиллагаа, сонирхолтой хөтөлбөрүүд зохион байгуулагдана. Мөн ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагуудын танилцуулга, мэдээллийн бүүтүүд ажиллаж, оролцогчид урлаг, боловсрол, бүтээлч сэтгэлгээ болон хүүхэд, залуусын хөгжилтэй холбоотой олон талын мэдээлэл авах, үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжтой.
Хүүхдийнхээ төсөөллийг дэмжиж, бүтээлч ертөнцөөр нь хамтдаа аялаарай!
Хэзээ: 2026 оны 11-р сарын 14, 15
Цаг: 13:00–19:00
Байршил: AIC Steppe Arena
Эх сурвалж: Гончигсумлаа сан
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.