
Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарыг экспортын гол орлого боллоо хэмээн зарлав. Бадрангуй байх чинь ээ, үнэхээр ийм зүйл боллоо гэж үү?
❌ Энгийнээр харвал тийм ээ
Өнгөрсөн 1-р сард Монгол Улс 44,767 жуулчин хүлээн авч, тус сарын түүхэн өндөр үзүүлэлтийг тогтоолоо. Уг тоо 2 сарын 10-ны байдлаар 60,638-д хүрээд буй. Нэмээд өнгөрсөн онд 847 мянган жуулчин хүлээн авсан нь Ковид-19-ийн өмнөх үе буюу 2019 оноос 46.7% өссөн дүн. Ингээд харвал манай аялал жуулчлалын салбар үнэхээр алаад байна уу гэлтэй. Гэхдээ бодит байдал нь тийм биш ээ.
‼️ Ухаад харвал ондоо
Экс Соёлын сайд Ч.Номин 2023 онд 690 мянган жуулчин хүлээн авч $1.2 тэрбумын орлого оллоо гэж зарлаж байлаа. Гэвч энэ салбар хэзээ ч ийм их орлого олж байгаагүй. Төлбөрийн тэнцэл дэх аялал жуулчлалын дансны орлогыг харвал 2025 онд $728.4 саяын орлого олсон нь түүхэн дээд амжилт. 2023 онд $531 саяын орлого л чүү ай олж. Яаж бодохоор бодит тоо 2 нугардаг юм бол доо.
📌 Оньсого: Гарах нь орохоосоо илүү
Аялал жуулчлалын салбар маань орлого оллоо гээд баясаад байгаа боловч аялал жуулчлалаар гадагшаа урсгаж байгаа мөнгө бүр их. 2025 онд монголчууд аялал жуулчлалын зорилгоор гадагшаа явж $1.7 тэрбумыг зарцуулсан байна. Олсон орлогоос 2.4 дахин их дүн шүү дээ. Экс сайд маань зардлаа орлоготойгоо андуурсан бололтой юм.
Эцэст нь… Ийм алдагдалтай ажиллаж байгаа салбарыг экспортын гол орлого боллоо гэж зарлах нь ч хаашаа юм. Гэлээ гээд сүүлийн хэдэн жилд хэзээ хэзээнийхээс олон жуулчин ирж байгааг үгүйсгэх нь ч хаашаа юм. Нэг талаас улс төрчид маань попрохгүй бодит тоо баримтаа үнэн зөвөөр танилцуулдаг баймаар. Нөгөө талаас хамаг төсвийн мөнгө үрж Монгол руу авхуулсан даллагууд нь яг үр дүнтэй байсан уу гэдгийг дүгнэх цаг иржээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.