
Интермед эмнэлэг байгуулагдаад хэдийнээ 11 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэд Улаанбаатар хотод 2 салбар, 1 сувилал, орон нутагт 2 салбартай болж өргөжин тэлээд буй. Энэ удаа ашиглалтад ороод 1 жил гаруй болж буй Интермед эмнэлгийн өргөтгөлөөр аялцгаая.
Бяцхан танилцуулга
2024 оны 9-р сард ашиглалтад орж байсан 10 давхар бүхий Интермед эмнэлгийн өргөтгөл нь нийт $20 саяын хөрөнгө оруулалтаар сүндэрлэж байв. Тус төв нь зүрх судас, дурангийн оношилгооны гэхчлэн 100 гаруй дэвшилтэт технологи бүхий төхөөрөмжтэй. Интермед эмнэлэг нь 150 ортой хувийн цөөн эмнэлгүүдийн нэг. Үүнээс 54 ор нь өргөтгөлийн барилгад байрлаж буй.
Эмнэлгийн 1 өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Бидний аялал эмнэлгийн өргөтгөлийн 8 давхраас эхэлсэн юм. Тус давхарт 24/7 ажилладаг Интермед эмнэлгийн дуудлагын төв байршина. Өдөртөө дуудлагын төвийн 16 ажилтан 1,200 орчим дуудлага хүлээн авах нь энүүхэнд. Операторууд 1 хүнд дунджаар 3 минутыг зарцуулдаг гэнэ. Дуудлагын төвийн оргил цаг өглөөний 8-9 цаг, оройн 17-20 цагийн хооронд тохиодог гэсэн шүү.
Аяллын дараагийн зогсоол маань мөн л 24/7 ажилладаг дүрс оношилгооны тасаг байв. Тус тасгийн онцлох зүйл нь өөрийн эмнэлгийн шинжилгээнээс гадна бусад салбар клиникээс шинжилгээний зургууд ирдэг аж. Нэн ялангуяа хүүхдийн унтуулгатай MRI, зүрхний титэм судасны томограф Интермед эмнэлэг рүү илгээгдэж буй.
Технологи ба инженерийн шийдэл

Тус эмнэлгийн инженер, текникийн алба 18 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. 10-р давхарт байрших уг хэсэг нь эмнэлгийн бүхий л цахилгаан, дулаан, сантехник, агаар сэлгэлт, барилга байгууламжийн аюулгүй байдлыг Building Management System (BMS)-н тусламжтайгаар хянан ажилладаг байна. Мөн тус хэсгээс эмнэлгийн машинуудаа GPS-н тусламжтайгаар хянаж, замын түгжрэл, эвдрэл гэмтэлтэй холбоотой, заавар зөвлөмж өгдөг гэв.
Нисдэг тэрэгний зогсоол

Эмнэлгийн өргөтгөлийн байгууламжийн өөр нэг онцлох хэсэг нь нисдэг тэрэгний зогсоол нь байв. Тус зогсоолыг өнгөрсөн оны 8-р сараас ашиглалтад оруулж, өдгөө 3-4 удаа өвчтөн тээвэрлэжээ. Монголд Интермед эмнэлгээс гадна Гэмтэл согог судлалын үндэсний төв нисдэг тэрэгний зогсоолтой буюу яаралтай үед агаараар өвчтөн тээвэрлэх, авах бололцоотой эмнэлэг 2 байна. Хэдий эмнэлэг хувьдаа нисдэг тэрэггүй ч шаардлагатай тохиолдолд нисдэг тэрэг түрээсэлж өвчтөн зөөдөг аж.
Үүний дараагаар бид Интермед эмнэлгийн урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн эрүүл мэндийн тасагтай танилцсан юм. Олон хүмүүст Интермед эмнэлгийн өргөтгөл урьдчилан сэргийлэх тасгаараа анх танигдаж байсан. Энэ нь ч аргагүй буюу тус тасгаар жилд 16,000 гаруй, өдөртөө 80-аас дээш хүн үйлчлүүлдэг аж.
Тасгууд
8-р давхраас доош сэргээн засах, хоол боловсруулах эрхтэн судлал, дуран, ангиограф гэхчлэн мэргэжлийн тасгууд байршиж буй.
Үүнээс ангиограф оношилгоо, эмчилгээний тасгийн хувьд рентген ангиографийн иж бүрэн аппарат нь анхаарал татаж байсан юм. Ангиограф гэдэг нь артери, венийн судасны бөглөрөл нарийсал, цүлхэн болон судасны бусад өвчнүүдийг оношилдог рентген шинжилгээний арга. Америк, Япон, Европ, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн олон улсад өргөн хэрэглэгддэг өндөр зэрэглэлийн, чанартай катетер, чиглүүлэгч, стент, баллон ашиглан зүрх судасны ангиографийн оношилгоо, эмчилгээг хийж байгаа бөгөөд Монгол Улс болон олон улсын даатгалын хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлүүлэх боломжтой аж.
Энэ хүрээд Интермед эмнэлгийн өргөтгөлийн аялал дууслаа. Сонирхолтой байсан гэж найдъя.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.