Даатгалын хураамжийн орлого 2023 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 36.2% өсөж ₮169.2 тэрбумд хүрлээ.
Бүрдэл хэсгүүд
Даатгуулагчдын тоог харвал 9.9% өсөж 883.2 мянгад хүрсэн байна. Нийт даатгуулагчдын 51.3%-ийг албан журмын даатгал, 48.5%-ийг сайн дурын даатгал, 0.2%-ийг урт хугацааны буюу амьдралын даатгуулагчид эзэлж буй. Цаашилъя,
- Орлогын бүтэц: Даатгалын хураамжийн нийт орлогын 25.7%-ийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 15.1%-ийг хөрөнгийн даатгал, 15%-ийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал эзэлж байгаа аж.
- Нөлөөлөл: Нийт даатгалын хураамжийн орлого өсөхөд авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 45.6%, хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 46.3% өссөн нь голлон нөлөөлжээ.
- Нөхөн олговор : Түүнчлэн даатгалын нөхөн төлбөр 10.3% нэмэгдэн ₮53.4 тэрбумд хүрсэн аж. Учир нь авто тээврийн хэрэгслийн нөхөн төлбөр 41.3%, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын нөхөн төлбөр 25.4% тус тус өссөн байна.
Салбарын төлөөлөгчид
Цаашлаад, даатгалын салбарын төлөөлөл болгон МХБ (MSE)-д бүртгэлтэй зарим даатгалын компаниудыг харвал,
- Ард Даатгал ХК (AIC): Компанийн эхний хагас жилийн ашиг жилийн өмнөхөөс 2.1 дахин өсөж ₮646.1 сая болсон байна. Үүнд даатгалын хураамжийн цэвэр орлого нь 23.4% нэмэгдсэн нь нөлөөлөв.
- Монгол даатгал ХК (MDIC): Харин тэдний хувьд энэ оны эхний хагас жилд ₮2 тэрбумын алдагдалтай ажиллалаа. Учир нь компани даатгалын үйл ажиллагааныхаа хувьд ашигтай ажилласан ч ерөнхий болон борлуулалт, маркетингийн зардал нь хэт өндөр байгаа юм.
Эцэст нь… Даатгалын салбар нэг иймэрхүү. Ер нь харахад, манайд амьдралын даатгалын соёл суугаагүйгээс гадна хүн амын дунд үүний ач холбогдол, ашиг тусын талаар ойлголт хомс байх шиг. Уг нь энэ зуны үер мэтийн аюулыг мэдэрсэн хойноо ухаарах биш урьдчилж сэргийлээд даатгуулдаг болчихвол ч…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.