
Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол-Солонгосын Бизнес Форум зохион байгуулагдлаа. Уг форумын үеэр М-Си-Эс Групп Өмнөд Солонгосын тэргүүлэгч дижитал банк болох KakaoBank-тай хөрөнгө оруулалтын үндсэн нөхцөлийн баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүллээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд KakaoBank-наас М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай М банканд стратегийн хөрөнгө оруулалт хийхээс гадна зээлийн скорингийн загварыг боловсруулах, дижитал санхүүгийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах юм.
Энэ үеэр KakaoBank-ны Гүйцэтгэх захирал Юн Хо Юнг “KakaoBank нь Засгийн Газрын инновацлаг санаачилгын тусламжтайгаар өөрсдийн гэсэн зээлийн скорингийн загвараар дамжуулан санхүүгийн хүртээмжийг сайжруулж, дунд болон бага зээлийн түүхтэй харилцагчдад ₩16 их наядын зээл олгосон. Хүн амын насжилт харьцангуй залуу, дэвшилтэт, дижитал дэд бүтэцтэй Монгол Улсын хувьд хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх асар их боломжтой. М-Си-Эс Групптэй байгуулсан стратегийн түншлэлийнхээ хүрээнд бид M банкны зээлийн үнэлгээний чадавхыг сайжруулан, зээлийн скорингийн загваруудыг хөгжүүлж, 2 улс хамтдаа хөгжих боломжтой, хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн экосистемийг бий болгох болно” хэмээсэн юм.

Мөн тодорхой гэрээ хэлэлцээрүүд болон шаардлагатай журмуудыг гүйцэтгэж дуусгасны дараагаар KakaoBank М банканд энэ онд багтаан хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Хамтын ажиллагааны хүрээнд 2 байгууллага санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, зээлийн үнэлгээг сайжруулах, олон улсын дижитал банкны туршлагыг солилцох зэрэг олон чиглэлд хамтран ажиллах бөгөөд энэ хамтрал нь Монгол Улсын банкны салбарт томоохон дижитал банк хамтрахаар болсон анхны тохиолдол болж байгаа юм.
Эх сурвалж: М банк
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.