
Өнгөрсөн 7 хоногт гарсан хүн ам, орон сууцны завсрын тооцооллоор гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн тоо 201.4 мянгад хүрчээ. Энэ нь 5 жилийн өмнөхөөс 79 мянгаар буюу ойролцоогоор 64% өссөн үзүүлэлт юм. Хууль ёсоор бүртгэгдсэн нь л энэ гэхээр… 🤕
🇰🇷 Өмнөд Солонгост бумаараа
Өмнөд Солонгост хамгийн их монголчууд байгаа буюу 51.2 мянга, араас нь Америкт 31.8 мянга, Японд 19.1 мянга, Австралид 14.5 мянга, Чехэд 10.5 мянга, Германд 9.3 мянга гэх зэргээр суурьшиж буй. Өөрөөр хэлбэл, зөвхөн эдгээр зургаан улсад нийт гадаадад суугаа иргэдийн 68% нь төвлөрчээ.
🌍 Улс орны онцлог
Улс орноор нь харвал суурьшлын хэв шинж ихээхэн ялгаатай. Тухайлбал, Казахстан дахь монголчуудын 55.4% нь 6+ жил амьдарсан бол Америкт энэ үзүүлэлт 41.2%, Австрид 41.1%, Францад 39.9% байна. Харин Хятадад амьдарч буй монголчуудын 82.9% нь 5 жилээс бага, Японд 78.4% нь 5 жилээс бага хугацаатай байна.
Эцэст нь… Гадаадад байгаа иргэд 201 мянгад хүрсэн гэдэг нь зөвхөн статистик тоо биш. Харин Монголын хөдөлмөрийн зах зээлээс гарч буй хүн амын хэмжээ, гадаадад бий болж буй Монголын диаспора, цаашлаад Монгол руу чиглэх мөнгөн гуйвуулга, ур чадварын эргэлт зэрэг асуудлыг зэрэгцүүлэн харах шаардлагатайг харуулсан тоо юм. Эрх баригчид маань нэгийг бодом зээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.