
Одоогоос 14 жилийн өмнө 2011 онд л ТЭЦ-5 буюу дулааны 5-р цахилгаан станцыг юу юугүй барихаар зэхэж байлаа. 2012 онд ТЭЦ-5 удахгүй баригдана гэж шуурч байв. ТЭЗҮ боловсруулж тендер зарлаад л. Харин одоо энэ асуудал юу болоод байна вэ?
🧐 Ямар гээч дуншсан станц вэ?
2012 онд ярьж байснаар бол аль 2015 онд 450 МВт-ын хүчин чадалтай станцтай болчихоор байв. Гэтэл 2013 онд станцын байршлыг дахин сольж, үүнээс цааш 2016 он хүртэл гүйцэтгэгч компанийн нэр янз бүрээр солигдож, хувь эзэмшил яригдаж, гэрээ хүртэл үзэглэсэн ч хуулийн орчин тодорхойгүй гэх шалтгаанаар бүтэлгүйтэж байв.
🔍 2025 онд юу өөрчлөгдөв?
Одоогийн ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Таван шар, 21-р хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4-р хороолол, 1-р хорооллыг дулаанаар хангана гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулах учиртай. Хэрэгжүүлэх өртөг нь $600 сая. Үүний 20%-ийг нийслэл, үлдсэн 80%-ийг нь төр, хувийн хэвшил гаргахаар тохирсон юм байх.
🔖 Тодорхой ба тодорхой биш
Шунхлай Холдингийн тухайд 2005 онд үүсгэн байгуулагдаж 15 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж буй. Харин Камбож улсын харья MiTime компанийн хувьд 2022 онд Митайм монголиа гэх компанийг үүсгэн байгуулж Монголд эрчим хүчний чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг. Уг компанийн мэдээлэл хомс бөгөөд FB хаяг нь 4 дагагчтай. Хамгийн гол нь MiTime гэх компани өмнө нь Тавантолгойн цахилгаан станцын тендерийг гацааж, шүүхтэй орооцолдож байв.
Эцэст нь… Бид эрчим хүчний асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй байгаа. Гэтэл чухал төслүүдийн тендерт гаднаа гяланцаг материалтай, дотроо паланцаг байдалтай хэн нь мэдэгдэхгүй компани тунасан байх гэж.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.