Ерөнхий сайдын Америкт хийж буй айлчлал эхэллээ. Бид айлчлалын эргэн юу болж буйг тухай бүрд нь энэ хуудсаар дамжуулан мэдээлэх тул сонирхож байвал уншаарай.
Өнгөрсөн хугацаанд Монголын гуравдагч хөрштэйгөө хийсэн гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг 4 чиглэлд хэр ахицтай байсныг харцгаая.
Гадаад худалдаа
Монгол сүүлийн 10 жилд Хятадтай $84.7 тэрбум, Оростой $17.4 тэрбумын худалдаа хийжээ. Харин Америктай хийсэн худалдаа Хятадынхаас 31.4 дахин бага байна. Түүнчлэн өнгөрсөн онд Монгол Америкаас импортоор $374.8 саяын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн авсан бол экспортолсон бараа бүтээгдэхүүн нь импортоосоо 29.5 дахин бага буюу $12.7 сая байв. Илүү гүн,
Хөрөнгө оруулалт
Өнгөрсөн III улирлын байдлаар Монголын нийт гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын ердөө 3.5%-ийг Америк бүрдүүлсэн бол Хятадынх 24.7%, Оросынх 0.1%-ийг бүрдүүлжээ. Сонирхуулахад, Америкаас Монголд орж ирсэн ГШХО 2013 онд хамгийн их буюу нийт ГШХО-ын 7.2%-ийг бүрдүүлж $232 саяд хүрч байв.
Аялал жуулчлал
Сүүлийн 8 жилд Америкаас 95,304 жуулчин ирсэн бөгөөд энэ нь нийт жуулчдын дунджаар 3.2%-ийг бүрдүүлсэн бол Оросынх 35.2%-ийг, Хятадынх 22.9%-ийг тус тус бүрдүүлжээ.
Тусламж дэмжлэг
2004 оноос хойш Америкийн олон улсын хөгжлийн агентлагаас Монголын тусгаар тогтнол, ардчиллыг дэмжихэд нийт $123 саяын дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн Мянганы сорилтын сангийн эхний болон хоёр дахь компакт гэрээгээр нийт $635 саяын буцалтгүй тусламж аваад буй. Хамгийн сүүлд гэхэд л цэвэр эрчим хүчийг дэмжих тусламжийн хөтөлбөрөөр $12 саяыг авсан аж.
Эцэст нь… Америк болон Монголын худалдаа, хөрөнгө оруулалтыг хоёр хөршийнхтэйгөө харьцуулахад өдий байна даа гэж бодогдох шиг. Гэсэн ч хоёр хөршөөсөө хамааралтай байхаа багасгая л гэвэл дээрх салбаруудад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь зайлшгүй юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.