
Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт энэ 7 хоногт Монголд ирнэ. Гүйцэтгэх захирлаар томилогдоод яг нэг жилийн босгон дээрээ Монголд ирж, Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын сайд нартай уулзах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Түүний ирж буй шалтгаан нь мэдээж өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон Рио Тинтогийн хийсэн яриа хэлэлцээрийг баталгаажуулах асуудал байх болов уу. Харин Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт монголчуудын хувьд шинэ хүн. Өмнө нь тус компанийн төмрийн хүдрийн бизнесийг удирдаж байсан нэгэн. Жилд 320 сая тонн төмрийн хүдэр олборлож борлуулдаг төмрийн хүдрийн групп нь Риогийн хамгийн том бизнесийн салбар. Харин Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш тэрбээр Рио Тинтогийн зэс, лити гээд чухал түүхий эдийн төслүүдийн ашиглалт, хөгжүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Энэ хүрээндээ Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Гвинейн Ерөнхийлөгч Мамади Доумбоуяа гээд Рио Тинтогийн хамгийн том, хамгийн чухалд тооцогдох төслүүд хэрэгжиж буй улсуудын тэргүүнүүдтэй дараалан уулзсан байдаг. Түүний энэхүү уулзалтууд нь Рио Тинтогийн стратегийн хамгийн чухал төслүүддээ улс төрийн дэмжлэгийг нь баталгаажуулсан гэхэд болох юм. Нөгөө талаас Америкийн Ерөнхийлөгч Трампын бодлого, тус улсын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхол, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейн гадаадын томоохон хөрөнгө оруулалт татахыг зорьж буй зорилттой нийцэж байгаа юм. Харин одоо тэр Риогийн өсөлтөд жинтэй нөлөө үзүүлж буй Оюу толгойн хамтрагч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах болно. Энэхүү уулзалтаас өмнө Саймон Троттын өмнөх уулзалтууд ямар ач холбогдолтой байсныг эргэн сөхье.
2025 оны 8-р сарын 19-нд шинээр Гүйцэтгэх захирлын ажлаа хүлээн авахаар бэлтгэж байсан Саймон Тротт, тухайн үеийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушхольм болон BHP-н Гүйцэтгэх захирал Майк Хенри нар Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсан.

Уулзалтын гол асуудал нь Аризона муж дахь Resolution Copper төсөл байв. Рио Тинто 55%, BHP 45%-ийг эзэмшдэг энэ төсөл нь Америкийн зэсийн хэрэгцээний 25% хүртэлхийг хангах боломжтой томоохон нөөц боловч газар ашиглах, байгаль орчны үнэлгээ, уугуул иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой шүүхийн маргаанаас шалтгаалан олон жил саатсан юм. Уг төслийн менежментийг хариуцаж байгаагийн хувьд шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байв. Уг уулзалт болох үед төслийн үйл ажиллагаанд зориулж хийсэн газрын солилцоотой холбоотой шийдвэрийг Америкийн Давж заалдах шатны шүүх түр зогсоогоод байлаа.
Харин Трампын засаг захиргаа дотоодын чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг дэмжих бодлогын хүрээнд Resolution Copper-г ашиглах төслийг хүчтэй дэмжсэн нь уг төслийг тойрсон улс төрийн орчныг эрс өөрчилсөн гэхэд болно. Геополитикийн нөхцөл байдал, Трампын тарифын бодлого гээд Америкийн зэсийн салбар хүндхэн байдалтай тулгарсан. Ийм үед дотоодын зэсийн нийлүүлэлтийг дэмжих, тэр дундаа барууны хөрөнгө оруулалттай төслүүдийг яаравчлан хөдөлгөх замаар зэсийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх нь Америк, Трампын хувьд шийдвэрлэх учиртай нэг асуудал байсан юм.
Энэхүү уулзалтаас 7 сарын дараа Resolution Copper-т тулгарч байсан томоохон гацаа тайлагдсан. 2026 оны 3-р сарын 13-нд шүүх газрын солилцоотой холбоотой шийдвэрийг зогсоох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гуравдугаар сарын 16-нд Америкийн Ойн алба болон Resolution Copper газрын солилцоотой холбоотой асуудлыг бүрэн эцэслэсэн юм. Томоохон хэвлэлүүд Саймон Тротт болон Трампын уулзалтыг Rio Tinto-н хувьд олон жил гацсан Resolution Copper төслийг зөвшөөрлийн шатнаас бодит бүтээн байгуулалтын хөгжүүлэлтийн шатанд гаргахад чухал нөлөө үзүүлсэн улс төрийн дээд түвшний уулзалт болсон хэмээн дүгнэж байгаа бол нөгөө талаас Америкийн Ерөнхийлөгч Доналд Трампыг тулгамдсан нэг асуудлаа богино хугацаанд шийдвэрлэж чадсан уулзалт боллоо хэмээн онцолж байв. Resolution Copper төсөл Америкийн дотоодын зэсийн нийлүүлэлтэд томоохон нөлөө үзүүлэх төсөл. Rio Tinto, BHP одоо төслийн дараагийн шатанд ойролцоогоор $500 саяыг зарцуулж, өрөмдлөг, дэд бүтцийн шинэчлэл зэрэг бэлтгэл ажлыг үргэлжлүүлж байна.
Вашингтоны уулзалтаас ердөө нэг хоногийн дараа буюу 2025 оны 8-р сарын 20-нд Саймон Тротт Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй Буэнос-Айрес хотод уулзсан.

Уг уулзалт нь Аргентины Ерөнхийлөгчийн хувьд уул уурхайн салбар, тэр дундаа литийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, томоохон хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын орчныг баталгаажуулах замаар бусад томоохон хөрөнгө оруулагчдыг урихад чиглэсэн хэмээн хэвлэлүүд дүгнэж буй. Лити бол Рио Тинто болон Аргентин улсын ашиг сонирхол огтлолцож буй гол цэг. Аргентин улс Рио Тинто-н хувьд чухал түнш нь. Учир нь Рио Тинто дэлхийн эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор чухал түүхий эдийн нийлүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулж байгаагийн нэг нь лити юм. Харин Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей гадаадын томоохон хөрөнгө оруулалт татах замаар эдийн засгаа сэргээн босгож хөгжүүлэхэд ихээхэн анхаарч буй. Тус улс литийн асар их нөөцтэй бөгөөд түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах замаар экспорт, ажлын байр, эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогоо гаргасан.
Рио Тинто-н Аргентин дахь гол төсөл нь Salta мужийн Rincon. Аргентины Засгийн газар 2025 оны 5-р сард Rincon-г Милейн том хөрөнгө оруулалтыг дэмжих RIGI бодлогод стратегийн экспортын төсөл хэлбэрээр албан ёсоор оруулсан. RIGI гэдэг нь Хавьер Милей Ерөнхийлөгчийн гаргаж тавьсан “Томоохон хөрөнгө оруулалтын урамшууллын систем” гэж хэлэхэд болно. Төсөл эхний шатанд жилд 53 мянган тн, цаашид 60 мянган тн литийн карбонат үйлдвэрлэх зорилготой. Рио Тинто уг төслийн хөгжүүлэлтэд $2.5 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ оны 3-р сард IFC, IDB Invest, Export Finance Australia болон Японы JBIC-аас нийт $1.175 тэрбумын санхүүжилт босгосноор уг төсөл төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалтын шатанд шилжсэн гэхэд болно. Үйлдвэрийн болон талбайн дэд бүтцийн ажил үргэлжилж байгаа бөгөөд анхны үйлдвэрлэлийг 2028 онд эхлүүлж, дараагийн 3 жилд бүрэн хүчин чадалд хүргэхээр төлөвлөсөн. Рио Тинтогийн Аргентины сонирхол зөвхөн Rincon-р хязгаарлагдахгүй. Arcadium Lithium-г $6.7 тэрбумаар худалдан авснаар Fénix, Sal de Vida, Olaroz зэрэг ажиллаж буй болон хөгжүүлж буй литийн төслүүд бий.
Ингэснээр тус компани Аргентинд нэг шинэ уурхай хөгжүүлэхээс илүүтэй үйлдвэрлэл–өргөтгөл–шинэ бүтээн байгуулалтыг хослуулсан литийн томоохон кластер бий болгож байгаа гэхэд болно. Энэ нь Аргентин улсын дэлхийн литийн зах зээлд том үйлдвэрлэгч, нийлүүлэгч болох зорилготой нийцэж байгаа юм. Тиймээс Тротт–Милейн уулзалтын цаад утга нь хоёр талын стратегийн сонирхлын огтлолцол гэхэд болно.
Америк, Аргентин гээд түншүүдтэйгээ урт хугацааны хамтын ажиллагаагаа улам бүр баталгаажуулж чадсан Саймон Тротт өөр нэгэн түнштэйгээ уулзахаар Монголд ирж байгаа нь энэ.

Оюу толгой бол Рио Тинтогийн хувьд өндөр ач холбогдолтой уурхай. Монгол Улс бол урт хугацааны чухал түнш. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто хооронд удаан үргэлжилсэн хэлэлцээр тохиролцоонд хүрсэн гэдгээ талууд харилцан мэдэгдээд байгаа. Энэ үед Монголд ирж байгаа Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт болон Ерөнхий сайд Н.Учрал нар ямар тохиролцоонд хүрэх нь хамгийн сонирхолтой. Хоёрхон сарын жижиг асуудал ярих уу, 20, 40 жилийн найдвартай түншлэлээ баталгаажуулсан хамтын ажиллагааг ярих уу гэдэг нь сонирхолтой юм.
Эх сурвалж: Mining insight
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.