Lead With булангийн ээлжит дугаарт банк, санхүү, уул уурхай, гадаад худалдаа, үндэсний үйлдвэр, хөрөнгийн зах зээл гээд олон салбарт удирдах түвшинд ажилласан туршлагатай Б.Гантулга оролцож өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.
Бид түүнтэй 60 жилийн түүхтэй, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Сүү ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2 дахь удаагаа томилогдон ажлаа хүлээж аваад удаагүй байхад нь уулзсан юм. Нийт хүн амын 86.8%-ийг хамардаг Сүү ХК (SUU)-н цэвэр борлуулалтын орлого энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38% өсөж ₮73.5 тэрбумд хүрч, ашиг нь 2.3 дахин өссөн. Өөрөөр хэлбэл, дотоодын зах зээлд хэдийнэ өөрийн байр суурийг тамгалсан тус компани Б.Гантулгын удирдлага дор дэлхийн зах зээлд гарахаар ийн тэмүүлж байна.
Боловсрол:
Карьер:
Таны манлайлах арга барил, философи юу вэ?
Гүйцэтгэх удирдлагын хувьд хамгийн чухал зүйл нь очих цэгээ зөв тодорхойлох байдаг. Үүний дараа тухайн компани очих цэгтээ хүрэхийн тулд юу юуг хийсэн байх вэ гэдэг жижиг зорилтууд нь хялбар гардаг.
Манлайлагч хүнд байх ёстой 1 чанар?
Тасралтгүй хөгжих. Манлайлагч хүн өөрөө тасралтгүй хөгжигч, шинийг эрэлхийлэгч байснаар компани нь манлайлах боломж бүрддэг
Таны хэзээ ч мартдаггүй манлайллын түүх?
Хувь хүнийхээ хувьд банкны салбарт ажиллаж байгаад уул уурхай, гадаад худалдааны компанид ороход мэдэхгүй болоод чадахгүй зүйл ямар ихтэй вэ гэдгээ ойлгосон. Тэндээсээ дотоодын томоохон үйлдвэрт ороход дахиад л бүх зүйл өөр, хийх ажил, уулзаж буй хүмүүсээсээ эхлээд бүгд шинэ санагдаж ахиад л сурах зүйл их байлаа. Тэгэхээр хүн би болчихсон байна гэж огт бодож болдоггүй юм байна. Тасралтгүй сурсаар, эргэн тойрноосоо нөлөөлөл авч хувьсан өөрчлөгдсөөр байдаг тул өнөөдөртөө ханаад байж болохгүй гэдгийг л маш сайн ойлгосон доо.
Таны карьераас бидний мэдэх ёстой чухал зүйл?
1. 2014 онд намайг Сүү ХК-ийн захирал болоод ирж байх үед монголчууд монгол сүүгээ хэрэглэдэггүй байсан. Импортын сүүнүүд дэлгүүрийн лангуу дээр, харин монгол сүү “Сүү аваарай” гэж гудамжинд зарагддаг байлаа. Үүнийг бид өөрчилсөн. Энд маш олон талын оролцоо байсан ч манлайллыг нь манай багийнхан авч ирсэн гэж хардаг. Өөрөөр хэлбэл, тухайн үед 5% байсан импортын сүүний албан татварыг 15% болгоход бид манлайлан оролцсон. Цаашлаад сүүний үйлдвэрүүдийг НӨАТ-аас чөлөөлсөн. Тэр үед сүү импортолдог компаниудын нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан ч одоо нөхцөл байдал өөрчлөгдөж томоохон дэлгүүрийн лангуу дээр дотоодын үйлдвэрүүд л хоорондоо өрсөлдөж байна. Харин одоо бид үйл ажиллагаагаа ОУ-ын зах зээл рүү чиглүүлнэ.
2. Мөн Нийгмийн даатгалын багц хууль, тэр дундаа тэтгэврийн шинэчлэлийн ажил миний карьертай салшгүй холбоотой.
3. 2005 онд ХасБанк мастер картыг зах зээлд нэвтрүүлэхээр Картын төв байгуулахад менежерээр нь ажиллаж эхэлсэн. Тухайн үед банкны салбарын хамгийн том бүтээгдэхүүн нь хадгаламжийн, зээлийн, мөнгөн гуйвуулгын гэсэн 3 бүтээгдэхүүн байлаа. Иймд Master card бол баян хүний хэрэглээ гэсэн ойлголтыг халж оюутнууд, бүх төрлийн компанийн цалинг бэлнээр бус картаар авах боломжит шийдлийг санал болгон зэх зээлд нэвтрүүлсэн. Энэ нь банкны хувьд маш богино хугацаанд асар их харилцагчтай болох суурийг тавьсан.
4. LendMN компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах 8 сарын хугацаанд ₮8 тэрбумын активтай байсныг ₮28 тэрбум, ашиг нь мөн даруй 3 дахин нэмэгдсэн байдаг.
Ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд хийсэн хамгийн сайн хөрөнгө оруулалт тань юу байсан бэ?
ХасБанканд ажиллаж байх хугацаандаа карьерын хувьд нэлээд өсөлттэй явж байсан ч өөр салбарт, өөрийгөө илүү өөр талаас нь сорьж үзье хэмээн ажлаасаа гарч байсан тэр шийдвэр маань юм болов уу. Энэ шийдвэрийг гаргаснаар би өдгөө хэд хэдэн салбарт гүйцэтгэх удирдлагын түвшинд ажиллаж, манлайлал, карьерынхаа хувьд нэлээд туршлагыг хуримтлуулж чадсан байна.
Хэрхэн үргэлжлүүлэн суралцаж, өсөн дэвжиж байна вэ?
Ном нэлээд уншдаг байсан бол одоо тэр дадал маань хуваагдаж хүссэн мэдээллээ ихэвчлэн интернэтээс авдаг болсон. Энэ нь хэрэгтэй мэдээллээ, хүссэн цагтаа бүхий л төрлөөр хайлт хийж нэг дороос авах асар том боломжийг олгож буйгаараа давуу талтай учир цаг үеэсээ хоцрохгүйн тулд яах аргагүй үндсэн хэрэглээ болсон байна.
Та хэдэн хүнтэй баг удирддаг вэ?
Сүү компанийн хувьд 550 орчим хүн ажиллаж байна. Мөн 2,500 гаруй фермер буюу гэрээт ажилчид бий.
Таныг өнөөдрийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн эсвэл үйл явдал?
Төрөл бүрийн салбарын компанид ялангуяа удирдах албанд ажиллахад танилцсан хүмүүс, хамтран ажиллаж байсан багийнхан маань бүгд л өнөөдрийн намайг бий болгоход нөлөөлсөн гэж боддог.
Таны ажлын ноу хау?
Чухал, яаралтай ажлуудыг эн тэргүүнд хийж дуусгах. Хийх ажлын жагсаалт их бий. Гэхдээ тэнд бичсэн зүйлсээ хийсээр байтал чухал ажлууд хоцрох нь бий. Тиймээс би ажлыг,
Гүйцэтгэх захирал гэдэг өөрөө ганцаардмал ажил. Урт хугацааны том зорилтдоо хүрэхийн тулд хэдэн жилээр хүлээж, түүн рүүгээ зүтгэдэг учир өнөөдрийн чухал ажлаа хийж дуусгасан гэдгээсээ дараагийн ажлын өдрийн эрч хүчийг авч цааш явдаг юм байна.
Карьераа амжилттай удирдахад анхаарах зүйл?
Миний хувьд сүүлийн 20 жил тасралтгүй ажилласнаас 17 жилд нь удирдлагын ажил, 13 дахь жилдээ гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ажлын гараагаа ХасБанкнаас эхэлж байлаа. Тухайн үед олон жил тэндээ ажиллах юм байна хэмээн бодож байсан ч 5 жил ажилласны дараа өөр салбарт ажиллах шийдвэрийг гаргасан. Тэгэхээр карьер төлөвлөлтөд цор ганц энэ л зөв гэсэн жор байхгүй бөгөөд хүн бүр өөр өөрийн мэдлэг, ур чадвар, нөөц боломж, тухайн цаг үеийнхээ байдлаас улбаалан карьераа удирдах нь зөв шиг санагддаг шүү.
Та хаанаас мэдээлэл авдаг вэ?
MarketWatch, Lemon Press Newsletter
Санал болгох ном?
Ричард Дин, Crowdpleaser. Томоохон илтгэгчдийн илтгэл, ярилцлагуудаас түүвэрлэн тэдний хэрхэн илтгэлээ бэлддэг, тоо, эх сурвалж зэргээ яаж сонгож оруулдаг зэргийг жишээнд тулгуурлан нарийн харуулсан ном.
Санал болгох подкаст?
TED.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.