Lead W/ ярилцлагын шинэ дугаарт Монос группийн Гүйцэтгэх захирал Х.Ананд оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.
Түүний удирдлага дор Монос групп үйл ажиллагааны 2 дахь том чиглэлээ хүнс үйлдвэрлэл болгож, стратегийн томоохон шилжилтийг амжилттай хийж буй. Сүүлийн жилүүдэд тус групп үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөж, шинэ бүтээгдэхүүн, бизнесээр үйл ажиллагаагаа тэлэхийн сацуу Орос, Төв Азийн зах зээлд экспортын гарцаа нээсэн нь онцлог байлаа.
Боловсрол:
Карьер:
Таны манлайлах арга барил, философи юу вэ?
1. Монос группийн хувьд Гүйцэтгэх захирлууддаа бүх эрх мэдлийг өгч, тэр чинээгээр өндөр хариуцлага тавьдаг. Мөн тэр хэмжээгээр урамшуулдаг зарчимтай. Өөрөөр хэлбэл, охин компаниудынхаа ажилд оролцохгүйгээр хариуцаж байгаа захирлуудад бүх эрх мэдлийг нь өгдөг. Харьяа компаниудын өдөр тутмын үйл ажиллагаа, менежментийн багийн ажилд оролцохгүйгээр зөвхөн Гүйцэтгэх захирлуудтай харилцах замаар мэдээллээ нэг урсгалтай болгодог. Зарим нь үүнийг хэт удаан процесс, шийдвэр гаргалтыг саатуулдаг гэдэг ч эцэстээ шийдвэр гаргах эрх, хариуцлага нь Гүйцэтгэх захирлуудад очдог.
2. Компаниудынхаа Гүйцэтгэх захирлаар өөрөөсөө илүү хүчтэй, чадвартай хүнийг сонгохыг хичээдэг. Жишээлбэл, би компани дотроо борлуулалтын хэлтэст байж үзээгүй. Эсвэл хүнс, эмийн сан, гоо сайхны компанийн захирлууд маань тухайн салбартаа надаас илүү сайн учраас тэр чиглэлийг удирдаж байгаа. Харин би тэднийг группийн соёл, ирээдүйн стратеги, зорилгоор нэгтгэж буй.
3. Ажилтнуудаа гаднаас гэхээсээ илүүтэй дотроосоо дэвшүүлэхийг тэргүүнд тавьдаг. Ойролцоогоор 3 ажилтан тутмын нэгийг гаднаас шинээр авах зарчимтай. Цоо шинэ соёл бий болгохоос илүү хуучин соёлоо шинэчилж компаниа удирдахыг илүүд үздэг гэх юм уу.
Манлайлагч хүнд байх ёстой 1 чанар?
Ажилчид, хамтран зүтгэгчид, түнш компаниуд зэргээр бүгдэд нь итгэж, итгэлцлийн харилцааг үүсгэх хэрэгтэй. Ерөнхий зарчмаа тохирсон байхад итгэлцэлд суурилсан бизнес харилцаа аль аль талдаа ажлын сайн бүтээмж, чанартай хамтын ажиллагааг бий болгож чаддаг шүү.
Таны хэзээ ч мартдаггүй манлайллын түүх?
30 гаруй жилийн түүхтэй Монголын бизнес, эрүүл мэнд, эмзүйн салбарт тэргүүлэх Монос групп компанийг үүсгэн байгуулсан аавынхаа түүхийг энд онцлох нь зүйтэй болов уу. Түүний хувьд Монос группийг зөвхөн бизнес талаас нь биш шинжлэх ухаан, эрүүл мэнд, цаашлаад салбарын мэргэжилтнүүдийг бэлдэх их сургуулийг хүртэл байгуулж цогцоор нь хөгжүүлж буй нэгэн.
Таны карьераас бидний мэдэх ёстой чухал зүйл?
1. “Чингис бонд”-оос санхүүжүүлэх 888 төслийн сонгон шалгаруулалт явагдаж байгааг олж мэдээд Монос хүнс (MFC)-ийн төслийг нэг шөнийн дотор бичсэн байдаг юм. Маргааш нь ажил дээрээ ирээд багийнхнаасаа ТЭЗҮ-ийг нь гаргаж өгөхийг хүсээд, шалгаруулалтын эцсийн өдрийн өглөө нь Засгийн газарт хүлээлгэн өгч байсан. Хэрвээ би ахиад нэг хоног бодож, эсвэл тэр өдөр залхуурсан бол өнөөдөр “Монос хүнс” гэж компани байх эсэх нь эргэлзээтэй. Миний хувьд өдөр болгон ямар нэгэн байдлаар 1 ба түүнээс дээш шийдвэр гаргалттай нүүр тулдаг. Энэ нь дадал болчихсон гэж болно. Тиймээс судлаад, бодоод, хойшлуулаад л байвал өөрчлөлтийн процесс ч удааширна. Өөрчлөлтийг бий болгож, ирээдүй рүү тэмүүлэхийн тулд сайн, муу үр дүнг түргэн дэнслээд шийдвэрийг маш хурдтай гаргах хэрэгтэй гэдгийн тод жишээ энэ юм болов уу.
2. Харьяа компаниудын захирлуудыг жилийн тайлангаар бус сар бүрийн KPI гүйцэтгэлээр дүгнэж, урамшууллыг борлуулалттай бус цэвэр ашигтай илүү уялдуулдаг болсон. Ингэснээр бүтээмж эрс сайжирсан шүү.
3. Монголд анх удаа хүний нөөцийн ISO стандартыг нэвтрүүлсэн. Өдгөө Монос группт ажилд орохоос гарах хүртэлх бүх явц ISO менежментийн дагуу явж байна.
Ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд хийсэн хамгийн сайн хөрөнгө оруулалт тань юу байсан бэ?
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хөрөнгө оруулсан компаниуддаа санал болгодог сургалтад хамрагдсан тэр үеийг энд онцолмоор байна. Учир нь, тус сургалт ердөө 7 хоногийн хугацаатай байсан ч миний хувьд ямар ч их сургууль, ямар ч номоос авч чадаагүй зүйлсийг сурч авсан.
Хэрхэн үргэлжлүүлэн суралцаж, өсөн дэвжиж байна вэ?
Их сургуульд олгох мэргэжил гэхээс илүүтэй голчлон ном, эсвэл цахим орчноос бизнес, худалдааны шинэ арга барил, трендээс суралцаж, мэдээлэл авч байна. Мөн бусад Гүйцэтгэх захирлуудын алдаа гаргасан кейсүүдийг сонсож, үүнээс нь суралцаж анализ хийдэг. Байнга өөрийн алдаанаасаа суралцах албагүй шүү дээ.
Та хэдэн хүнтэй баг удирддаг вэ?
2,900 орчим байна.
Таныг өнөөдрийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн эсвэл үйл явдал?
Аав, ээж хоёр маань. Би бага байхын л хичээлээ тараад шууд ажил дээр нь очиж, бүр хуралд нь хүртэл хамт суудаг байлаа. Оройн хоолны үеэр хүртэл ажлынх нь талаар сонсдог байлаа. Амьдралын энэ хэвшил маань цаагуураа аав, ээжийн өдөр тутмын ажлын арга барил, зарчмыг надад суулгаж, сургаж байж.
Таны ажлын ноу хау?
Карьерынхаа ихэнх үед хийх ажлаа жил, улирал, сар, долоо хоног, өдрөөр тус бүрд нь бичиж төлөвлөдөг байсан байна. Тухайн өдөрт хянах, шийдвэрлэх, боловсруулах асуудлуудаас эхлээд уулзах, утсаар ярих, мэйл бичих хүмүүсээ бичиж төлөвлөөд, дараа нь гүйцэтгэлдээ дүн тавьдаг байлаа. Мөн шинэ төслийн санаа төрөх бүрд тодорхойлолт, санхүүгийн тооцоолол, дуусах хугацаа, санхүүжилтийн эх үүсвэртэй нь хамт буулгаж, тэмдэглэж авдаг байсан.
Харин одоо групп томрох, ажилтнуудын тоо нэмэгдэх тусам өдөр тутмын ажлууд багасаж гол шийдвэр гаргалт, “гал гарч буй” гол цэгүүдэд очиж унтраах байдлаар ажиллаж байна гэхэд болно. Мөн стратеги, хөрөнгө оруулалт, шинэ төсөл гээд цөөн, том асуудалд анхаарах зарчмаар ажиллаж байгаа.
Карьераа амжилттай удирдахад анхаарах зүйл?
Залуус үргэлж суралцмаар байна гэдэг ч хамгийн чухал алхам нь болоод буй англи хэлний мэдлэгийг хойш тавиад байгаа нь анзаарагддаг. Англи хэлээ л сайжруулчихад цахим орчин дахь мэдлэгийн асар том бааз руу нэвтрэх боломж нээгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Карьерын хувьд жишээ дурдахад, миний харснаар илүү ихийг уншсан, шинэлэг мэдээллээр өөрийгөө тогтмол цэнэглэж чаддаг ажилтан тушаал дэвшиж, амжилттай ажиллаж буй нь ажиглагддаг шүү.
Та хаанаас мэдээлэл авдаг вэ?
Өмнө нь жилд 20 гаруй ном уншдаг байсан. Харин сүүлийн үед YouTube контентуудаас их зүйл сурч, мэдэж авч байна. Зарим сувгууд бизнесийн номуудаас илүү санаа, авах юмтай байдаг.
Санал болгох ном?
Альберт Райсын “Маркетингийн 22 хууль”, “Брэнд бүтэх 22 зарчим”-ыг захирлууддаа байнга санал болгодог. Мөн Сүнзийн “Дайтах урлаг”-ийг сүүлийн үед санал болгож байгаа.
Санал болгох подкаст?
Сонсдоггүй. Харин YouTube сувгуудаас гэвэл Company Man.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.