Хөрөнгийн Биржийн их цэвэрлэгээ
Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д өчигдөр их цэвэрлэгээ явагдлаа. Нийтдээ 8 ХК-ийг бүртгэлээсээ хасаж 172 ХК-тай байсан бол 164 ХК-тай болов.
🛒 Дахин шинэчлэгдсэн сагс
Богд Банк хаалттай ХК болж бүртгэлээс хасагдсан тул ТОП-20 индексийн багцаас ч гарсан билээ. Харин уг багцад шинээр Инновейшн инвестмент ХК (QPAY) нэмэгдээд байна. $QPAY-н хувьд 2024 оны сүүлээр буюу саяхан л ангилал ахиж II ангилалд бүртгэгдэж байв. Төлбөр тооцоонд чухал үүрэг оролцоотой $QPAY IPO хийснээсээ хойш хамгийн богино хугацаанд ангилал ахиж ТОП-20-н сагсанд орсон компани болж байна даа.
- 📄 Өөрийн хүсэлтээр: Бүртгэлээс хасагдсан Богд Банкны одоогийн нээлттэй байдал нь “Банкны 1 хувьцаа эзэмшигчийн эзэмшил хувь хэмжээ 20%-иас хэтрэхгүй байх” гэсэн хуулийн заалтыг биелүүлэхэд төвөгтэй байгаа зэргээс шалтгаалан хувьцаагаа эргүүлэн худалдан авах санал гаргаж ХЭХ-аараа хэлэлцсэний эцэст хасагдаж байгаа нь энэ.
- 🔻 ТОП-уудын уналт: ТОП-20 индекс ойрын үед базаахгүй байна. Өчигдөр л гэхэд өнгөрсөн сарын өндөрлөгөөсөө 5.9% унаж 50.8 мянган нэгжид хүрлээ. Угаас шинэчлэгдсэн ТОП-20 компанийн зах зээлийн үнэлгээг харвал он гарснаас хойш $KHAN, $MLG, $MNDL, $XAC гэсэн 4 компаниас бусдынх үнэлгээ цөм унажээ.
❌ Албан шахалтаар
Харин бүртгэлээс хасагдсан Богд Банкнаас бусад 7 ХК-ийн хувьд зарим нь бүр лого ч үгүй компаниуд. Энэ 7-гийн ямартай ч 4 нь МХБ-ийн шалгуур хангаагүй гэдэг шалтгаанаар хасагджээ. Угаас МХБ 2008 оноос хойш нийтдээ 256 компанийг бүртгэлээсээ хасаж байсны цөөнгүй хэсэг нь ил тод биш, жинхэнэ утгаараа ХК болоогүй компаниуд.
🧹 Цэвэрлэгээ, шинэчлэл хэрэгтэй
МХБ-д “F” үнэлгээтэй буюу бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн III ангиллын компаниуд бишгүй их. Эдгээрт шаардлага тавьж хасахыг нь хасах хэрэгтэй. Угаас ХК-ийн тоо биш чанар чухал шүү дээ. Нэмээд МХБ ХК-иудын ил тод байдал, тайлагналын стандартад хяналт тавьж хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, амар хялбар байх тал дээр ч анхаарах хэрэгтэй байгаа юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.