
Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа бид Өмгөөллийн Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, Б.Анирмаа нарын Финтек зээлийн өртөг, зохицуулагч байгууллагын эрх хэмжээ ба бизнесийн эрх чөлөө сэдвийн 2-р цуврал нийтлэлийг хүргэж байна. Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс уншина уу.
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) 2026 оны 10 сарын 14-ний өдрийн 441-р тогтоолоор ББСБ-уудын апп-аар олгох зээлийн сарын хүүг 4.5%-ийн дээд хэмжээтэй байхаар тогтоосон. Үүнээс 7 хоногийн дараа зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийг хязгаарлах тогтоолын төсөл нийтлэв.
Хуулиар нэг төрлийн үйлчилгээнд шимтгэл, хураамж давхардуулан авахыг аль хэдийн хориглож, үндэслэлгүй шимтгэл, хураамжийг бууруулах тусгай дараалал тогтоосон байхад СЗХ тэр механизмыг нийтлэг хоригоор сольж, дагалдах нөлөөллийн шинжилгээ, эдийн засгийн үндэслэлгүй Тогтоолын төсөл нийтэллээ.
Хууль нэг төрлийн үйлчилгээнд шимтгэл, хураамж давхардуулан авахыг аль хэдийн хориглосон
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.5-д банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд шимтгэл, хураамж давхардуулан авахыг хориглосон. Мөн 6.6-д бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоохыг шаардаж, СЗХ-нд хяналт тавих эрх олгосон.
Судалгаагүйгээр салбарын бүх оролцогчид хамаарах хориг тогтоох нь хяналт биш. Энэ нь хяналт шалгалтын чиг үүргээ шинэ зохицуулалтаар орлуулж, эрх хэмжээгээ хэтрүүлж байгаа тохиолдлын нэг болж байна.
Хуульд заасан механизмыг журмаар сольж болохгүй
Хуулийн 6.6, 6.7-д шимтгэл, хураамжийн хувь хэмжээг үндэслэлтэй тогтоохыг шаардаж, СЗХ-нд түүнийг бууруулах санал хүргүүлэх, саналыг хүлээн аваагүй тохиолдолд тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх олгосон. Уг дарааллыг хэрэгжүүлэх ажиллагааг одоо хүчин төгөлдөр Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмын 2.14, 2.15 дэмждэг.
Харин журамд өөрчлөлт оруулах Тогтоолын төслөөр тохиолдол бүрийн үндэслэлийг хянах энэ дарааллыг орхиж, мэдээлэл, лавлагаанаас бусад хураамжид урьдчилсан нийтлэг хориг тогтоох гэж байна. “Хяналт тавих, бууруулах санал гаргах, шийдвэрийг хүчингүй болгох” эрхийг “бүх салбарт урьдчилан хориглох” эрх болгон өргөтгөх нь хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй байгаа юм.
СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2: СЗХ-нд бүрэн эрхийн хүрээнд журам, шалгуур батлах ерөнхий эрх олгодог. Гэхдээ энэ ерөнхий эрх нь өөр хуулиар тусгайлан тогтоосон арга, дарааллыг бүхэлд нь өөрчлөх зөвшөөрөл биш. Энэ хязгаарлалт сүүлийн жилүүдийн төрийн бодлогод ч туссан. ЗГ 2023 онд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон заалтыг цөөрүүлэх, хууль тогтоомжтой зөрчилдсөн актыг хүчингүй болгох чиглэл өгсөн. Улмаар 2025 оны 12-р сард хуулиар тусгайлан эрх олгоогүй, хууль тогтоомжтой зөрчилдсөн актыг хүчингүй болгох арга хэмжээ авч, хагас жилийн дотор 1000 журам цөөлөхийг үүрэг болгосон.
Тогтоолын төсөл нийтэлсэн нь хууль ёсны ажиллагаа явуулсан гэсэн үг биш
Захиргааны ерөнхий хуулийн 59.1-д нийтээр заавал дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага гаргахаар заасан. Мөн 4.2-т захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэсэн, ил тод, үр нөлөөтэй, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байхыг шаарддаг.
Үүгээр зогсохгүй, хуулийн 61.4–61.6-д актын төсөлд урьдчилан нөлөөллийн шинжилгээ хийж эрх зүйн үндэслэл, зорилго, хамрах хүрээ; эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг; өрсөлдөөн болон эдийн засгийн үйл ажиллагаанд үүсэх саад; хэрэгжүүлэх хүний нөөц, техник, эдийн засгийн тооцоог тусгасан танилцуулга бэлтгэхийг шаардсан. Нөлөөллийн шинжилгээний аргачлал нь зах зээлд шинээр нэвтрэх саад, үнийн өсөлт, өрсөлдөөн болон бизнесийн нэмэлт ачааллыг тусгайлан тооцохыг шаарддаг.
Харин СЗХ-ны нийтэлсэн журамд өөрчлөлт оруулах Тогтоолын төсөлд ББСБ-уудын авч буй шимтгэл, хураамжийн төрөл, дундаж хэмжээ; аль төлбөрийг ямар баримтаар хүүд давхар шингээсэн гэж үзсэн; хоригийн дараа зээлдэгчийн нийт төлбөр хэдээр буурах; жижиг дүнтэй болон өндөр эрсдэлтэй зээлийн нийлүүлэлт хэрхэн өөрчлөгдөх; ₮10 тэрбумын доод хэмжээ өрсөлдөөн, төвлөрөлд ямар нөлөө үзүүлэх зэрэг судалгаа, тооцоолол нийтлээгүй байна.
Хүүгийн дараа шимтгэл, хураамж: Нийлмэл нөлөөг тооцоогүй хоёр хязгаарлалт
СЗХ 441-р тогтоолоор финтек зээлийн сарын хүүгийн дээд хэмжээг хязгаарласан. Ингэхдээ ББСБ-д хамааралгүй, ББСБ-ын зээлийн үйл ажиллагаанд үйлчлэхгүй гээд тодорхой заачихсан хуулийн (Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3.2) 17.4.2 дэх заалтыг үндэслэж гаргасан Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 4.5%-ийн тогтоолыг баримталсан. Гэвч энэ зохицуулалтын үр нөлөөг үнэлэх хангалттай хугацаа өнгөрөөлгүй, шимтгэл, хураамжийг хориглох дараагийн Тогтоолын төсөл нийтэлжээ. Энэ нь хуулийн үйлчлэх хүрээг тогтоолоор тэлж, хууль тогтоогчийн сонголтыг захиргааны байгууллага өөрчлөх үр дагавартай төсөл болсон. Цаашлаад дээрх хоёр шийдвэрийн нийлмэл нөлөөллийн тооцоог нийтэд танилцуулаагүй байна.
Шимтгэл, хураамжийг хориглосноор зээлдэгчийн мэдээлэл шалгах, технологийн систем ашиглах болон бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан гуравдагч этгээдэд төлөх бодит зардал арилахгүй. Иймд ББСБ уг зардлыг ашгаасаа нөхөх, үйл ажиллагааны зардлаа бууруулах, хүүд шингээх, бусад бүтээгдэхүүнд хуваарилах, зээлийн шалгуураа чангатгах эсхүл жижиг дүнтэй зээлээ зогсоох зэрэг арга хэмжээ авахад хүрч болзошгүй.
Олон улсын туршлага: Зохицуулалт нэрлэсэн хүү бус, зээлийн нийт өртөгт анхаардаг
Европын холбоо зээлийн нийт өртөгт хүү, шимтгэл, татвар болон зээлдүүлэгчид мэдэгдэж байгаа, хэрэглэгч зээлийн гэрээтэй холбоотойгоор зайлшгүй төлөх бусад зардлыг хамруулдаг. Эдгээр зардлыг харгалзан жилийн бодит өртгийг тооцож, хувиар илэрхийлэхээр зохицуулсан. Их Британийн Санхүүгийн зохицуулах байгууллага (FCA) өндөр өртөгтэй, богино хугацаат зээлийн хүү, шимтгэл, хураамжийг тус тусад нь бус, нийлбэр дүнгээр нь хязгаарлаж, зээлдэгчийн төлөх хүү болон бусад төлбөрийн нийт хэмжээг үндсэн зээлийн дүнгээс хэтрүүлэхгүй байхаар зохицуулсан.
Монгол Улсад ч зээлийн хүү, шимтгэл, хураамж болон гуравдагч этгээдийн тодорхой төлбөрийг нэгтгэн жилийн хувиар илэрхийлэх зээлийн бодит өртгийн аргачлал хүчин төгөлдөр үйлчилж байна. Иймд эхний хийх ажил нь энэ аргачлалыг бодитоор мөрдүүлж, зээлдэгчид гэрээ байгуулахаас өмнө нийт төлөх мөнгөн дүнг нэг стандартаар харуулах явдал.
OECD-н зөвлөмжөөр зохицуулалтын нөлөөллийн шинжилгээнд шийдвэрлэх асуудал, зохицуулалтын зорилго, боломжит хувилбарууд, тэдгээрийн зардал, үр өгөөж, хэрэгжилтийг хянах болон үр дүнг үнэлэх механизмыг авч үздэг. Харин СЗХ-ны нийтэлсэн Тогтоолын төсөл эдгээрийн алийг нь ч хангалттай харуулахгүй байна.
Хэрэглэгчийг өндөр өртөгтэй зээлээс хамгаалах нь зохицуулагчийн зорилго мөн боловч энэ зорилгыг хэрэгжүүлэхдээ зохицуулалтын эдийн засгийн үр нөлөөг урьдчилан тооцох шаардлагыг орхигдуулж болохгүй. Ялангуяа зээлийн хүү, шимтгэл, хураамжийг зэрэг хязгаарлах нь зээлийн нийт өртгийг бууруулахын зэрэгцээ зээлийн нийлүүлэлт, санхүүгийн үйлчилгээний хүртээмжид хэрхэн нөлөөлөхийг үнэлэх шаардлагатай. Иймд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон зохицуулалтын үр нөлөөг тооцох нь бие биедээ харшлах бус, харилцан уялдаатай хэрэгжих ёстой шаардлага юм.
Тогтоолын төсөлд нуусан таван тэрбум
Тогтоолын төслийн олон нийтэд өгсөн гол мессеж нь хэрэглэгчийн шимтгэл, хураамжийг бууруулах тухай. Гэтэл мөн Тогтоолын төслөөр финтек зээлийн үйлчилгээ үзүүлэх ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн босгыг ₮5 тэрбумаас ₮10 тэрбум болгон 2 дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Одоогийн журмын 3.2.2-т хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ ₮5 тэрбум байгаа.
Хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлага нэмэх нь эрсдэл даах чадварыг сайжруулах ач холбогдолтой ч ₮10 тэрбум гэх тоог ямар эрсдэлийн загвар, алдагдал даах чадвар, зах зээлийн төвлөрлийн тооцоогоор сонгосон нь тодорхойгүй байна. Шилжилтийн хугацаа, одоо ажиллаж буй жижиг ББСБ-ын эрх зүйн байдал, шинэ өрсөлдөгч зах зээлд орох боломжид үзүүлэх нөлөөллийг мөн танилцуулаагүй.
Хэрэглэгчийн шимтгэл, хураамжийг бууруулах нэрээр зах зээлд нэвтрэх босгыг хоёр дахин өсгөх нь техникийн засвар биш. Өрсөлдөөний бүтцийг өөрчлөх том шийдвэр. Үүнийг нэг Тогтоолын төсөлд хавчуулж, тооцоолол, судалгаагүй танилцуулсан нь СЗХ-ны ил тод байдлын ойлголт ямар түвшинд байгааг харуулж байна.
Эцэст нь
СЗХ зохицуулагч байгууллага гээд зах зээлийг хүссэнээрээ засварлах эрхгүй. Хуулиар байгуулагдсан, хуулиар хязгаарлагдсан захиргааны байгууллага болохын хувьд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн 3.1.15-д хуульд зааснаас бусад тохиолдолд төр үнэ тогтооход оролцохгүй байх зарчмыг баримтлах ёстой. Мөн 4.3-т үнэ, нийлүүлэлтийн хязгаарлалтыг зөвхөн тодорхой хугацаагаар тогтоох, 4.4-т бизнесийн зардлыг нэмэгдүүлэх зохицуулалтыг ердийн тохиолдолд баталснаас хойш зургаагаас доошгүй сарын дараа мөрдүүлэх зохицуулалтыг ч шийдвэр гаргах үйл ажиллагаандаа үндэслэх ёстой.
СЗХ 7 хоногийн дотор хүүгийн хязгаарыг албадан мөрдүүлж, үр нөлөөг нь үнэлэхээс өмнө шимтгэл, хураамжийг хориглох болон хөрөнгийн босгыг давхар өөрчлөхөөр оролдож байна. Энэ нь нотолгоонд суурилсан, урьдчилан таамаглах боломжтой зохицуулалт бус, улс төрийн шаардлагад тааруулсан захиргааны кампанит ажилтай илүү төстэй байна.
Иймд СЗХ Тогтоолын төслийг яаравчлан батлахаас өмнө дараах арга хэмжээг авах ёстой:
Хуулиар олгосон эрх хэмжээнээс давсан зохицуулалт нь зээлдэгчийг хамгаалахын оронд зах зээлд тодорхой бус байдал, хууль зүйн эрсдэл үүсгэдэг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.