Lead With булангийн ээлжит дугаарт харьцангуй залуу ч банк, санхүүгийн салбар тэр дундаа Капитрон банканд карьерынхаа ихэнх түүхийг бичиж, салбартаа чамгүй туршлага хуримтлуулсан Б.Чандмань оролцож өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.
Боловсрол:
● 2005 - Нийслэлийн ЕБ-ын 1-р сургууль
● 2012 - Осака их сургууль, эдийн засаг бакалавр
● 2013 - Осака их сургууль, эдийн засаг, санхүүгийн инженерчлэлээр магистр
Карьер:
● Японы Табио компанид, Маркетингийн хэлтэс, Маркетер /2012-2013/
● Капитрон банк, Байгууллагын банкны газар, Теллер /2013-2013/
● Капитрон банк, Байгууллагын банкны газар, Зээлийн эдийн засагч /2013-2014/
● Skypath Partners LLC, шинжээч /2014-2015/
● Капитрон банк, Хөрөнгийн удирдлагын газар, Ахлах дилер /2015-2018/
● Капитрон банк, Мэдээллийн технологи, цахим банк хариуцсан Дэд захирал /2018-2020/
● Капитрон банк, Гүйцэтгэх захирлын орлогч /2020-Одоог хүртэл/
Таны манлайлах арга барил, философи юу вэ?
Аливаа газар удирдах түвшинд ажиллаж байгаа хүн алсын хараагаа эхлээд зөв тодорхойлсон байх хэрэгтэй. Тэгээд өөрөө бүхнийг чаддаг байхаас илүү тухайн чиглэл чиглэлдээ мэргэшсэн, чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлэх хэрэгтэй. Тэр багаа өөрийн алсын хараа зорилгодоо нэгтгэж, хүлээх үр дүнгээ тодорхой болгосны дараа ажилтнуудынхаа хамгийн бүтээмжтэй ажиллах сэтгэлзүйн болон бусад нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй гэж боддог.
Манлайлагч хүнд байх ёстой 1 чанар?
Аливаа багийг ахалж байгаа хүн үр дүнд чиглэсэн зөв шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Зарим үед хамтын шийдвэр гардаг ч, шаардлагатай үед ганцаараа, хурдан хугацаанд шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Миний туршлагаас харахад, энэ чадвараа сайжруулахын тулд тэгш мэдээллээр өөрийгөө хангаж, гаргасан шийдвэртээ тогтмол хугацааны дараа дүгнэлт хийж, буруу байсан бол дараагийн удаа засах, зөв байсан бол юун дээр оносноо ойлгоод явбал их хэрэгтэй санагдсан.
Таны хэзээ ч мартдаггүй манлайллын түүх?
Японы Табио компанид ажилладаг байхад сар бүр цалингийн гүйлгээний хуудастай хамт гүйцэтгэх захирлын мессежтэй дугтуй ажилтнуудад ирдэг байлаа. Тэр мессеж нь энгийн боловч цаанаа компанийн үнэт зүйлсийг агуулсан, хүнд урам зориг өгөхөөр маш сонирхолтой жижиг түүхүүдийг багтаасан байдаг байлаа. Тэр түүхээ захирал өөрөө олж бичдэг байсан нь ажилтнуудыг цалинтайгаа хамт захирлынхаа илгээх түүхийг хүлээдэг болгосон байсан юм. Мөн захирал ажилд орж байгаа, ажлаас гарч байгаа гээд бүх хүнд өөрийн биеэр хүндэтгэл үзүүлдэг байсан нь миний санаанаас гарахааргүй тод үлдсэн манлайллын сайн түүх юм. Ажлыг хүн л хийдэг гэдгийг ойлгуулж, ажилтнуудынхаа үнэ цэнийг нэн тэргүүнд тавьдаг захирал шиг санагдсан.
1. Капитрон банканд ажиллаж эхэлсэн үеэс одоог хүртэл 10 жилийн хугацаанд манай банк хэмжээгээрээ 10 дахин томорсон байна. Энэ бүх бүтээн байгуулалтад баг хамт олноороо оролцсондоо баярладаг.
2. Жижиг компанийг эзэн, дунд компанийг захирал, том компанийг соёл удирддаг гэдэг. Манай байгууллага дундаас том руу шилжилт хийх үед соёлын үндсэн элемент болох үнэт зүйлс, алсын хараа, эрхэм зорилгыг шинэчлэх ажлыг зохион байгуулсан. Манай банкны үнэт зүйлс Хурд, Хариуцлага, Зогсолтгүй хөгжил, Зориулсан үйлчилгээ гэж тодорхойлогдсон. Мөн үүнтэй уялдуулан банкны зах зээл дээрх байршуулалт, positioning руу чиглэсэн брэндийн танигдах байдлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулахаар ажиллаж ирлээ.
3. Мэдээллийн технологи хариуцаж эхлээд бусад арилжааны банкуудын технологийн хөгжлийг богино хугацаанд гүйцэх шаардлагатай тулгарсан. Мэдээллийн технологийн дунд хугацааны стратегийг тодорхойлж, эхний жилүүдэд дэд бүтэц болох дата сервер, үндсэн систем, бусад дотоод системийг шинэчилсэн. Дараа нь үүнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ, хиймэл оюун ухаанд суурилсан кредит скоринг, зээлийн систем, дижитал банкны бүтээгдэхүүнийг банкны хамт олонтойгоо зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна. Дижитал шилжилт нь байнгын үргэлжилдэг процесс учраас ирэх жилүүдэд ч шинэ төслүүдээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.
4. ESG буюу тогтвортой хөгжлийн чиг хандлагыг манай банк дагаж ажилладаг. Энэ хүрээнд ногоон хөгжлийн бодлогоо тодорхойлж, Ногоон хөгжил жендерийн хороотой болсон. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүн, ТББ-уудын дансыг нээлттэй шилэн болгох зориулалт бүхий “шилэн данс” зэрэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн. Энэ бүтээгдэхүүнийг Азтай савар, Зориг сан, pledge.mn зэрэг ТББ хэрэглэж эхлээд байна. Мөн эмэгтэй ажилтнуудынхаа манлайллын чадвар, гоо зүй, урлаг, хувь хүний хөгжилд чиглэсэн “Менторинг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж тэдний карьер өсөлтийг дэмжиж байна. Тогтвортой хөгжлийн бодлогоо эрчимжүүлэхээр дотоод ажилтнууд болон харилцагчдадаа зориулсан “Экотрон” хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна.
Ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд хийсэн хамгийн сайн хөрөнгө оруулалт тань юу байсан бэ?
Миний хувьд нэг байгууллагад 10 жил ажилласан мэт боловч дотроо олон чиглэлийн газар нэгжүүдэд ажиллаж төрөл бүрийн туршлага хуримтлуулсан гэж болно.
Энэ хугацаанд стратеги, мэдээллийн технологи, маркетинг, ногоон хөгжил, салбарын шинэчлэл, шинэ систем, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг олон төсөлд оролцон ажилласан туршлагыг өөр юутай ч зүйрлэшгүй хөрөнгө оруулалт болсон гэж харж байна. Шинээр хийж байгаа ажилд саад бэрхшээлүүд мундахгүй гардаг ч хамтын хүчээр олон давааг давж болдог гэдгийг мөн маш сайн ойлгосон.
Монголын бизнес орчинд өдөр бүр шинэ сорилтуудтай тулж, ямар ч сургуулийн MBA хөтөлбөрөөс дутахгүй бодит кейсүүдэд оролцдог нь залуу мэргэжилтнүүдийн хувьд өөрийгөө хөгжүүлэх том боломж гэж хардаг.
Хэрхэн үргэлжлүүлэн суралцаж, өсөн дэвжиж байна вэ?
Монголд шинэ систем нэвтрүүлээд дуусаж байтал ОУ-д дараагийн нээлт гарчихдаг. Технологи, харилцагчийн хүлээлт, тэр ч байтугай нягтлан бодох бүртгэлийн систем, менежментийн арга барил, байгууллагын соёлын тогтолцоо сүүлийн жилүүдэд огцом өөрчлөгдсөн. Ямар ч байгууллага эдгээрийг л гүйцэхгүй бол өрсөлдөх чадвараа алдах учраас дэлхий дээр гарч буй мэдээллийг төрөл бүрийн аргаар тогтмол авах хэрэгтэй.
Зөвхөн мэргэжлийн хүрээний мэдээллээр тогтохгүй орчин үеийн урлаг соёл, дизайн, сэтгэлгээний шилдэг бүтээлүүдтэй танилцан найз нөхөд, хамт олонтойгоо хуваалцаж, ярилцвал тэр дундаас шинэ санаа төрдөг. Ганцаараа биш олуулаа суралцаж хөгжих нь илүү үр дүнтэй, цаашид хамтран ажиллахад цагт ч хэмнэлттэй санагддаг.
Та хэдэн хүнтэй баг удирддаг вэ?
Яг өөрийн хариуцсан нэгжүүдийнхээ ажилтнуудыг оруулбал нийт 250 хүнтэй баг удирдаж байна.
Таныг өнөөдрийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн эсвэл үйл явдал?
Өөрийгөө асар том амжилтад хүрсэн гэж бодохгүй байна. Гэхдээ миний баримталдаг зарчим, зан чанар тогтоход хамгийн их нөлөөлсөн хүн бол миний эмээ, өвөө хоёр. Эмээ маань бага байхаас бүх зүйлийг ний нуугүй, шүүмжлэлгүй ярилцаж зөв бурууг ойлгуулдаг, хийж чадах юмаа маш сайн хий гэдэг байсан. Харин өвөө маань автын инженер байсан учир төрөл бүрийн сонирхолтой туршилтуудыг хамт хийдэг байлаа. Цаг, радиогоо бүгдийг нь задлаад хамтдаа шинэ төхөөрөмж угсарч үздэг, шинэ хүүхдийн ном гарах бүрд авч өгдөг, хотод гарсан шинэ зүйлсийг дандаа хамт очиж үздэг байсан нь намайг сониуч зантай болгосон юм болов уу гэж боддог.
Таны ажлын ноу хау?
Ажлын цаг маш хурдан дуусдаг тул өдөрт хийх хамгийн чухал 3-5 ажлаа бичээд эхнээс нь хийдэг. Багийнхантайгаа тогтмол уулзаж ажлын явцын мэдээлэл авахаас гадна ажлын гүйцэтгэлд тусалж дэмжих зүйл байгаа эсэхийг тодруулж дараагийн ажлаа төлөвлөдөг. Үргэлж том зургаар харвал жижиг чухал зүйлсийг орхигдуулах, дандаа жижиг зүйлсэд төвлөрвөл том зургаа алдах магадлалтай байдаг болохоор энэ хоёрын балансыг алдахгүй ажиллахыг хичээдэг.
Карьераа амжилттай удирдахад анхаарах зүйл?
Тухайн хүнийг албан тушаал нь бус ажлаа хэрхэн хийж байгаа нь тодорхойлдог. Хүн бүр өөрийн онцлог, хүсэл мөрөөдөлтэй. Дуртай ажлаа хийж, ажлынхаа утга учрыг ойлгож, сэтгэл гаргаж, ажилдаа эзэн болж чадвал энэ нь амжилт. Ингээд харахад минийхээр,
1. Туршлага хуримтлуулж, саад бэрхшээлийг давж сурах хэрэгтэй. Учир нь туршлагыг худалдаж авч болдоггүй, зөвхөн цаг, хөдөлмөр зарцуулж байж л олж авдаг үнэ цэнтэй зүйл. Энэ нь ирээдүйд үүсэх магадлалтай асуудлуудыг шийдэхэд хамгийн чухал багаж хэрэгслүүдийн нэг болдог.
2. Мэдээлэлтэй байх. Орчин үеийн чиг хандлага ямар байгааг мэдэхгүй бол нэг л өдөр хоцорсон байх болно. Мөн олон талт тэгш мэдээллийг авах хэрэгтэй.
3. Хүнлэг байх. Ямар ч ажил хийсэн хүнтэй харилцах хэрэгтэй болно. Хүнийг хүн гэдгээр нь хүндэлж, албан тушаал, эрх мэдэл бусад зүйлээр нь ялгаж харьцахгүй байх нь тухайн хүнийг илтгэх чухал чанаруудын нэг гэж боддог. Ажил хөдөлмөр болон үзэл бодлоо хүнлэг зарчим руу чиглүүлбэл алсдаа зөв л зам хүлээж байгаа гэж боддог.
Та хаанаас мэдээлэл авдаг вэ?
Bloomberg Newsletter. Харин X-ээс ОУ-ын, Instagram-аас pop culture төрлийн мэдээллүүдээ авчихдаг. Мэдээллийн томоохон агентлагууд эдгээр платформд нэгдсэн болохоор бүгдийг нь нэг газраас харах нь амар байдаг. Мэдээж хэрэгтэй зүйл гарвал Google-ээс хайлт хийчихнэ. Нэмээд Амазоны бэстселлерүүдээс сонирхолтой санагдсаныг нь авч уншдаг.
Санал болгох ном?
Шийдэл гаргахдаа хэрхэн зөв, цэгцтэй бодохыг өгүүлсэн Ray Dalio, Principles номыг санал болгомоор байна. Мөн ямар ч зүйлд зөв дизайнаар зөв шийдэл гаргах боломжтойг харуулсан Don Norman, The Design of everyday things тус тус байж болох юм.
Санал болгох подкаст?
Подкаст сонсдоггүй. Өмнө нь Freakonomics-ийг сонсох дуртай байсан.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.