
Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаараар Ашид Ассет Менежментийн Сангийн менежер Б.Батгаригийн “Зах зээлийн өсөлт ба суут ухаантны синдром” хэмээх нийтлэлийг хүргэж байна.
Зах зээл өсөлттэй байх үед жирийн хөрөнгө оруулагч ч суут ухаантан мэт харагддаг. Учир нь хөрөнгө оруулалтын багц өсөж, өөртөө итгэх итгэл нэмэгдэхийн хэрээр аз ба ур чадварын ялгаа бүдгэрч эхэлдэг. Хүн өөрийгөө ухаалгаар хөрөнгө оруулж байна гэж боддог ч бодит байдал дээр зах зээлийн хөрвөх чадвар бага байгаа нь үнийг хөөргөж байдаг. Гэтэл хүмүүс өсөж буй хувьцаа руу бүгдээрээ нэгэн зэрэг дайрч, хувьцааны үнийг улам хөөргөх ба үүнийгээ “итгэлтэй шийдвэр” гэж нэрлэдэг. Түүх харвал иймэрхүү дүр зураг давтагдсаар ирсэн. Доткомын хөөсрөл, meme хувьцаануудын галзуурал, мөн өнөөгийн AI өсөлт бүгд ижил жишээ. Мөнгө олширч, өгүүлэмж хэт хүчтэй болох үед хөрөнгө оруулалтын процесс ард хоцордог.
Хүмүүс тухайн хувьцааны үнэ яагаад өсөж байгааг биш, “цаашдаа хэр өндөрт хүрч болохыг” л анхаардаг.
Тэр үед сахилга бат, туршлага гэдэг хамгийн ховор ч хамгийн үнэ цэнтэй чанар болдог. Учир нь хөгжим удааширч, зах зээл унаж эхлэх мөчид л хэн үнэхээр шийдвэр гаргаж байсан, хэн зүгээр урсгалыг дагасан нь ялгарч эхэлдэг. Зах зээл эр зориг, өөртөө итгэх итгэлийг биш, харин зах зээлийн бүтцийг ойлгож, хөрөнгө оруулалтын зарчмаа баримталсан хүмүүсийг урамшуулдаг.
Өсөлтийн зах зээлийн сэтгэл зүй
Өсөлтийн зах зээл нь санхүүгийн нэг төрлийн ховс юм. Үнэ өсөх тусам хөрөнгө оруулагчид өөрсдийгөө илүү ухаалаг, зах зээлийг ойлгож байгаа мэтээр итгэдэг. Эрсдэл бол онол төдий зүйл болж, “бусдад л тохиолддог” мэт санагддаг. Доткомын хөөсрөлийн үеэр аналистууд “шинэ эдийн засаг” хэмээх ойлголтоор зах зээл хэт өндөр үнэлгээтэй байгааг зөвтгөж байсан бол 2021 онд Reddit дээрх жижиг хөрөнгө оруулагчид meme хувьцаанууд болон SPAC-уудыг яг адилхан тайлбарлаж байв. Ковидын дараа мөн адил асар их хэмжээний мөнгөний нийлүүлэлт ч энэ төөрөгдлийг улам гүнзгийрүүлж, хүн бүр өөрийгөө авьяастай эсвэл суут ухаантан гэж бодох болсон.
Үүнээс авсан хамгийн том сургамж бол “удаан хугацаанд үргэлжилсэн өсөлтийн дараа хөрөнгө оруулагчид яагаад гэж асуухаа больж эргэлзэх чадвараа алддаг” гэдгийг ойлгосон нь байв.
Хүмүүс “Buy the dip” буюу зах зээл унах бүрд нэмж авах дадал сууж, ханшийн савлагааг анхааруулга биш, харин шинэ боломж гэж харж эхэлдэг. Арга ч үгүй биз. График дээшээ чиглээд, өдөр бүр ногоон лаанууд үүсч байгаа болохоор үнэлгээ хийж, эрсдэлийг хэмжих нь бүү хэл хөрөнгө оруулалтын процесс хэрэггүй мэт санагдана. Гэвч хөөс хагарч эхлэх үед хүмүүс эрсдэлийг гэнэт санаж, айдаст автах ба энэ нь уналтыг улам хүчтэй бас хурдан болгодог. “Зах зээл унахдаа хурдан, сэргэхдээ удаан” гэдгийг хөрөнгө оруулагчид эцэст нь өөрсдийн туршлагаараа ойлгодог.
Зах зээлийн бүтцийг ойлгох нь
Зах зээлийн бүтэц бол ханшийн хөдөлгөөн нэг бүрийн цаана орших үл үзэгдэх сүлжээ юм. Энэ нь хөрвөх чадвар, мөнгөний урсгал, бодлогын хүү, сангуудын чиглэл, хөрөнгө оруулагчдын сонирхол, арилжааны захиалга, блок ордер, худалдан авалтын хөтөлбөрүүд зэрэг олон хүчин зүйлсийн нийлбэр. Эцсийн бүлэгтээ зах зээлийн ханш юун дээр тогтож буйг тодорхойлох хүчин зүйлс гэсэн үг. Хүмүүс моментум бүрдсэн гэж ярьдаг ч үнэндээ мөнгөний урсгалыг чиглүүлж, ханшийг хөдөлгөж буй зах зээлийн бүтцийг яриад байдаг хэрэг. Үүнд хөрөнгө оруулалтын сангууд, бодлогын хүүгийн чиг хандлага, тэр бүү хэл компанийн хувьцаа худалдаж авах хөтөлбөр ч багтана. Тийм ч учраас зарим хувьцаа ямар ч шалтгаангүй, гойд мэдээгүй өсөж, үнэхээр сайн суурьтай зарим хувьцаа өсдөггүй. Жишээлбэл, томоохон хөрөнгө оруулалтын сангууд ETF-н жингийн тохируулга хийхэд тэрбум тэрбумаар хөрөнгө автоматаар шилжиж, тухайн компанийн ашиг орлоготой ямар ч хамааралгүйгээр зах зээлийн ханшийг хөдөлгөдөг. Эсвэл компани хувьцаа буцаан худалдаж авах хөтөлбөрөө зогсоох үед хувьцааны тогтвортой худалдан авагч алга болж, ханшийн дэмжлэг суларч тэр дороо чиг хандлага өөрчлөгдөнө. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид үүнийг л судалдаг. Учир нь зах зээлийн бүтэц худлаа хэлдэггүй, мөнгө хаашаа хөдөлж буйг харуулдаг. Тэгэхээр зах зээлийн бүтцийг ойлгох нь жирийн хөрөнгө оруулагчдын олж харж чаддаггүй давуу талыг танд бий болгоно.
Зах зээлийн бүтэц өөрчлөгдөж буйн дохио
Зах зээлийн бүтэц өөрчлөгдөж буй нь түргэний машин шиг чанга дугарч мэдэгддэггүй. Харин ихэнх хөрөнгө оруулагчдын анзаардаггүй дата, хөрөнгө оруулагчдын зан төлөв аажуухан өөрчлөгдөж эхэлдэг.
Эхний анхааруулах дохио бол зах зээлийн индекс дээд ханшаа ойр ойрхон эвдэж байгаа ч цөөн хэдхэн хувьцаа л үнийг чирч буй тохиолдол юм. Яг өнөөдөр бидний харж байгаачлан Гайхамшигт 7 (Magnificent 7), Аймар10 (Terrific 10) мэтийн хэдхэн AI, технологийн хувьцаа зах зээлийн индексийг өсгөж байгаа ч бусад салбар эсвэл жижиг компаниуд уналттай хэвээрээ байна.
Мөн компаниуд хувьцаагаа буцаан худалдаж авах нь удааширч, дотоод удирдлагууд хүмүүс хувьцаагаа зарах хандлага гарч ирэх нь дараагийн дохио юм. Өөрөөр хэлбэл компанийн удирдлагууд хувьцаагаа худалдан авахын оронд зарж эхэлбэл энэ бол сэтгэлзүй /sentiment/ биш, харин зах зээлийн бүтцэд өөрчлөлт орж буй хэрэг.
Мөн салбаруудын хамаарал багасах нь бас нэгэн дохио. Үүнийг “Dispersion” буюу зах зээлийн тархалт гэж нэрлэдэг. Хүү өсөж, мөнгө үнэтэй болох үед хөрөнгө оруулалтын шийдвэр тухайлсан компаниуд руу чиглэж эхлэх ба нэгэн цагт нэг нь өсөхөд нөгөөх нь хамтдаа өсдөг байсан салбаруудын хамаарал үгүй болж эхэлдэг. Ийм нөхцөлд компанийн удирдлагууд өрийн түвшин, хөрөнгө оруулалт, бүр худалдан авалт, нэгтгэл (acquisitions) хийх эсэхээ дахин нягталж эхэлдэг. Энэ болгоны цаана араа шүднүүд бие биеэ хөшүүрэгдэн эргэлдэх мэт зах зээлийн механизм ажиллаж, шинэ чиглэлийг тогтоож байдаг.
Хөрөнгө оруулалтын менежерүүдийн хувьд хамгийн чухал мөч бол зах зээлийн хамаарал (correlation) алдагдах үе юм.
Хөрөнгө оруулагчдын сонирхол хаашаа чиглэж, хөрвөх чадвар хэрхэн өөрчлөгдөж, амархан ашиг олдог бета арилжаа үгүй болж байгааг зах зээлийн бүтэц хэлээд байгаа нь тэр. Ихэнх хөрөнгө оруулагчид салбар хоорондын хөрөнгө оруулалтын өгөөж харьцангуй болж нүдэнд ил харагдах хүртэл үүнийг үл тоодог. Харин ухаалаг хөрөнгө оруулагчид аль хэдийн энэ ан цавуудыг ажиглаж, мэдээлэл нийтлэлүүд гүйцэж ирэхээс өмнө чимээгүйхэн позицуудаа өөрчилж эхэлсэн байдаг. Яг л 2008 онд Майкл Берри, Стив Эйсман нар үл хөдлөхийн зах зээлийг “short” хийсэн шиг.
Суут ухаантан байхаа болих үед
Зах зээлийн бүтэц өөрчлөгдөхөд өнөөх суут ухаантнуудын төөрөгдөл үгүй болж, бодит байдалтай нүүр тулдаг. Зах зээл чимээгүйхэн өөрчлөгдсөн тул өмнө нь амжилттай болж байсан хөшүүрэг, моментум, трэнд дагасан гэх мэт хөрөнгө оруулалтын стратегиуд бүгд ажиллахаа больж эхэлдэг. 2022 оны зах зээлийн өсөлтийг өдөөж байсан хувьцаануудын уналт үүний тод жишээ. Тухайн үед “үнэлгээ хамаагүй, өсөх потенциал нь чухал” гэж үзэж байсан олон хөрөнгө оруулагчид бодлогын хүүгийн өсөлт хувьцааны үнэлгээнд хэрхэн нөлөөлдгийг бодитоор мэдэрсэн. 2007 онд ч мөн адил корреляци алдагдаж, хөрвөх чадвар байхгүй болоход quant сангууд 7 хоногийн дотор үгүй болсон. Муу хүмүүс эсвэл муу модель байсан болохоор биш, зах зээлийн бүтцээ муу судалсанд л байсан юм.
Процесс, зарчимд суурилж, зах зээлийн бүтцээ ойлгоогүй бол аврах хантаазгүй далайд сэлж буйтай адил. Зах зээл аврах хантаазгүй хүмүүсийг давлагаалаад л аваад явчихдаг юм. Амьд үлддэг хөрөнгө оруулагчид хамгийн чанга хашхирдаг биш, харин эрт хөдөлж, хантаазаа өмссөн хүмүүс байдаг. Тэд эрсдэлээ багасгаж, позицоо тохируулж, бусад хүмүүсийн олж хараагүй шинэ өсөлтийн боломжийг хайж эхэлсэн байдаг. Зах зээлийн аль ч циклд хөрөнгө оруулалтын сахилга бат, зарчим суу ухааныг ялдаг. Харин зах зээлийн бүтэц өөрчлөгдөж буй талаар баттай нотолгоо хүлээдэг хүмүүс үүнийг өөрийн алдагдлаар мэдэрдэг.
Зах зээлийн бүтцийг мэдэрч хөрөнгө оруулах нь
Бүтцийн өөрчлөлтийг мэдэрч хөрөнгө оруулалт хийхийн тулд бусдын хараагүйг харж сурах хэрэгтэй. Зарим компаниуд үйл ажиллагааны чиглэлээ олон хэсэгт хуваах (General electric шиг), нэгтгэх, худалдан авах (M&A), активист хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх (GameStop) эсвэл компанийн засаглалд өөрчлөлт орох гэх мэт өөрчлөлтүүд нэг жишээ нь. Эдгээр өөрчлөлт бий болох үед хувьцааны ханшийг тогтоож байсан зах зээлийн бүтэц задрах ба хувьцаа бодит үнэ цэнээс өөр үнэлгээтэй болдог. Жишээ нь, GE Vernova хуваагдсаны дараа $114-оор үнэлэгдэж байсан бол 18 сарын дотор хувьцааны ханш $648 болж 5.6 дахин өсөж байв. Энэ нь компанийн үндсэн өөрчлөлтөөс гадна хөрөнгө оруулагчдын бүрэлдэхүүн өөрчлөгдөж, капиталын урсгал дахин хуваарилагдсаны үр дүн байв.
Зах зээлийн ердийн хөдөлгөөнөөс биш, зах зээлийн бүтэц өөрчлөгдөх үед үүсдэг энэ мэт боломжийг хөрөнгө оруулалтын хэлээр бүтцийн альфа (Structural alpha) гэж нэрлэдэг. Хэрэв та Netflix дээрх Billions цувралыг үзэж байсан бол Бобби Акселрод хэрхэн активист хөрөнгө оруулагчийн дүрээр компанид шинэ стратеги тулгаж, зах зээлийн бүтцийг өөрчилж, үр дүнд хэдэн зуун сая долларын ашиг олж буйг анзаарсан байх. Тэгэхээр зах зээлийн бүтцийг ойлгохын гол зорилго нь үүнтэй тэмцэх биш, үүнтэй нийцүүлж хөрөнгө оруулалтаа удирдаж, зах зээлээс илүү ашиг олох юм. Хамгийн ашигтай боломжууд зах зээл нэгэн хэвийн уйтгартай аль эсвэл яах нь мэдэгдэхгүй эргэлзсэн байх үед бий болдог.
Бүтцийн альфа нь мөчлөгийн шинж чанартай ба зах зээл намжиж, өгүүлэмж сул, хөрвөх чадвар багасах үед л хамгийн тод гарч ирдэг. Тиймээс ийм үед сэтгэл хөдлөл биш, датанд суурилж хөрөнгө оруулалтын процессоор шийдвэр гаргах нь хамгийн чухал. Амжилттай хөрөнгө оруулагчид бүгд үүнийг сайн хийж чадсан байдаг. Зах зээлийн бүтэц өөрчлөгдөж байгааг бусдаас өмнө олж харж, түүнд нийцүүлэн позицоо авч, хөрөнгө оруулалтын багцаа өөрчлөх нь хамгийн ашигтай. Өгүүлэмж үгүй болж, зах зээлийн бүтэц өөрчлөгдөж эхлэх тэр мөч бол таны хөдөлж эхлэх дохио юм.
Эцэст нь… Зах зээл өсөж байх үед хүн бүр суут ухаантан мэт санагддаг. Гэвч энэ нь зах зээлийн бүтэц өөрчлөгдөх мөчид дуусдаг. Өөрийгөө зах зээлийг ойлгож байна гэж бодож буй өөртөө итгэлтэй хөрөнгө оруулагч зах зээлийн бүтэц өөрчлөгдөх үед бодит байдалтай нүүр тулж үгүй болдог. Харин амьд үлддэг хөрөнгө оруулагчдыг ялгадаг зүйл бол урьдчилан таамаглах чадвар биш, тэсвэр тэвчээр, сахилга бат юм. Эдгээр хөрөнгө оруулагчдын нууц нь зах зээл, хөрвөх чадвар, сэтгэлзүй юу ч өөрчлөгдсөн бай, хөрөнгө оруулалтын процесс, зарчмаас гаждаггүй, тууштай байдагт оршдог. Уоррен Баффетийн хэлдэг шиг “Зах зээл сахилга баттай, тэвчээртэй хөрөнгө оруулагчдыг шагнадаг”. Зах зээлийн бүтэц хэрхэн өөрчлөгдөж буйг ойлгосон хөрөнгө оруулагчид аль хэдийн позицуудаа авчихдаг тул дараагийн мөчлөг эхлэхэд сандарч, тэвддэггүй.Дараагийн мөчлөг эхлэх үед юу болоод байгааг ойлгоогүй хөрөнгө оруулагчдыг зах зээл шийтгэхгүй, ханш л өөрчлөгдөнө. Харин тэд ханш өөрчлөгдсөн хойно ойлгоно. Энэ үед жинхэнэ хөрөнгө оруулагчид дахин чимээгүйхэн баяжиж байх болно.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.