
ХХОАТ-ыг 1% болгоно, болгохгүй гэж талцсаны эцэст ₮2 сая хүртэлх цалинтай иргэдийн ХХОАТ-ыг 1% болгох буюу 9%-ийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Шийдвэр 2028 оны 1 сарын 1-нээс хэрэгжинэ. Харин ₮792 мянга хүртэлх цалингийн ХХОАТ-ыг 0% болгох шийдвэр ирэх оноос хэрэгжих нь. Энэ яг хүртээмжтэй хөнгөлөлт болж чадав уу?
🥊 Хөнгөлөлт эдлэх зорилтот бүлгийн хумигдалт
Сүүлийн 1 жилийн хугацаанд ₮2 сая хүртэлх цалинтай хүмүүсийн тоо 29 мянгаар буурчээ. Эсрэгээрээ, ₮2 саяас дээш цалинтай иргэдийн эгнээ 11.2 мянгаар тэлсэн байна. Төрөөс хөнгөлөлт үзүүлэхээр тогтоосон "₮2 саяын босго"-ны доор үлдэж буй иргэдийн тоо эрчимтэй цөөрч байгаа тул уг шийдвэрийн бодит хүртээмж хугацаа өнгөрөх тусам багасна.
🤷♀️ Юм үлдэх үү?
Иргэдийн гар дээр очих орлого хэрхэн өөрчлөгдөхийг ₮1.5 саяын үндсэн цалин дээр тооцвол хуучнаар ₮132,750-ийн ХХОАТ суутгагдах байсан бол одоо ₮13,275 суутгагдаж ₮119,475 үлдэх нь.
🔺 Инфляцын хавх ба дундаж цалингийн хуурамч өсөлт
Сүүлийн 1 жилд Монгол Улсын дундаж цалин ₮312.8 мянгаар нэмэгдэж, ₮2.9 саяыг давсан. Ер нь бол дундаж цалин 6-хан жилд 2 дахин ихэсчхээд байгаа юм. Энэ нь эдийн засаг сайжирсных биш. ААН-үүд эрчимтэй өсөж буй инфляц, амьдралын өртгийг дагаж ажилтнуудаа тогтоон барихын тулд нэрлэсэн цалинг нэмэхээс өөр аргагүйд хүрснийг гэрчилнэ.
Эцэст нь... Хэрэв татварын босгыг инфляц, амьдралын өртөгтэй уяж уян хатан өөрчилдөггүй юм бол дундаж давхаргаа шахсан, поп шийдвэрүүд хөдөлмөрийн зах зээлийг улам л боомилсоор байх болов уу даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.