Investment With булангийн ээлжит дугаарт Голомт Капитал ҮЦК-ийн Дэд захирал Г.Мөнх-Эрдэнэ оролцож хөрөнгө оруулалтын талаар бидний уламжлалт асуултуудад хариуллаа.
Боловсрол:
СЭЗИС-ийн Эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй.
Chartered Financial Analyst (CFA) цолын Level 2 зэрэгтэй.
Карьер:
Одоо: Голомт Капитал ҮЦК-ийн Дэд захирал, Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Судалгаа Хөгжлийн Нийгэмлэгийн Тэргүүн
2019–2020.08: Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын Арилжааны хэлтсийн Захирал
2018–2019: Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын Ахлах дилер
2016–2017: Голомт банкны Алт, хувьцааны дилер
2014–2016: Гаүли ҮЦК-ийн Хөрөнгө оруулалтын шинжээч
2013–2014: Мандал Даатгал ХХК-ийн Хөрөнгө оруулалтын шинжээч
2012–2013: Грандлайн ҮЦК-ийн Санхүүгийн шинжээч
Таны хамгийн өндөр өгөөжтэй санхүүгийн хөрөнгө оруулалт юу байсан бэ?
2017 онд Австралийн биржээс нэгэн уурхайн хайгуулын компанийн хувьцааг худалдан аваад 3 нугалж зарж байсан. Хувьцааны ханш $0.6 байхад авч, $2 дээр зарж байлаа. Тухайн үед үүнийг том боломж гэж харж байсан тул томоохон позицтой оролцсон л доо.
Харин ингэхдээ өөрөө ямар ч мөнгө гаргалгүй хүнээс зээлж арилжаа хийсэн юм. Ингэхдээ эргээд ханш унахад өөрийгөө хамгаалсан гэрээ хийсэн байсан учраас түүнийгээ тооцож уг хувьцааг авсан. Хэрвээ гэрээ хийгээгүй байсан бол тэгж том эрсдэл үүрэхгүй. Тус гэрээ олон талын эрсдэлийг хаачихсан байсан юм. Зээлээр хувьцаа авсан үед сэтгэл зүйн байдал нэлээн төвөгтэй, тогтворгүй нөхцөл рүү ордог. Тиймээс зээл авж арилжаа хийх нь өндөр эрсдэлтэй, туршлагатай хөрөнгө оруулагчдын хийх зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй.
COVID-19-н үед ямар хөрөнгө оруулалтын тактик баримтлах вэ?
Мэдээж 2020 оны хавраас алтны болон цахим интернетийн бизнесийн компаниудыг харсан. Мөн цахилгаан машин үйлдвэрлэгч зэрэг шинэ тренд болж буй компанийн хувьцаануудыг тун ойроос ажиглаж байна.
Цахилгаан автомашины салбарын хувьд машин үйлдвэрлэдэг компаниас гадна машины зай хураагуурыг үйлдвэрлэгч компаниуд байдаг. Эдгээрээс нэг цэнэглэлтээр аль болох хурдан, хол явах боломжтой зай хураагуур үйлдвэрлэдэг цөөхөн том компани бий. Тухайлбал, Amperex Technology (300750.LZ), Panasonic (6752), LG (066570) гэх мэт. Мөн зай хураагуур үйлдвэрлэхэд шаардлагатай орц материалууд болох лити, кобальт, никел, бал чулуу зэргийн үйлдвэрлэлийг явуулдаг уул уурхайн компаниудыг судалж байна. Энэ мэтчилэн цахилгаан машин үйлдвэрлэлтийн гинжин хэлхээний компаниудыг судалж хөрөнгө оруулбал төрөлжсөн багц болно гэж харж байна.
Хувийн санхүүгийн зөвлөгөө өг гэвэл?
Аль болох эрт эхлэх хэрэгтэй. Их, бага дүн нь хамаагүй. Өгөөж нэмэгдэхийн зэрэгцээ илүү туршлага суух болно.
Урт хугацаанд хөрөнгө оруулах хэрэгтэй. Ингэснээр өндөр өгөөж хүртэх илүү боломжтой байдаг. Богино хугацаанд ханшийг өндөр өсгөх оролдлогууд нь эрсдэлтэй байдаг учраас аль болох хол байх нь зүйтэй. Гэхдээ эрсдэл бол заавал байх зүйл. Иймд өөрийн хуримтлуулж байгаа хөрөнгийн тодорхой хэсгийг хөрвөх чадвартай буюу хэзээд ч бэлэн мөнгө болгохуйц газар байршуулах нь оновчтой. Энэ нь тэрхүү тулгарах эрсдэлийг илүү аюулгүй даван туулах боломжтой болгоно гэж боддог.
Сайн хөрөнгө оруулалт хийхийн тулд өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй. Ном, цахим нийтлэл зэргийг байнга уншиж, судал. Оюундаа хөрөнгө оруулж байж дараагийн боломжуудыг харах нүд нээгдэнэ гэж бодож байна.
Эцэст нь өөрийн хүсэл, сонирхлын дагуу зөвхөн хуримтлал үүсгээд л явж болно. Үнэхээр эрсдэлд дургүй байж болно шүү дээ. Хүн болгон “хувьцаачин” байх албагүй тул заавал гадаад валют, алт, хувьцаа зэрэг рүү мөнгөө хийх шаардлагагүй. Анхнаасаа тийм өгөгдөлтэй хүн бол хуримтлал үүсгэх зөв сонголт байх боломжтой. Иймд өөрт тохирсон тэр сонголтоо хийгээрэй.
Яг одоо 10 сая төгрөгтэй байсан бол юунд хөрөнгө оруулалт хийх вэ?
Цахилгаан автомашины салбарт л хийх юм байна. 2000 он гэхэд интернет гэдэг зүйлд дэвшил гарч, газар авсан. Amazon (AMZN), Tencent (0700), Alibaba (BABA), Apple (AAPL) зэрэг компаниудын хамгийн гол өсөлт сүүлийн 20 жилийн хугацаанд гарсан юм. 4, 5 дахин өсөхөөс эхлээд 1,000 гаруй дахин өссөн технологийн компаниуд ч байна. Энэ бол 21-р зууны эхний тренд хөрөнгө оруулалт байжээ гэж харагддаг. Өөрөөр хэлбэл технологийн дэвшлийг ашиглаж бизнес хийснээр дэлхийн аль ч өнцөг, буланд хүрэх боломж гарсан ба үүний хэрээр компаниуд хөгжиж, хувьцаа нь олон зуун дахин өссөн.
1996 онд Жек Ма Yellow Pages компаниа байгуулаад дампуурсан. Харин 1999 онд Alibaba компаниа интернет сүлжээ ашиглан байгуулснаар “мань хүн” өнөөдөр хамгийн баян хүмүүсийн нэг болжээ. Энэ бол тренд байсан. Би дараагийн 20 жилийн тренд юу вэ гэж нэлээн бодсон л доо. Ингээд хараад байхад яах аргагүй цахилгаан автомашины үйлдвэрлэл байсан. Энэ салбар нь сүүлийн 5 жилд маш хурдацтай өссөн байна.
Мөн АНУ-ын зах зээлийг Хятад улс “айлгаж” байна. Ингээд худалдааны дайн зарлаж Хятадын зах зээлийн өсөлтийг сааруулах гэж оролдож эхэлсэн. Энэ юуг хэлээд байна гэхээр тодорхой хугацааны дараа Хятад улсын технологи дэлхийд нэвтрэх боломжтой юм. Нэгэнтээ өндөр өсөлт үзүүлээд “алга болсон” Tesla байгаа. Иймд цаг хугацааны явцад дараачийн компаниуд дэлхийн түвшинд ирнэ гэж итгэж байгаа байгаа бол Хятадын цахилгаан автомашинуудын үйлдвэрийг сонгох хэрэгтэй. Ийм үндэслэлээр Хятадын автомашины зах зээл рүү хөрөнгө оруулалт хийнэ. Гэхдээ энд 5, 10 жилийн хөрөнгө оруулалтын тухай ярьж байгаа шүү. Харин ингэхдээ 2 инновацилаг, 2 төрийн өмчит компанийг сонгож багцаа бүрдүүлнэ дээ.
2021.01.07-ны Lemon Press товхимлын хэсгээс…
Манай сошиал хаягууд:
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.