
Олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг ойлгомжтой, энгийнээр хүргэх зорилготой LP Transcript-н ээлжит дугаараар АПУ ХК (APU)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын (ХЭХ) тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!
📅 2026 оны 4 сарын 22
⏲ 14:00 цаг
📍 АПУ ХК-ийн төв оффис, цахим хурал
Хурлыг БиДиСек ҮЦК ХК-ийн хөгжүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын www.agm.mn программ хангамжийн тусламжтайгаар шууд дамжуулан явуулав.
ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Сарантунгалаг хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, хурлын дэгийн дагуу бүртгэлийн ажиллагааны дүнг гаргаж, ирцийн мэдээг танилцуулна уу хэмээн тооллогын комиссын дарга Б.Ононг урив.

Сайн байцгаана уу? АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд 935,993,727 ширхэг энгийн хувьцаа эзэмшиж буй 126 хувьцаа эзэмшигч оролцож байгаа нь нийт саналын эрхтэй 1,064,181,553 ширхэг энгийн хувьцааны 87.95% болж байгаа тул Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь хэсэг, Компанийн Дүрмийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсгийг үндэслэн хурлыг хүчин төгөлдөрт тооцов.
Хэлэлцэх асуудал:
1. АПУ ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах,
2. АПУ ХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох,
3. АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох,
4. АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг хэлэлцэж батлах.
Ингээд хурлыг нээж 1-р асуудлыг танилцуулна уу хэмээн хурлын дарга, АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг таныг урьж байна.
Нийт хувьцаа эзэмшигч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Өнгөрөгч 2025 онд АПУ компанийн хувьд, шингэн хүнс тэр тусмаа шар айргийн хувьд асар их өрсөлдөөнтэй жил байлаа. Зөвхөн 2025 онд импортоор 200 гаруй нэр төрлийн шар айраг Монголын зах зээлд нэвтэрч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого хэрэгжүүлсэн боловч импортын бүтээгдэхүүнүүд зах зээлд олноор нэвтэрсэн жил байлаа. Гэсэн хэдий ч та бүгдийн дэмжлэгээр, компанийн нийт 2,500 гаруй ажилчдын өөриймсөг, өртөг зардлаа хэмнэсэн, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг бий болгосон амжилттай он жил байлаа.
Нийт үйлдвэрлэлд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэлээдгүй жин нэмсэн, ус ундаа, жүүсний үйлдвэрлэлд анхаарал хандуулсан, шар айраг исгэлтийн үйлдвэрүүдэд шинэ тоног төхөөрөмж технологийг нэвтрүүлсэн, спирт, архины үйлдвэрлэлд цоо шинэ бүтээгдэхүүнийг бий болгосон жил болов.
2025 онд борлуулалтын маань тоо хэмжээ биет хэмжээгээр, өнгөрсөн оны аудитлагдсан тайлангаас 7% орчим буурсан нь голчлон шар айраг, ус ундааны үйлдвэрлэлийн бууралттай холбоотой. Харин архи, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн жилээс өссөн үзүүлэлттэй гарсан. Цэвэр борлуулалтын орлого өнгөрсөн жилтэй харьцуулахад бага зэргийн бууралттай байна.
Үйл ажиллагааны ашиг 11.7% орчим буурсан нь зардлын өсөлт буюу 1-рт ажилчдын цалинтай адилтгах орлогуудад анхаарсан, нөгөөтээгүүр өрсөлдөөнд ялалт байгуулахын тулд маркетингийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний зардал, эцсийн хэрэглэгч дээрх зардлыг өсгөсөнтэй холбоотой.
Тайлант үеийг өнгөрсөн онтой харьцуулбал бага зэргийн бууралттай боловч нийт ₮207.8 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна. Балансын хувьд эздийн өмч 15% орчим өссөн. Мөнгөн гүйлгээ жилийн эцсээр ₮108 тэрбум буюу өнгөрсөн жилээсээ 38.7%-ийн өсөлтийг бас үзүүлжээ.
Монгол Улсын төсөвт нийт ₮514 тэрбумын татвар төлж, өнгөрсөн жилээсээ 8.5%-ийн өсөлтийг бий болгожээ. Бид 2024 оноосоо 1.1% цөөн ажилчидтайгаар, ихийг бүтээх гэж бүтээмжээ өсгөх гэж нэлээдгүй хичээж ажиллалаа. Нөгөөтээгүүр бүтээгдэхүүний нэр төрөл маань 4.6% буюу 2025 онд бид 636 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн хэрэглэгчдэдээ хүргэж ажиллалаа.
2025 онд бид ₮138 тэрбумын ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараасан. Энэ үзүүлэлт маань өнгөрсөн онтойгоо харьцуулах юм бол 8.1% өссөн.
Одоо АПУ компанийн 2025 онд хийсэн гол ажлуудыг товчхон танилцуулъя. АПУ групп компанийн хувьд, 4 компани маань ТОП-100 ААН-ээр шалгарсан. Бид 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд аль болох АПУ компанийн хэрэглэгч, мөн бэлтгэн нийлүүлэгчийг илүү олон болгох бодлогыг нэвтрүүлээд явж байгаа. Тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэх, хөрөнгө оруулалтыгаа нэмэгдүүлэх ялангуяа бид нар орчин үеийн фермерүүдийг сайжруулах, бодит орлогыг нэмэгдүүлэхээр нэлээдгүй том ажлуудыг өнгөрсөн жил хийж чадлаа.
Үүний нэг тод жишээ нь өндөр гарцтай үнээг оруулж ирэх томоохон ажлыг эхлүүлээд буй. Бид Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр сүүлийн маш олон жил шалгараад явж байгаа. ₮514 тэрбумын татвар төлсөн нь та бүгдийнхээ хүч оролцоотойгоор Монгол Улсын төсөвт өдөр бүр ₮1.3 тэрбумын татварыг төлсөн гэсэн үг. Чин сэтгэлээсээ та бүхэндээ талархлаа илэрхийлье.
Сэнгүр брэнд маань бүрэн шинэчлэгдэж хэрэглэгч та бүгдэд хүрсэн. Энэ маань ч гэсэн өнөөдөр 2026 онд үргэлжилж, зах зээл дээр эзлэх жин хэмжээ үндэсний гэсэн энэ гайхамшигтай үнэрийг үнэртүүлсэн хамгийн шилдэг брэнд болж хөгжиж байна. Монголд хамгийн анх удаа Gin үйлдвэрлэж, хэрэглэгч та бүхэндээ хүргэсэн байгаа. Энэ бол манай гаргасан “Founder” хэмээх брэнд юм. За Оргилуун брэнд маань шинэ дүр төрхөөрөө хэрэглэгчдэд хүрч, өнөөдөр хамгийн бага сахрын хэмжээтэй жимсний амттай эрүүл мэндэд дэмтэй ийм гайхамшигтай бүтээгдэхүүн болсон.
Бид АПУ Дэйри компанидаа томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, 2026 оны эхний хагас жилд 2 дахь том төсөл маань ашиглалтад орж, олон арван шинэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэхэд бэлэн болж байгаа.
Мөн олон улсын түвшинд АПУ ХК-ийн брэндүүд чанараар үнэлэгдэж, алт, мөнгөн медалиудыг бас хүртсэн ийм амжилттай сайхан он жил байлаа. Бидний нэг томоохон зорилго бол экспортынхоо үйл явцыг сайжруулах, бүтээгдэхүүний экспортын хэмжээгээ ихэсгэх хэцүү ч гэсэн, хөрөнгө оруулалт ихтэй ч гэсэн энэ ажил руу сүүлийн олон жил гар шамлан оролцож байгаа. Үүний үр дүнд өнгөрсөн жилтэй харьцуулахад, экспорт маань 19%-иар өссөн байна. За энэ дээр Nicolas гэж Францын маш том сүлжээ байдаг. Энд манай бүтээгдэхүүн тавигдсан. Солонгост Имарт, GS сүлжээ дэлгүүрүүдэд манай бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж, Орост бид бас борлуулалтаа 29%-иар өсгөж чадсан гэхчлэн олон амжилт гаргаж, баталлаа. Энэ амжилтыг гаргахад нийт хамт олон, бидэнтэй хамтран зүтгэсэн бүхий л хүмүүс тэр тусмаа гүйцэтгэх удирдлагын баг маань бас чин сэтгэлээсээ 1 зорилготой, 1 зүг рүү хандаж ажилласны хүч байхаа гэж бодож байна.
За хувьцааны хувьд хамгийн тогтвортой өсөж байгаа шилдэг 5 компанид бол байнга орж, хувьцаа эзэмшигчдийн тоо нь жилээс жилд, сараас сард өсөөд явж байгаа. Ханшийн хувьд 2025 онд нэгэн жигд ₮1,000-өөс ₮950-ийн хооронд хэлбэлзэж байна. Хувьцаа эзэмшигчдийн хамгийн гол асуудал бол ногдол ашгийн өгөөжийн хувь байдаг. Өнөөдөр бид 2025 оныхоо үр дүнгээр өгөөж 13.3%-тай байна. Мөн бид нэгж хувьцаанд ₮130-ийн ногдол ашгийг хуваарилсан. Гэхдээ хуваарилахдаа Монголд бас л хамгийн анх удаа ХК-иудаас жилд 2 удаа ногдол ашгаа хуваарилж байгаа цорын ганц компани гэж хэлж болно. Нийтдээ ₮138 тэрбумын ногдол ашгийг хуваариллаа.
Бидний хувьд компанийн засаглал сайн байх, сайжруулах, илүү тунгалаг байх тал дээр зөвхөн кодекс, хэн нэгний үнэлгээ гэхээс илүүтэйгээр сүнслэг байж, дотооддоо илүү сайн ажиллах бодлогыг барьж ажилладаг. 2025 онд 2 удаа үнэлэгдсэн. 2025 оны 1-р хагаст засаглалынхаа хэлбэрээр 2-р байранд жагссан юм байна. 2025 оны 2-р хагаст 6-р байранд. Гэхдээ энэ дээр бас 1 зүйлийг тодруулж хэлэхэд, энэ 2025 оны 2-р хагас гэдэг бол 12 сард нэгдсэн баланс гараагүй аудитлагдаагүй буюу урьдчилж энэ үзүүлэлтүүдийг авдаг юм байна лээ. Цааш, цаашдаа СЗХ бас энэ дүрэм журмаа өөрчилж, баланс яг аудитлагдсаны дараа энэ үзүүлэлтүүдийг авч байвал илүү үр дүнтэй, бодитой юм уу гэж бас харагдаж байгаа.
Тогтвортой хөгжлийн стратегийг 2030 он хүртэл та бүгдэд танилцуулж, ТУЗ-өөрөө батлуулсан. 2025 онд хийсэн хамгийн том төсөл бол саарал усыг дахин ашиглаж хэрэглээндээ эргэн хэрэглэх. Ийм томоохон төслийг Монголын үйлдвэрлэгч ААН-үүдээс хамгийн анх удаа бүрэн, бүтэн цогц байдлаар хэрэгжүүлээд явж байна. Өнгөрсөн оноос хэрэгжсэн энэ төсөл маань 2026 оны 11-р сард ашиглалтад орох явцтай явж байна. Дээрээс нь нэмээд бид тэжээлийн үйлдвэрлэлийн төслөө хэрэгжүүлээд, ирэх оны эхний хагаст бас ашиглалтад оруулахаар хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа. Мөн 2026 онд бид Tiger шар айргийн үйлдвэр дээрээ томоохон хэмжээний логистикийн бүрэн автомат агуулахын төслийг хэрэгжүүлээд, ирэх онд ашиглалтад оруулахаар үйл ажиллагаагаа эхлээд явж байна.
Ингээд 2025 онд АПУ компанийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан нийт хувьцаа эзэмшигчид та бүхэндээ чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Их баярлалаа.
2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулсан хурлын дарга, Гүйцэтгэх захирал Эрдэнэбилэг танд баярлалаа. Одоо ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан болон компанийн тайланд ТУЗ-ийн зүгээс гаргасан дүгнэлтийг танилцуулахыг хараат бус гишүүн Ё.Гэрэлчулууныг хүсье.

Та бүхний энэ өдрийн амар, амгаланг айлтгая. АПУ компанийн ТУЗ бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 онд нийт 10 удаа, 100%-ийн ирцтэй хуралдаж, 45 тогтоол шийдвэр гаргаж ажиллалаа. АПУ Групп компани нь 2025 онд тавьсан зорилтуудаа биелүүлж, амжилттай ажилласан хэмээн дүгнэсэн болно. Анхаарал тавьсанд баярлалаа.
Ё.Гэрэлчулуун гишүүнд баярлалаа. Ингээд асуулт хариултын хэсэг нээгдэж байна.

Хувьцаа эзэмшигчдийн цахимаар ирсэн асуултуудыг ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга уншиж танилцуулан, Гүйцэтгэх захирал Эрдэнэбилэг хариулав.
Асуулт: Ноос угаах үйлдвэрийн суурин дээр баригдаж байгаа барилгад АПУ компани хөрөнгө оруулсан уу? Оруулсан бол цаашид ямар чиглэлээр ашиглах вэ?
Хариулт: Шунхлай групп тус ноос угаах үйлдвэрийн суурин дээр баригдаж байгаа барилгад хөрөнгө оруулсан. АПУ ХК хөрөнгө оруулаагүй. Харин хажууд нь байгаа АПУ Дэйри компанитай залгаа байгаа тодорхой газар дээр хөрөнгө оруулж, АПУ Дэйри компанийн үйл ажиллагааг өргөтгөхөд ₮140-₮150 тэрбумын өртөг бүхий сүүний үйлдвэрлэлийн өргөтгөлийг ашиглалтад оруулахад бэлэн болж байна. Тус хөрөнгө оруулалтын үр дүнд АПУ Дэйри компанийн хүчин чадлыг үндсэндээ 2 дахин өсгөж, шинэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэх томоохон ач холбогдолтой төсөл хэрэгжиж дуусаж байгаа.
Асуулт: Борлуулалтын хэдэн хувийг экспортын борлуулалт эзэлж байгаа вэ? Цаашдын төлөв, төлөвлөгөө ямар байна?
Хариулт: Экспортын хувьд маш хэцүү сорилтуудыг даван туулж байна. Ялангуяа энэ хямралын үед том гүрнүүд дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих, импортыг хязгаарлах бодлогуудыг маш хүчтэй явуулж байна. Манай 100%-ийн эзэмшлийн 2 охин компани Орост, 1 охин компани Хятадын Өвөр Монголын Хөх хотод үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр бид өнгөрсөн онд 20% орчим өсөлт гаргаж чадсан боловч хөрөнгө оруулалтын өгөөж, нийт борлуулалтад эзлэх хувь хэмжээ чамлахуйц байгаа. Гэвч бид зогсолтгүй, тууштай ажиллаж илүү шинэлэг байж, экспортын зах зээлд нэвтрэх чин сэтгэл байна.
Асуулт: Өмнөх онуудын тайлангийн үеэр сарлагийн хөөвөр бэлтгэх, үйл ажиллагаа явуулах талаар яригдаж байсан энэ ажил ямар шатанд явж байна вэ?
Хариулт: Сарлагийн хөөвөртэй холбоотой энэ асуултыг Говь компани эсвэл энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг өөр компанитай андуурч асуусан байх магадлалтай. Бид сарлагийн сүүн бүтээгдэхүүн буюу гэр үйлдвэрлэлийг дэмжих “Mont Yak” төслийг Архангай аймгийн Чулуут суманд хэрэгжүүлээд гурван жил болж байна. Энэ төслөөр малчид хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг манай компанид нийлүүлж, бид эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн “Mont Yak” гэх гайхамшигтай брэнд, жинхэнэ органик брэндийг гаргаж ирсэн нь цаашид үргэлжлэх болно.
Асуулт: 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний талаар?
Хариулт: ТУЗ-ийн шийдвэрээр 2026 онд ₮190 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр баталсан. Үүний ₮80 тэрбумыг Tiger үйлдвэр дээр Баянзүрх дүүрэг болон зүүн аймгуудыг хангахуйц логистик төв, автомат агуулахын төсөлд зарцуулна. Мөн саарал ус дахин боловсруулах төсөлд, тэжээлийн үйлдвэрийн эхлэлийг тавьж, эхний үе шатыг ашиглалтад оруулахад нэлээд том зардал төсөвлөсөн. 3-рт бизнесийн үйл ажиллагаанд буюу бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмжийг дээшлүүлэх үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн. Түүнчлэн, хүний хөгжилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байна. Эдгээр нь 2026 онд нэлээд том ахиц дэвшлийг дагуулна гэж бодож байна.
Асуулт: Компани GS25-ын хувь эзэмшиж байгаа. Эхний дэлгүүрээс өнөөдрийг хүртэл нийт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт GS25-д хийсэн бэ?
Хариулт: Энэ хөрөнгө оруулалт бол богино хугацааны гэхээс илүүтэй урт хугацаанд ашиг авчрах том төсөл юм. Бид дийлэнх хувьцааг эзэмшдэггүй учраас GS25-ын үйл ажиллагааг шууд тайлагнах боломжгүй.
Ирсэн асуултуудад хариулсан Ц.Эрдэнэбилэг захиралд баярлалаа. Одоо хэлэлцэх асуудлын 2-р асуудал руу оръё. АПУ ХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох, үүнтэй уялдаатайгаар 3-р асуудал нь явж байгаа. 3-р асуудал нь ТУЗ-ийн гишүүдийг кумулятив аргаар 9 гишүүнийг нэр дэвшүүлэн сонгох гэсэн 2 асуудлыг ТУЗ-ийн хараат бус гишүүн О.Одбаяр танилцуулахыг урьж байна.
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. АПУ ХК-ийн ТУЗ-ийн засаглал, нэр дэвших хорооноос бол дараах асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж байна. АПУ ХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүн Сянь Иен чөлөөлөх хүсэлтээ гаргасан тул түүний оронд Шили Коли гэдэг хүний нэрийг дэвшүүлэхээр Heineken Asia Pacific Limited компаниас санал ирүүлсэн. Энэ саналын хүрээнд Засаглал, нэр дэвшүүлэх хороо хуралдаад, нэгэнт ТУЗ-ийн ердийн гишүүн чөлөөлөгдөж байгаа учраас бүрэн бүрэлдэхүүнээр нь, хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь дуусгаж, шинэ бүрэлдэхүүнийг сонгоё гэсэн саналыг оруулж байгаа. Ингээд дээрх нэр дэвшсэн 9 хүнийг кумулятив аргаар хэлэлцэж шийдвэрлэхийг та бүхнээс хүсье.
Хэлэлцэх асуудлын 2, 3-ыг танилцуулсан хараат бус гишүүн О.Одбаярт баярлалаа. Одоо ТУЗ-ийн цалин, урамшууллын талаарх мэдээллийг хэлэлцэж, батлах асуудлаар Хараат бус гишүүн Ё.Гэрэлчулуун танилцуулга хийнэ.
АПУ ХК-ийн дүрмийн 7.22.8 дугаар зүйлийг үндэслэн 2022 онд ТУЗ-ийн гишүүдийн үндсэн цалинг ТУЗ-ийн дарга ₮10 сая, ТУЗ-ийн гишүүд ₮6.5 сая байхаар тогтоож, баталсан. Үүнээс хойш 2023, 2024, 2025 оны хувьцаа эзэмшигчдийн хурлуудаар энэ хэмжээг өөрчлөлтгүйгээр баталж, мөрдөж ирсэн. Энэ удаагийн хуралд ч мөн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллыг дээр дурдсан тогтмол хэмжээг сар бүр мөнгөн хэлбэрээр олгох, гүйцэтгэлийн урамшуулал, аливаа нэмэгдэл хөлс олгохгүй байхаар шийдвэрлэх саналыг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж байна. Баярлалаа.
Хэлэлцэх асуудал 2, 3, 4-тэй холбоотой асуулт ирээгүй тул санал хураах ажиллагааг эхлүүлэн, цахимаар санал өгөх зааврыг Тооллогын комиссын дарга Б.Онон танилцуулав.
Санал хураалт явагдаж байх үед “Эс Жи Инвестмент энд Секьюритис ҮЦК” ХХК-иас хөрөнгийн зах зээлийн талаар болон ногдол ашгаар дахин хөрөнгө оруулах DRIP үйлчилгээний тухай товч танилцуулга хийв. Дэлгэрэнгүй мэдээллийг тус ҮЦК-ийн www.sgis.mn цахим хуудсаар зочилж авах боломжтой.
Санал хураалт дуусаж, Тооллогын комиссын дарга Б.Онон санал хураалтын дүнг танилцуулав.

Саяын танилцуулгын дундуур санал хураалт явагдсан. Одоо санал хураалтынхаа цонхыг хаагаад Тооллогын комисс 5 минутын дараагаар дүнг, нэгтгэж танилцуулах болно. Тооллогын комисс ажиллаж байх хооронд 5 минут хурлаа түр завсарлах нь ээ. За Тооллогын комисс хувьцаа эзэмшигчдийн саналыг нэгтгэж, тоолж шийдвэр гаргаж дууслаа. Та бүхэнд Тооллогын комиссын шийдвэрийг танилцуулъя.
2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тогтоолын дугаар 2. Улаанбаатар хот. АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлуудаар санал өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналыг үндэслэн шийдвэрлэх нь,
АПУ ХК-ийн саналын эрхтэй нийт 1,064,181,553 ширхэг хувьцаанаас 87.95% буюу 935,993,727 ширхэг хувьцаа эзэмшиж буй 126 хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон. Хурлаар дараах асуудлуудыг ердийн аргаар санал хураан шийдвэрлэв.
Хурлаар дараах асуудлыг кумулятив аргаар санал хураан шийдвэрлэв.
Компанийн ТУЗ-ийн гишүүдийг шинээр сонгох тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 99.91% буюу 935,166,269 ширхэг хувьцаатай 79 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар хүчинтэй санал өгсөн. За дараах гишүүд ердийн гишүүнд нэр дэвшиж, сонгогдсон байна.
За хараат бус гишүүдэд өгсөн санал нь Ё.Гэрэлчулуун 10.41% О.Одбаяр 10.41% Ж. Үнэнбат 10.41%-ийн саналыг тус тус санал авч эдгээр гишүүд ТУЗ-ийн гишүүдэд сонгогдсон байна. Тооллогын комисс хурлын шийдвэр үр дүнг тайлагнаж дууслаа.
Тооллогын комисст баярлалаа. Одоо компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлаа бүгдийг нь хэлэлцэж, дуусгавар болж байна. Хурлыг хааж хурлын дарга компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийг шийдвэрийг танилцуулахыг урья.
За их баярлалаа. Хурлын шийдвэр АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол хэлэлцсэн асуудлуудыг батлах тухай, АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хурлын шийдвэр тооллогын комиссын шийдвэрийг үндэслэн тогтоох нь:
АПУ ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан доорх дүгнэлтийг баталсугай.
Хурлын дарга Ц.Эрдэнэбилэг гэсэн ийм шийдвэр гарч байна.
За ингээд нийт хувьцаа эзэмшигчдэдээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 2026 он бол зөвхөн Монгол Улсын хувьд төдийгүй дэлхий нийтээрээ улс төрийн, эдийн засгийн маш олон сорилтуудыг давж туулах ийм хариуцлагатай он жил болж байна. Тэр тусмаа Монголын үндэсний үйлдвэрлэгчид маань илүү хөгжих, ололт амжилтаа бататгах, борлуулалт, ашгаа дээшлүүлэх гээд том хариуцлага бас бидэнд тулгарч байна.
АПУ ХК өнөөдөр 35 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй. Та бүгдээсээ чин сэтгэлийн хүсэлт, уриалга гаргахыг бас хүсэж байна. Эдийн засгийн хүнд цаг үед та бүхэн эзэд, маань 1 хүн 5 хүнд нөлөөлж, нийт 150 мянган хэрэглэгчийг АПУ компанийнхаа үйлдвэрлэж байгаа 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх үндэсний үзэл, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд чин сэтгэлээсээ хамтарч ажиллахыг хүсэж байна. Та бүгдийн маань дэмжлэг, та бүгдийн маань итгэл бидэнд бас маш их хэрэгтэй байна.
Ингээд чин сэтгэлээсээ хувьцаа эзэмшигчдэдээ талархлаа илэрхийлээд энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг өндөрлөж байна. Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.