
Times Higher Education (THE)-н 2027 оны дэлхийн их сургуулиудын чансаанд Азийн их сургуулиуд чамгүй байр ахиж, хүч түрэн орж ирлээ.
☝️ Баруунаас зүүн рүү
Дэлхийн ТОП-10 их сургуулийн жагсаалтыг Оксфорд 11 дэх жилдээ тэргүүлсэн төдийгүй ТОП-10 их сургуулийн 9 нь Америк, Их Британийн их сургуулиуд. Энэ жилийн онцлох өөрчлөлт нь Азийн их сургуулиуд чансаагаа ахиулж, түүхэндээ анх удаа Хятадын Цинхуа их сургууль Цюрихийн Холбооны технологийн дээд сургуулийг давж 11-р байранд эрэмбэлэгдэх болсон бол Бээжингийн их сургууль 13-рт жагслаа. Тэдний араас Сингапурын Үндэсний их сургууль ч мөн нэлээн өндөр буюу 15-р байранд бичигджээ.
🚀 Ази сургалтын арга барил моодонд…
Цаашлаад, Хонгконгийн 5 их сургууль ТОП-100-д багтаж, гол усаар нэг юм болж байгаа бол Малайзын их сургуулиуд анх удаа ТОП-200-д багтсан нь онцлох үзүүлэлт байлаа. Харин Японы их сургуулиуд бага зэрэг ухарч, Токиогийн их сургууль 27-рт, Киотогийн их сургууль 62-р байрт оржээ. Энэтхэгийн хувьд чансаанд багтсан их сургуулийн тоо 143-т хүрч, мэдэгдэхүйц өссөн байна.
Ёсыг бодож… Харин манай улсын урдаа барьдаг МУИС маань 2001-р байранд жагссан харагдав. Заах арга зүй, судалгааны орчин, судалгааны чанар нь 14.7-18 оноотойгоор хамгийн сул үнэлэгдсэн бол олон улсын оролцоо буюу гадаад сурагч, багш нарын оролцоо хамгийн өндөр 52.8 оноо авсан байна. Ер нь л манай улсын боловсролын чанар бүхий л түвшинд хоцрогдож байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.