
Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээгээр өнгөрсөн сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай 401 компани Монгол Улсад 1.9 сая га талбай бүхий нийт 640 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эдгээр лицензийн 494 нь гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай компаниудад, үлдсэн 146 нь Монголын талтай хамтарсан аж ахуйн нэгжүүдэд ногдож байна.
😳 10-ын 6 нь шүү дээ, базарваань
Гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай 310 компанийн 207 нь Хятад титэмтэй. Эдгээр компани уг ангилал дахь нийт тусгай зөвшөөрлийн 61.1% буюу 302 лицензийг, нийт талбайн 60.7%-ийг эзэмшиж байна. Дээр нь Хонконгийн хөрөнгө оруулалтыг нэмж тооцвол энэ үзүүлэлт 2/3-т хүрнэ.
🇰🇷🇯🇵 Хамтын ажиллагааг илүүд үздэг
Хятадын хөрөнгө оруулагчдын тусгай зөвшөөрлийн 84% нь бүрэн гадаад эзэмшилд байхад Өмнөд Солонгос, Япон, Оросын хувьд эсрэг дүр зураг ажиглагдана. Өмнөд Солонгосын тусгай зөвшөөрлийн 68%, Японых 77%, Оросынх 73% нь монгол талтай хамтарсан компаниудын гарт байна. Тэр дундаа Монгол-Солонгосын 8 компани 118 мянган га талбай эзэмшиж, хамтарсан компаниудын нийт талбайн 29%-ийг дангаараа бүрдүүлж буй.
🤔 Лицензийн цаана хэн байна вэ?
Хонконг, Сингапур, Британийн Виржиний арлууд, Люксембург, Сейшел зэрэг оффшор бүсэд бүртгэлтэй компаниуд гадаадын лицензтэй нийт талбайн 18.7%-ийг эзэлж байна. Гэвч бүртгэлтэй улс нь эцсийн өмчлөгчийн харьяалалтай заавал давхцах албагүй. Тиймээс зөвхөн компанийн бүртгэлийн мэдээллээр хязгаарлахгүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийг ил тод болгох нь уул уурхайн салбарын бодит эзэмшлийн бүтцийг тодорхойлоход нэн чухал юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.