• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 21, 2021
Тусгай дугаар

Яаж хувьцаа худалдаж авах вэ?

lemonpress
Lemon Press
8 сарын 21, 2021
8 сарын 21, 2021

Энэ удаагийн тусгай дугаарт Lemon Press товхимлын шуудангийн хайрцгийг дүүргэдэг, магад манай уншигчдын дундах хамгийн поп асуулт болох "Хэрхэн хөрөнгө оруулах вэ?", "Ер нь хувьцаа гэж юу юм бэ?" гэх асуултад хариулахыг зорилоо. 

Товхимлын агуулга:

1. Хувьцаа гэж ер нь юу юм бэ?

Юун түрүүнд хэдүүлээ ер нь хувьцаа гэж юу юм бэ, яах гэж үүссэн юм, ямар ашигтай юм гэх зэрэг "хувьцааны цагаан толгой"-той танилцья.

Үүсэл

<i>Dutch East India Company</i>
<i>Dutch East India Company</i>

Хэзээ, хаана хамгийн анхны хөрөнгийн бирж, хувьцаа үүссэн тал дээр одоог хүртэл маргаантай байдаг. Гэхдээ ихэнх эх сурвалжууд 1602 онд байгуулагдсан Амстердамын хөрөнгийн биржийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны хөрөнгийн бирж гэж үздэг. Уг биржийг алдарт Dutch East India компани байгуулсан бөгөөд олон улс дамжсан корпораци гэдгээрээ алдартай.

Тэд мөн түүхэн дэх анхны IPO-г амжилттай хийж 1602-1696 оны хооронд тогтмол ногдол ашиг тараажээ. Нэг ёсондоо Dutch East India компани бизнестээ бусад хүмүүсийг хөрөнгө оруулахыг зөвшөөрч ашгаасаа хуваалцаж эхэлсэн юм. Ийнхүү энэ туршлага тухайн цаг үед маш амжилттай хэрэгжсэн тул бусад компаниуд ч даган дуурайж эхэлснээр хөрөнгийн зах зээлийн үндэс суурь тавигджээ.

Хэрэгцээ шаардлага 

Харин 18-19-р зууны аж үйлдвэрийн хувьсгалын үед хөрөнгийн зах зээл жинхэнэ утгаар хөгжиж эхэлжээ. Тухайн үеэс хүмүүс тогтмол орлоготой мөн ажилтай болж эхэлснээр хэрэгцээнээсээ давсан мөнгөтэй болж түүнийгээ хуримтлуулах, өсгөх шаардлага бий болов. Нэг ёсондоо зах зээл дээр мөнгөө хаана хийх вэ гэх асуудал үүсэж улмаар хүмүүс мөнгөө банканд хадгалуулж эсвэл хөрөнгийн зах зээлээс хувьцаа, бонд авч эхэлсэн юм. Энэхүү эрэлт хэрэгцээ орчин үеийн хүчирхэг хөрөнгийн зах зээл болон банкны салбарыг үүсгэсэн аж. Энэ л үед JP Morgan, Goldman Sachs, Lehman Brothers гэх аварга банкнууд үүссэн байдаг. 

Хувьцаа ба бусад сонголтууд

Өөрийн гэсэн мөнгөтэй, хуримтлалтай хүнд мөнгөө хаана байршуулбал илүү аюулгүй бөгөөд гайгүй өсгөж чадах вэ гэдэг асуудал байнга л тулгарч байдаг. Харин 18, 19-р зууны хүмүүстэй харьцуулахад өдгөө бидэнд олон шинэ боломжууд үүсжээ. Тэдгээр боломжуудыг ерөнхийд нь 4 ангилж болно. 

  • Хөрөнгө оруулалт: Дэлхийн хувьцааны зах зээлийн нийт үнэлгээ $100 их наядыг давж дэлхийн нийт ДНБ-ээс ч илүү гарсан нь дэлхий дээрх мөнгө хаашаа явж буйг тодорхой харуулж буй биз ээ. Орчин үед технологийн дэвшлийн ачаар хувьцааны арилжаа хийх нь улам л хялбар болж байна. Гар утсаа нээгээд хэдхэн товч дараад л дэлхийн нөгөө өнцөгт буй хөрөнгийн биржээс үйлчлүүлж ч үзээгүй компанийнхаа хувьцааг авах боломжтой болсон. 
  • Хадгаламж: Хадгаламж ч моодноос гараагүй ээ. Америкчууд гэхэд одоогоор $11 их наядын банкны хадгаламжтай. Харин хөрөнгийн зах зээл нь үүнээс 3 дахин том. Монголд эсрэгээрээ буюу бид ₮16.5 их наядын банкны хадгаламжтай бол хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ дөнгөж ₮3 их наяд. Хадгаламж бол эрсдэл багатай түүнийгээ дагаад харьцангуй өгөөж багатай бүтээгдэхүүн юм. Америкийн зах зээлд ч Монголын зах зээлд ч хувьцааны өгөөж хадгаламжийн өгөөжөөс түүхэндээ илүү өндөр байсаар ирсэн юм.
  • Бизнес: Мөнгөө эргэлдүүлж наймаа хийх бол манайхны толгойнд хамгийн түрүүнд орж ирдэг санаа байх шүү. Тийм ээ, яагаад болохгүй гэж? Өөрийнхөө мөнгөөрөө бизнес хийж болно. Гэхдээ өндөр эрсдэлтэйгээс гадна танаас маш их хүчин чармайлт шаардана. Хувьцаа, хадгаламж бол таныг унтаж байхад ч мөнгийг чинь өсгөж өгнө шүү дээ.
  • Үл хөдлөх хөрөнгө: Өөртөө, үр хүүхдэдээ орон сууц худалдаж авах эсвэл худалдаж аваад түрээслэх бол түгээмэл сонголтуудын нэг. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл хувьцааны зах зээлээс бараг 3 дахин том буюу $280 их наяд долларын нүсэр зах зээл юм. Үл хөдлөх хөрөнгө нь ерөнхийдөө урт хугацааны хөрөнгө оруулалт байдаг.

Тэгэхээр хувьцаа гэдэг нь...

  • Хувьцаанд хөрөнгө оруулна гэдэг бол та тухайн компанийн эзэн болж байгаа л явдал юм. Эзэн байснаар компанийн чухал шийдвэрүүдэд саналын эрхтэй байх бөгөөд компанийн ашиг нь таны ашиг гэсэн үг. 
  • Тухайлбал, Lemon Press ХК (мөрөөдье) нийт 1 сая ширхэг хувьцаа гаргасан гэе. Тэгвэл энэ нэг сая ширхэг хувьцаанаас хэдийг нь эзэмшдэгээс таны саналын эрхийн нөлөө хамаарна. Мөн компани нийт 1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад бүгдийг нь ногдол ашиг болгон тараая гэвэл 1 хувьцаанд ₮1,000 тараах юм. Танд манай 1,000 ширхэг хувьцаа байсан бол та ногдол ашиг хэлбэрээр нэг сая төгрөг авах нь. 
  • Мөн манай хувьцаа хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж, хөрөнгө оруулагчид ил тодоор хувьцааг маань авч, зарж байх бөгөөд үүн дээр манай хувьцааны ханш тогтох болно.
  • Хөрөнгө оруулалт хийж хувьцаа авсан бол буцаад зарах боломж бүрэн нээлттэй. Харин буцаагаад зарахад таны анхны авсан үнээс өндөр байвал та ашиг хийнэ харин бага байвал алдагдал хүлээнэ. Мөн брокерийн шимтгэл тооцогдоно гэдгийг санаарай. 

Хөрөнгийн зах зээл дээр хөрөнгийн бирж, брокер болон хөрөнгө оруулагчид гэх гурван гол тоглогч байдаг.

  • Хөрөнгийн бирж: Хувьцаа нь бараа юм бол, тэрийг зарах “дэлгүүр” нь бирж билээ. Дэлгүүр аль болох зарагдах сайн бараа лангуун дээрээ тавьдаг шиг биржүүд ч мөн чанартай бараатай байхын тулд хувьцаат компаниудад шаардлага тавьж тодорхой шалгуурын дагуу бүртгэл хийдэг.8 нэрийн дэлгүүр, хүнсний дэлгүүр, супермаркет, компьютерын сэлбэгийн дэлгүүр гэдэг шиг биржүүд мөн өөрсдийн гэсэн онцлогуудтай байдаг. Тухайлбал, Nasdaq-н бирж дээр технологи, инновацийн компаниуд их байдаг бол NYSE бирж дээр “blue chip” буюу найдвартай, том, байр сууриа олсон компаниуд их байдаг. Мөн зарим компаниуд хэд хэдэн бирж дээр давхар бүртгэлтэй байх нь ч бий.
  • Брокер: Биржүүд нь дэлгүүр юм бол худалдагч нь брокер юм. Бараагаа кассад очиж бичүүлээд тооцоогоо хийдэг дээ. Тэр процессыг брокер хариуцна. Брокер нь харилцагчийн яг жинхэнэ хүн, хуулийн этгээд гэдгийг нотлох, “таних”-аас эхлээд бүх ар талын асуудлуудыг шийдэж хөрөнгө оруулагчдад аль болох төвөггүй, чирэгдэл багатайгаар зах зээлд оролцоход тусалдаг. Өөрөөр хэлбэл та брокероор дамжуулан хувьцаа авах, зарах захиалгаа бирж дээр өгч арилжаа хийх юм. Үүнийхээ төлөө та брокерийн шимтгэл төлнө. Монголд брокерийн шимтгэл дунджаар 1% орчим байдаг бол гадаадад бараг л шимтгэлгүй болж эхэлж байна.
  • Хөрөнгө оруулагч: Тантай адил хэдэн сая хүмүүстэй зэрэгцэн хөрөнгө оруулалтын сангууд, тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд гэх мэт институцинал хөрөнгө оруулагчид ч гэсэн хөрөнгийн зах зээл дээр оролцож арилжаа хийж байдаг. Та хувьцаагаа заръя гээд зарах захиалга өглөө гэж бодоход нөгөө талд нь тэр үнээр авах захиалга олдож байж л таны захиалга биелнэ. Харин хэзээ авч, хэзээ зарсан нь ашигтай байх вэ гэдэг хөрөнгө оруулалтын мөнхийн сэдэв юм.

Хувьцаанаас хэрхэн ашиг хийдэг вэ?

Хувьцаанд хөрөнгө оруулж, ашиг олох хэд хэдэн зам бий.

  • Ногдол ашиг: Таны хөрөнгө оруулсан компани ашигтай ажиллаж ашгаа тараах шийдвэр гаргавал танд буй хувьцааны хэмжээгээр ногдол ашиг авна. Ихэвчлэн ашигтай ажиллаж байгаа, үйл ажиллагаа нь тогтворжсон компаниуд өндөр ногдол ашиг тараадаг. Тухайлбал, АПУ ХК (APU) бол аль хэдийн салбартаа тэргүүлэгч, үйл ажиллагаа нь жигдэрсэн компани учир тогтмол ашигтай ажиллаж, ногдол ашиг тараадаг. Хамгийн сүүлд гэхэд АПУ ХК 2019 оны ашгаасаа ₮75 тэрбум, 2020 оны эхний хагас жилийн ашгаасаа ₮40 тэрбумыг тус бүр тараасан юм. Ногдол ашиг: Таны хөрөнгө оруулсан компани ашигтай ажиллаж ашгаа тараах шийдвэр гаргавал танд буй хувьцааны хэмжээгээр ногдол ашиг авна. Ихэвчлэн ашигтай ажиллаж байгаа, үйл ажиллагаа нь тогтворжсон компаниуд өндөр ногдол ашиг тараадаг. Тухайлбал, АПУ ХК (APU) бол аль хэдийн салбартаа тэргүүлэгч, үйл ажиллагаа нь жигдэрсэн компани учир тогтмол ашигтай ажиллаж, ногдол ашиг тараадаг. Хамгийн сүүлд гэхэд АПУ ХК 2019 оны ашгаасаа ₮75 тэрбум, 2020 оны эхний хагас жилийн ашгаасаа ₮40 тэрбумыг тус бүр тараасан юм.
  • Хувьцааны ханшийн өсөлт: Таны хөрөнгө оруулсан компани маш сайн ажиллаж, ирээдүйд улам сайн ажиллах итгэл ихэссэнээр илүү олон хүн хөрөнгө оруулахыг хүсэж хувьцааны үнэ өсдөг. Тухайлбал, ЛэндМН (LEND) компани анх 2018 онд IPO хийж 25 төгрөгөөр хувьцаагаа санал болгон гаргасны дараа ердөө 3-4 сарын дотор бараг 3 дахин өсөж ханш нь 70 төгрөг давж байсан.
  • Хувьцааны үнийн уналт: Хувьцааны ханш унахад та ашиг хийнэ. Сонин байгаа биз? Өөртөө байхгүй хувьцааг бусдаас зээлж зараад үнийн уналтаас ашиг хийх явдлыг short sell гэнэ. Тухайлбал, та долларын ханш ₮2,500 байхад найзаасаа $10 буюу ₮25,000 зээлээд, 7 хоногийн дараа буцааж өгөхөөр тохиролцов. Гэтэл АНУ-д цөмийн дайн гарч долларын ханш ₮500 болж навс унасны улмаас та анх зээлсэн $10-оо буцааж өгөх үед ₮25,000 бус ₮5,000 төлж байна. Эндээс та ₮20,000-ний ашиг хийсэн байна шүү дээ. Үүнийг short-selling гэдэг бөгөөд эрсдэл өндөр учир мэргэжлийн хүмүүс л хийдэг.  Одоохондоо Монголд энэ арилжааны төрөл нэвтрээгүй байна.

Гадаад, дотоодын зах зээл

Дотоодын болон гадаадын зах зээлийн онцлог:

  • Гадаад: Гадаадын зах зээл бол хязгааргүй боломжоор дүүрэн далай л гэсэн үг. Та дэлхийн хамгийн том компаниудад хөрөнгө оруулах боломжтой болохоос гадна маш олон төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгслүүд авах боломжтой. Хувьцааны арилжаа бараг л таныг захиалгын товч дарсан даруйд л биелдэг учир яаралтай мөнгө хэрэгтэй болбол шууд зараад мөнгөө авах давуу талтай. Мөн ихэвчлэн доллароор хөрөнгө оруулах учир долларын ханшийн өөрчлөлтөөс ашиг олох боломжтой. Нөгөө талаас хэт том учир мэдэхгүйгээсээ болоод мөнгөө хормын дотор юу ч үгүй алдах ч эрсдэлтэй.
  • Дотоод: Монголын хөрөнгийн зах зээл дөнгөж хөгжиж буйг бид бүгд мэднэ. Тийм учраас сул талууд олонтой. Ялангуяа дэд бүтэц муутайгаас гадна хувьцааны хөрвөх чадвар буюу арилжаа идэвхтэй явагддаггүй. Өөрөөр хэлбэл авсан хувьцаагаа буцаагаад заръя гэхэд зарж чадахгүй байх магадлалтай гэх мэт сул талуудыг дурдвал олон. Харин ирээдүйгээ харвал хөрөнгийн зах зээл хөгжих нь тодорхой. Одоо байгаа ХК-нуудаас ирээдүйд ханш нь хэд дахин өсөх хувьцаанууд ч бий. Тийм болохоор аль болох урт хугацаанд харсан хөрөнгө оруулалтууд тохиромжтой. 

Анхаарах зүйлс

Хувьцааг нэгэнт өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө авах гэж байгаа юм чинь сайн судалж авах ёстой нь мэдээжийн зүйл. Тэгвэл дараах эх сурвалжуудаас мэдээлэл авч шийдвэрээ гаргаж байгаарай.

  • Вебсайтыг нь судал: Хөрөнгө оруулахаар төлөвлөж буй компанийн вебсайт нь хэр их мэдээлэлтэй байгаа, хэрэглэгч, хөрөнгө оруулагчдаа хэр их анхаарч буй зэрэг нь л танд ямар нэг сэтгэгдэл төрүүлнэ шүү дээ. Мөн сүүлийн үеийн онцлох мэдээллүүд, удирдлагын бүтэц, үйл ажиллагааны тайлан зэргийг ихэвчлэн вебсайтаас нь олж унших боломжтой байдаг. 
  • Investing.com: Энэхүү вебсайт дээр таны сонирхож буй хувьцааны бараг бүх мэдээлэл байх болно. Тухайлбал, хувьцааны ханшийн болон арилжааны түүх, холбоотой сүүлийн үеийн мэдээ мэдээллүүд болон санхүүгийн бүх үзүүлэлтийг харах боломжтой. Та ердөө л сонирхож буй компанийнхаа нэрийг бичээд хайхад л болно.
  • Seeking Alpha: Энэхүү вебсайт дээрээс та сонирхож буй хувьцааны тань талаар мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлт, анализуудыг унших боломжтой.  
  • Бусад: Мөн Morningstar, Motley Fool, Bloomberg, CNBC, Yahoo Finance гэх эх сурвалжуудаас мэдээлэл авч байж болно. Ер нь хөрөнгө оруулаад эхэлбэл бүгдийг нь л тогтмол судалдаг болдог юм даа.

Мэдээж хувьцаа судлах нь тийм ч амар зүйл биш. Гэхдээ юу ч мэдэхгүй, хэн нэгний хэлснээр, хүмүүс сошиал дээр их бичээд байхаар нь сохороор авснаас дээрх вэбсайтуудаар ороод өөрөө нэг харчих хэрэгтэй юм.

3. Хэрхэн хөрөнгө оруулах вэ?

Гадаадын бирж дээр арилжаа хийж гадаад компаниудын хувьцаанд хөрөнгө оруулахад мэдээж танд брокер буюу үнэт цаасны компани хэрэгтэй. Брокерийн үндсэн үүрэг нь таны өгсөн захиалгыг биелүүлэх байдаг. Өөрөөр хэлбэл хувьцаа зардаг дэлгүүрийн лангуу гээд л ойлгочих. Тэгвэл танд монголын эсвэл гадаадын брокерийн компаниудад данс нээлгэх сонголт бий.

Монгол брокерийн компаниуд

Монгол брокерийн компаниудаараа ч дамжуулан гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаа хийх боломжтой. Үнэндээ дөнгөж эхэлж буй хөрөнгө оруулагч нарт Монголынхоо брокерийн компаниуд дээр данс нээлгэн гадаад арилжаа хийж эхлэх нь зүйтэй юм. Та мэдэхгүйгээсээ болж маш их алдаж магадгүй учир Монгол брокероосоо тогтмол зөвлөгөө авч арилжаа хийх нь эрсдэлээ бууруулах том боломж юм. 

Тэгвэл бид танд зориулан одоогоор гадаад арилжааны үйлчилгээ санал болгодог 6 Монгол брокерийн компанийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Брокерийн компаниудад илүү уян хатан саналууд ч бий учир дэлгэрэнгүй мэдээллийг лавлаж асуух хэрэгтэй шүү. Тухайлбал, хэчнээн хөрөнгө оруулалтын зөвлөх, шинжээчидтэй эсэх эсвэл хэр чадварлаг эсэх нь чухал. Учир нь Монгол брокерийн компани сонгох хамгийн том давуу тал бол хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах боломж байдаг. 

Гадаадын брокерийн компаниуд

Та шууд гадаадын брокеруудад данс нээлгэн арилжаа хийх боломжтой. Доор Монголчуудын хамгийн түгээмэл ашигладаг 4 гадаад брокерийг танилцуулж байна.

  • TD Ameritrade нь хувьцааны брокер бөгөөд анхан суралцагчдад зориулсан шилдэг брокероор гэгддэг. Энэхүү платформд хувьцаа болон ETF арилжаалахад шимтгэлгүй бөгөөд харилцагчдын санхүүгийн боловсролд сайн анхаардаг, апп нь хэрэглэгчдийн дунд нэр хүнд өндөртэй байдаг. TD Ameritrade-ийн гол давуу тал нь маш сайн харилцагчийн үйлчилгээ юм.
  • Interactive Brokers нь мөн хувьцааны брокер юм. Энэхүү брокерийн гол давуу тал нь 31 орны 125 зах зээлд 22 валютаар арилжаа хийх боломжийг олгодог юм. Мөн маржин зээлээр арилжаа хийхэд зээлийн хүү харьцангуй бага байдаг онцлогтой. 
  • Saxo Bank нь форекс брокер бөгөөд мэргэжлийн арилжаачдад зориулсан шилдэг форекс брокероор шалгарсан байна. Дансны доод үлдэгдэл шаарддаг мөн арилжааны өртөг дунджаас өндөр тул анхан шатны арилжаалагчдад тохиромжгүй байдаг. Saxo нь судалгааны чанараар бусдаасаа илүү үнэлэгддэг ч харилцагчийн үйлчилгээнд анхаардаггүй сул талтай.
  • FxPro нь өөрийн арилжаалах платформоо сонгож болдог форекс брокер юм. Арилжааг CFD гэсэн дериватив хэрэгслээр хийдэг нь маш өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн бөгөөд CFD-г АНУ-д хориглосон байдаг. Монголд энэхүү платформыг ашигладаг цөөнгүй хүн байдаг тул энэ жагсаалтад орууллаа. Платформын давуу тал нь үнэ харьцангуй ойлгомжтой, мэдээлэл сайтай бол өртөг ихтэй, демо арилжааны боломж хомс болон харилцагчийн боловсролд анхаардаггүй сул талуудтай.

Дээрх платформуудаас хувьцааны арилжаанд хамгийн түгээмэл ашиглагддаг мөн данс нээхэд хялбар нь болох Interactive Brokers дээр хэрхэн данс нээх тухай зааврыг дараагийн хэсгээс уншаарай.

Данс нээх заавар: InteractiveBrokers

Алхам 1: Interactive Brokers-н вэбсайтруу нэвтрэнэ.

  • Имэйл, нэвтрэх нэр, нууц үгээ зохиож оруулна.
  • Улмаар имэйлээр баталгаажуулах линк ирнэ.
  • Имэйлд ирсэн линк дээр дараад өөрийн зохиосон нэвтрэх нэр, нууц үгээр цааш нэвтрэнэ. Яагаав дээ, шинэ платформ дээр шинэ хаяг нээх үед нөгөө явдаг л процесс. 

Алхам 2: Хувийн мэдээллүүдээ оруулна. 

  • Өөрийн овог, нэр гэрийн хаяг зэргийг дараа нь баталгаажуулах шаардлага гарах тул бүх асуултыг үнэн зөвөөр бөглөх нь чухал. 
  • Customer Type: Individual гэж сонгоно. Та хувьдаа арилжаа хийнэ шүү дээ. 
  • Tax Identification Number: I am not legally required to obtain a TIN from the specified country гэдгийг сонгоно.
  • Account Type: Ямар төрлийн данс нээхээ сонгох шаардлага гарна. Энд cash буюу оруулсан мөнгөөрөө л арилжаа хийх данс, margin буюу брокероос нэмж мөнгө зээлэх боломжтой данс гэх сонголт гарч ирнэ. Эхний ээлжинд cash дансыг сонгосон нь тохиромжтой. 
  • Tax Residence: I do not qualify for US tax treaty benefits гэж сонгоно.

Алхам 3: Эцсийн шат

  • Өөрийгөө баталгаажуулна: Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл гадаад пасспортын зургаа гайгүй чанартай дараад оруулахад болно. Гэрэл сүүдэрт нь тэгээд анхаараарай даа. 
  • Хаягаа баталгаажуулна: Оршин суугаа хаягийн тань байрны ордер таны нэр дээр байдаг бол зургийг нь оруулж баталгаажуулах боломжтой. Эсвэл E-Mongolia-с цахимаар гэрийн хаягийн тодорхойлолтоо аваад, орчуулгын товчоогоор онлайнаар орчуулуулж хамтад нь PDF болгон явуулж болно.
  • Дансаа цэнэглэнэ: Fund Your Account дараад ороход мөнгөө шилжүүлэх 5 сонголт гарч ирэх бөгөөд Монголоос зөвхөн “Bank Wire” сонголт л болно. Bank Wire дээр даран цааш нэвтрээд өөрийн мөнгөө шилжүүлэх банкны нэр мөн шилжүүлэх дүнгээ оруулна. Улмаар мөнгө шилжүүлэх дансны дэлгэрэнгүй мэдээлэл шинэ цонхонд гарч ирнэ. Уг мэдээллийг та банканд харуулан гадаад гуйвуулга хийж мөнгөө шилжүүлэх эсвэл интернэт банкаа ашиглан шилжүүлж болно.

За ингээд л болно доо. Ингэснээр таны данс ойролцоогоор ажлын 3-5 хоногт нээгдэнэ. Данс нээгдэж платформруугаа нэвтэрч орсны дараа хэрхэн ашиглах, арилжаа хийх талаар эндээс уншаарай.

4. Эрсдэлээ тооц...

Таныг хүлээж буй эрсдэл

  • Энд тэнд л янз бүрийн компанийн хувьцааны ханш, биткойн зэрэг зүйлс хэд дахин өсөөд л таны аазгайг хөдөлгөж байна уу? Мэдээж одоо бас зарим “нөхдүүд” арилжаа хийгээд мөнгөө хэд дахин өсгөсөн талаар аль хэдийн бичээд эхэлсэн байх. Харин зах зээл үргэлж өсөлттэй байхгүй, уналттай үе ч байдаг гэдгийг санах хэрэгтэй.
  • Зах зээл дээр маш олон төрлийн компаниуд байгаа бөгөөд аль хэдийн байр сууриа эзэлчихсэн томоохон компани байх тусмаа эрсдэл бага, хувьцааны ханшийн хэлбэлзэл бага байдаг. Харин жижиг, хямдхан хувьцаатай компани бол савалгаа ихтэй эрсдэлтэй байдаг. Гэвч ямар ч том компани байсан эрсдэлд унах магадлалтай. Хамгийн наад захын жишээ бол цар тахлаас болж маш олон газрын тосны компаниуд, нэлээдгүй олон агаарын тээврийн компаниуд дампуурлаа. 
  • Тийм учраас эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд та тогтмол цаг үеийн мэдээлэлтэй байхаас гадна тухайн хувьцаагаа маш сайн судалж, авахаасаа өмнө хэзээ хувьцаагаа зарж, "гарахаа" төлөвлөсөн байх хэрэгтэй юм.

Хэр их мөнгөөр хувьцаа авах вэ? 

  • Дөнгөж эхэлж буй бол багаар эхэл. Таны эхний зорилго бол шууд баяжих биш хувьцааны арилжааны талаар ойлголттой болох, туршлагажих юм шүү. 
  • Мөн Монголоос гадаад арилжаа хийхэд гадаад гуйвуулга хийж $80 хүртэлх зардал гарах боломжтой учир хэт багаар эхлэх нь алдагдалтай. Тэгэхээр эхний ээлжинд дор хаяж $1,500 оруулах нь тохиромжтой. 
  • Гэнэтийн эрсдэлийн сан буюу 3-6 сарын хэрэглээгээ хангаж чадахуйц хэмжээний мөнгийг заавал хуримтлалдаа үлдээх хэрэгтэй шүү. Бүх мөнгөө "тавиад туучихаж" болохгүй.

Эцэст нь...

Товхимлын 2 сарын 2-ны тусгай дугаараас.Товхимолд бүртгүүлэх бол www.lemonpress.mn хаягаар ороорой.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.