
Аймшгийн баяр айсуй. Дэлхий даяар аймшгийн баярыг 1 өдөр тэмдэглэдэг бол Монголд бараг л өдөр болгон аймшгийн баяр тэмдэглэж байгаа аятай байх юм.
💀 Сүнс, чөтгөрөөс ч аймшигт төсөв
Энэ жилийн хамгийн аймшигт тоо бол 2027 оны төсвийн төсөл. Төсвийн зарлага анх удаа ₮40 их наядын босгыг давж, жилийн дотор 32.2%, сүүлийн 10 жилд 373.9% өссөн асар данхгар төсөв батлагдахад ойрхон байна. Ирэх жилийн төсвийн алдагдлыг ₮2.3 их наяд байхаар тооцсон нь 2026 оны анхны батлагдсан төсвөөс даруй 130% өссөн үзүүлэлт. Харин тодотгосон төсвийн алдагдалтай харьцуулахад 15% л өссөн харагдана.
Төсвийн аймшигт түүх энэ хүрээд дуусалгүй алдагдал нь тэрбумаас хальж, их наядаар хэмжигдэж байгаа хэр нь үүнийгээ ил тод, нарийн задаргаатай иргэдэд нээлттэй мэдээлэх хуулийн төслийг унагаачихсан.
🤯 Шатахууны хомсдол
Цаашлаад, шатахууны хомсдол үргэлжилсээр бараг 4 дэх сар руугаа орох төлөвтэй. 10 сарын 20-ны байдлаар АИ-92 шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 38.7% өсөж ₮3,592, дизель түлшнийх 62.4% өсөж ₮4,775-т тус тус хүрэв. Зун үүссэн шатахууны хомсдол үргэлжилсээр асуудал хамгийн хурцаддаг өвөлтэй золгох нь. Шатахууны үнийн өсөлт инфляцыг хэрхэн өрддөг талаар ярихаас ч урьдаад бид энэ хахир өвлийг хэрхэн давах вэ гэдэг нь асуудал болчхоод байна даа.
Эцэст нь… 11 сарын 1-нээс тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин гэхчлэн бөөн нэмэгдэлтэй шинэ сар эхэлнэ. Төрийн албан хаагчдын цалин 10% өсөхөд инфляц 4.4% өсөх хандлага ажиглагддаг. Төрийн бүтэц эрэг шургаасаа эхлээд нүсэр, нүүгэлтсэн том явж ирсэн нь өнөөгийн нөхцөл байдалд хүргэж буй. Он гараад л бүтэн 2 жилийн сонгуулийн марафонд орж, иргэддээ хошуу дэвссэн бодлого, шийдвэр гаргаад эхэлнэ дээ. Аймшигтай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.