
Өнгөрсөн шөнө The MongolZ баг 2025 оны хамгийн сүүлийн тэмцээн болох дэлхийн аварга шалгаруулах StarLadder Budapest Major 2025 тэмцээний шөвгийн 8-д Vitality багтай учраа таарч, 2:0 харьцаатай ялагдал хүлээлээ. Тэмцээний үр дүнгээс үл хамаарах The MongolZ-н 2025 онд гаргасан амжилтыг эргэн нэг харцгаая.
🗓️ Жилийн өнгө
Энэ жил The MongolZ StarLadder Budapest Major 2025-г оролцуулаад S-Tier түвшний нийт 19 тэмцээнд оролцсон бөгөөд Esports World Cup 2025 түрүүлж, BLAST.tv Austin Major 2025, BLAST Bounty 2025 Season 2 болон FISSURE Playground 2 тэмцээнүүдэд дэд байр эзэлжээ. Энэ нь Монголын төдийгүй Азийн CS тоглоомд шинэ босго тогтоосон явдал байв.
💰 Шинэ урамшуулал
CS-н томоохон тэмцээн зохион байгуулагчдын нэг ESL-н зүгээс багуудад зориулсан урамшууллын хөтөлбөрөө 2024 онд зарлаж байв. Саяхан тус хөтөлбөрийн урамшууллын дүн олон нийтэд танилцуулагдсан ба The MongolZ-н хувьд ESL-н S-Tier түвшний 7 тэмцээнд оролцож, нийт 378 оноо цуглуулснаар $295.3 мянгыг авахаар болжээ. Энэхүү урамшууллыг олгохдоо тэмцээнд оролцсон байдал, үзэгчдийн тоо, гаргасан амжилтад үндэслэдэг байна. Том зургаар, нийт 42 багийн өрсөлдөөнөөс 16 багт нь $2.9 саяыг урамшуулал болгон хуваарилах аж.
Эцэст нь… Энэ жил The MongolZ олон улсын топ түвшинд тогтмол өрсөлдөх чадвартай баг гэдгээ баталлаа. Мөн eSport-н хөгжлийг шинэ шатанд хүргэж, дараагийн үеийн залуу тамирчдад томоохон урам зоригийг өгснийг дурдах нь зүйтэй. The MongolZ-н ирэх оны тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье. 🌟
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.