Монгол Улс Канадын "Тогтвортой уул уурхайн төлөө" (TSM) стандартад нэгдэн орсонтой холбоотойгоор энэ удаагийн ярилцлагын буланд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэлийг урьж оролцууллаа.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) саяхан Канадын "Тогтвортой уул уурхайн төлөө" (TSM) стандартад нэгдэн орсон. Тус үйл явдал Монголын уул уурхайн салбарт ямар ач холбогдолтой гэж харж байна вэ?
Салбарын хэмжээнд маш том алхам болсон гэж харж байгаа. Ийн TSM стандартад нэгдэн орж буй нь стандартыг зүгээр нэг хэрэгжүүлэхээс илүүтэй Монголын уул уурхайн компаниудын гүйцэтгэлийн босгыг өндөрсгөж байна гэсэн үг. TSM нь биднийг компанийн засаглал, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл байдал, нийгмийн гүйцэтгэл, байгаль орчны хамгааллыг сайжруулахад маш тодорхой шалгуур үзүүлэлтүүд гарган өгч байна. МУУҮА-ийн хувьд энэ нь Монгол хариуцлагатай уул уурхайд онцгойлон анхаарч байгаа гэдгээ харуулж буй нэг хэлбэр. Бид зөвхөн дотооддоо төдийгүй олон улсад ч итгэлцэл бий болгохыг зорьж байгаа. Ил тод байдал, сайн практик, орон нутгийн иргэдтэй харилцан ойлголцсон харилцаа тогтооход тусалж буй юм. Мөн хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаанд анхаардаг хөрөнгө оруулагчдыг татахад ч чухал нөлөө үзүүлэх байх гэж найдаж байна.
Канадын Уул Уурхайн Ассоциаци бусад байгууллагуудтай хамтран TSM-ыг нэгтгэсэн хариуцлагатай уул уурхайн нэгдсэн стандарт хөгжүүлэх ажилд оролцож байгаа. Энэ санаачилга Монголын уул уурхайн салбарын зорилготой хэрхэн нийцэж байгаа вэ?
Дэлхий даяар уул уурхайн салбарын хувьд байгаль орчин, нийгэм, засаглал (ESG) шалгуур, тогтвортой байдлын үзүүлэлт, тайлагналын санаачилгууд олон байдаг нь тодорхой. Copper Mark (Зэс тэмдэг), Олон улсын уул уурхай, металлын зөвлөл (ICMM), Дэлхийн алтны зөвлөл зэрэг байгууллагуудаас удирдан хэрэгжүүлж буй Уул Уурхайн Нэгдсэн Стандартын Санаачилгыг бид талархан хүлээн авч байгаа. Учир нь энэ санаачилга нь бүх стандартыг нэг дор нэгтгэж, бидний хувьд цаг, нөөц хэмнэн, хамгийн тохиромжтой сонголтыг хийх боломжийг олгож байгаа юм. Уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй маш олон стандартаас алийг нь хэрэгжүүлэх вэ гэж цаг алдахгүй шууд нэгдсэн стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах боломж гэж харж байна. Мөн түүнчлэн урт хугацаандаа энэ нь Монголын уул уурхайн салбар өрсөлдөх чадвартай байж, дэлхийн тогтвортой байдлын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлнэ.
Эдгээр хамтын ажиллагаагаар дамжуулан МУУҮА нь хариуцлагатай уул уурхайн талаар Монголын өнцгийг ч дэлхий нийтэд хүргэхийн зэрэгцээ шилдэг туршлагуудаас суралцах боломжтой болж байна.
TSM стандартыг хэрэгжүүлсэн Монголын анхны компани бол Mongolian Mining Corporation (MMC). Уншигчдад маань уг туршлагаас онцлох зүйлсийг нь хуваалцана уу?
Бид 2023 оны 7-р сард анхны өөрийн үнэлгээгээ дуусгасан бөгөөд энэ жил, нэвтрүүлснээс хойш 1 жилийн дотор гадаад аудитораар дамжуулан өөрийн үнэлгээг баталгаажуулж чадсан. Энэ алхам нь бидний хувьд ил тод байдлыг эрхэмлэж, тогтвортой байдлын зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг маань баталгаажуулж, тасралтгүй сайжруулалтыг хангахын чухлыг харуулж байна.
TSM стандартуудыг нэвтрүүлснээр MMC хариуцлагатай уул уурхай, байгаль орчны хамгаалалд тууштай хандаж, оролцогч талуудын итгэлийг бэхжүүлэн, тогтвортой хөгжил нь зорилго төдий бус харин манай компанийн стратегийн гол тулгуур болохыг харуулсан. Бид сууриа сайн тавьсны ачаар анхны гадаад баталгаажуулалтаараа аюулгүй байдал болон биологийн олон янз байдлын протоколын хэрэгжилтээр дээд буюу AA+ үнэлгээг авсан.
Дэлхий дахин асар хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед МУУҮА шиг салбарын холбоонуудын үүргийг хэрхэн харж байна вэ?
Өнөөгийн геополитикийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сорилтууд, ногоон шилжилтийн хэрэгцээ нь эрдэс баялгийн салбарт уламжлалт арга барилаас татгалзаж, тогтвортой байдал, шинэ технологийг нэвтрүүлэх шаардлагыг бий болгож байгаа. Үүний зэрэгцээ, дэлхийн эдийн засгийн хурдацтай өөрчлөлт нь ашигт малтмалын олборлолт, ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд илүү оновчтой, хамтын шийдлийг шаардаж байна.
Энэ үед МУУҮА шиг улс орнуудын уул уурхайн ассоциациудын үүрэг илүү тод болж буй. Эдгээр холбоод нь зөвхөн бодлого тодорхойлогчид болон компаниудын хооронд гүүр болж зогсохгүй, олон улсын түвшинд харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, ESG (Байгаль орчин, нийгэм, засаглал)-ийн нэгдсэн стандартуудыг хэлэлцэн батлах, хамтын ажиллагааг уялдуулахад голлох үүрэгтэй.
Бид зөвхөн дотооддоо хурал зохион байгуулаад зогсохгүй, олон улсын уул уурхайн ассоциациудын дугуй ширээний уулзалтыг жил бүр өөр улс оронд үргэлжлүүлэх ажлыг санаачилж байгаа. Энэ нь нийтлэг сорилтуудыг илүү өргөн хүрээнд хэлэлцэх, тээвэр логистик, ханган нийлүүлэлтэд үүсэж буй сорилтуудыг хамтдаа тодорхойлон гарц шийдлийг олох, олон улсын туршлага, шилдэг практикийг хуваалцах, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхэд чухал ач холбогдолтой гэж хардаг.
Тиймээс бид 2025 оны 9-р сарын 11-13-нд Монголд болох “Монголын Уул Уурхайн 7 Хоног” арга хэмжээнд та бүхнийг урьж байна. Уг арга хэмжээний үеэр зохион байгуулагдах олон улсын уул уурхайн холбоодын дугуй ширээний уулзалт нь бодлого тодорхойлогчид, компаниуд, олон улсын байгууллагуудын төлөөллийг нэг дор цуглуулж, уул уурхайн салбарын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна энэхүү санаачилгыг цаашид бусад улс орнуудад үргэлжлүүлэх эхлэл болох юм.
Энэхүү арга хэмжээгээр дамжуулан бид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, уул уурхайн салбарыг тогтвортой, хариуцлагатай байдлаар хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.