
Өнгөрсөн оны байдлаар нийт 2,740 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байгаагийн 7.8% буюу 215 нь банк болон ББСБ-ын барьцаанд байгаа аж. Энэ тоо юу өгүүлнэ вэ?
📌 Ерөнхий дүр зураг
Одоогоор манай нийт газар нутгийн 4.4%-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд нийт тусгай зөвшөөрлийн 64.2%-ийг ашиглалтын, үлдсэн хэсгийг хайгуулын зөвшөөрөл эзэлж буй. Ашиглалтын зөвшөөрлийн 26.2%-ийг алтны шороон ордны, 17.9%-ийг нүүрсний, 12.7%-ийг жоншны зөвшөөрөл гэх мэтээр бүрдүүлжээ. Энэ бүх зөвшөөрлийн эцэст 2024 онд улсын төсөвт ₮356 тэрбум төвлөрсөн байна.
⛓️ Барьцаа = 215
Цааш нь, Монголд уул уурхайн төслүүдийг эхлүүлэх, өргөжүүлэхэд санхүүжилт хомс. Иймд гол санхүүжүүлэгч нь банк болж байгаа юм. Үүнээс шалтгаалж уурхайн компаниуд лицензээ барьцаалж зээл авах нь түгээмэл болсон хэрэг. Угаас банкны салбарын уул уурхайд олгосон зээл нэмэгдэж өнгөрсөн оны III улирлын байдлаар ₮1.1 их наядыг давсан. Зээлээр санхүүжилтээ шийдлээ ч уул уурхайн салбарт ханшийн хэлбэлзэл, үйл ажиллагааны саатал гарах нь түгээмэл тул чанаргүй зээлийн хувь нь ч өндөр.
Эцэст нь… Монголын уул уурхайн салбар ханатлаа хөгжсөн юм байхгүй. Бид илүү их хайгуул хийж энэ салбарыг дараагийн түвшинд гаргах хэрэгтэй. Гэтэл 215 зөвшөөрөл барьцаанд байна гэдэг бол санхүүжилт, зах зээл, төрийн байр байдалд хангалттай муу байгааг харуулж байна. Цаашид хөгжье гэвэл бодлого, зохицуулалт, хяналт, санхүүжилт хэрэгтэй байна!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.