Уншигч та дотоодоос ямар, ямар компаниудын хувьцааг эзэмшиж байна вэ? Компаниудын 5%-иас бага хувьцаа эзэмшигчдийн тоо хэр их өөрчлөгдсөнийг харцгаая.
🆙 Хөрөнгө оруулагчид нэмэгдэв
Ерөнхийд нь том зургаар харвал нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо өнгөрсөн сарын байдлаар 2023 оны мөн үеэс 47,451-ээр нэмэгдэж 584 мянгад хүрсэн байна. Банкны реформоос гадна өнгөрсөн оны сүүлийн хагаст логистик болон төлбөр тооцооны салбарын компани IPO хийсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмсэн биз ээ.
Өсөлттэй = 65
Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн сар бүр гаргадаг үнэт цаасны төвлөрлийн судалгаанаас харахад 2024 он гарсаар нийт 71 компанийн жижиг хөрөнгө оруулагчийн тоо нэмэгджээ. Энэ дундаасаа АПУ ХК (APU)-ийнх хамгийн ихээр буюу 10,886-аар нэмэгдсэнээр 5%-иас бага хувьцаа эзэмшигчдийн тоо нь 29,678-д хүрсэн аж. Улмаар тус компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн 5.1%-ийг дангаараа бүрдүүлж буй.
Бууралттай = 72
Харин эсрэг талд нийт 72 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо буурсан аж. Нийт 2,820 хөрөнгө оруулагч ямар нэгэн байдлаар эдгээр 72 компанийн хувьцааг эзэмшихээ больжээ. Хөрөнгө оруулагчдынх нь тоо буурч байгаа компаниуд “Investor Relations” буюу хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаандаа анхаарч, мэдээллийн ил тод байдал, зөв залруулга хийх тал дээрээ ч анхаарах хэрэгтэй болов уу.
Эцэст нь… Эндээс харахад хөрөнгө оруулагчид банк, санхүү, хүнсний салбар руу л хошуурч байгаа бололтой. Бусад салбарын компаниуд маань үйл ажиллагаа, ил тод байдал, хөрөнгө оруулагчдад хүрч ажиллах дээрээ анхаарчихвал ч… Гэснээс бид хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад дэм болох үүднээс компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг тоймлосон контент гаргаж эхэлсэн. Цаашид ч үргэлжлээд явна шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.