Мэргэжилтнүүдийн хоолойг уншигчдадаа хүргэхээр зорьж буй LEMON PRESS OPINIONS-н ээлжит дугаар бэлэн боллоо. Энэ удаад бид ирэх оноос хэрэгжиж эхлэх хууль тогтоомжийн талаарх хуульч Ө.Болортуяагийн бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.
Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдэнэ 🪜
Монгол Улсын төсвийн тухай хууль (2023) батлагдсанаар үүнийг дагасан хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орсны нэг нь "Хувь хүний орлогын албан татвар"-ын тухай хууль байв. Тус өөрчлөлтөөр цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогод 10 хувиар татвар ногдуулдаг байсан бол ирэх оноос “шатлан өсгөх” байдлаар буюу дараах байдлаар албан татвар ногдуулахаар болж байна.
Залруулга: Орлогын дүнг хувь хүний банкны дансны мэдээллээс авна гэх мэдээлэл нь ташаа юм. Харин бидний төлөх татварыг ажил олгогч сар тутам тайлагнаж, 10%-иар суутган төлөх нь хэвээрээ ба дээр заасан илүү төлөх хэмжээ, зөрүү дүнг жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож, төсөвт шилжүүлэх зохицуулалт оруулжээ. Тиймээс оны эцсээр жилийн орлогоо тооцуулж, дутуу төлсөн татвараа суутгуулах нь ээ ☹.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдана
Энэ оны төсвийн хуулийг дагаж нэг томоохон бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа нь төрийн хяналт шалгалтын тогтолцоо юм. Энэ дагуу Төрийн хяналт шалгалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ба тус өөрчлөлтөөр Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг дараах байдлаар бусад байгууллагад шилжүүлнэ.
Хууль тогтоогчдын үзэж байгаагаар тус байгууллага татан буугдсанаар нийт 1,319 албан хаагчийг холбогдох чиглэлийн 14 төсвийн ерөнхийлөн захирагч болон харьяа байгууллагад шилжүүлж, чиг үүрэг давхцаж байгаа нягтлан, нярав зэрэг захиргаа, үйлчилгээний албан хаагчийг ажлаас чөлөөлж, урсгал зардлыг хэмнэх аж.
Хөрөнгийн үнэлгээний компаниуд тусгай зөвшөөрөл авдаг болно
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 06 сарын 17-ний өдөр батлагдсан ба 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тус хуулиар “Үнэлгээний хуулийн этгээд” гэх нэр томьёог шинээр хуульчилсан. Одоогийн хуулиар зөвхөн хувь хүн “үнэлгээчин” гэх нэршлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авдаг бол шинэ хуулиар хуулийн этгээд мөн тусгай зөвшөөрөл авснаар хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа явуулах боломжтой болно.
Түүнчлэн тус шинэчилсэн найруулгаар хөрөнгийн үнэлгээний жишиг үнийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоох талаар тусгасан. Одоогийн баримталдаг жишиг үнийг Сангийн сайдын 2010 оны тушаалаар баталж байсан ба түүнээс хойш нэг ч нэмэлт өөрчлөлт ороогүй байна.
Шинэ бүтэц: Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газар
Монгол Улсын 2023 оны төсвийн бодлого, Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан хүрээнд ЗГ-ын дотоод хяналтыг нэмэгдүүлэх зорилгын дор нэгэн шинэ хууль батлагдсан нь Засгийн газар дахь хяналтын тухай хууль юм. Тус хууль нь яам, ЗГ-ын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дотоод хяналт хэрэгжүүлэхэд чиглэж байгаа ба энэ зорилгоор “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар” гэх шинэ байгууллагыг бий болгох юм.
Тус газар нь ерөнхий хянан шалгагч, ахлах хянан шалгагч, хянан шалгагч, бусад албан хаагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулна. Ерөнхий хянан шалгагч буюу газрын даргаар ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дэд дарга ажиллахаар хуульчилжээ.
Нээлттэй арилжаалагддаг компанийн хувьцааны “ногдол ашгийн татвар” буурна
ААН-ийн орлогын албан татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хэд хэдэн өөрчлөлт орсны нэг нь гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалдаг хувьцааны ногдол ашгийн албан татварын хувь хэмжээ 10% байсныг 5% болгосон. Гэхдээ тус заалт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанийн хувьцаанд хамаарахгүй. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлого албан татвараас чөлөөлөгдөхөөр болж байгаа.
Түүнчлэн тус нэмэлт өөрчлөлтөөр программ хангамж боловсруулах, хөгжүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-ийн хувьд тус үйл ажиллагаандаа зориулан гадаадаас программ хангамж авсан, сервер түрээсэлсэн бол тэдгээр орлогод ногдох албан татварын хэмжээг 5% байхаар тогтоож өгсөн. Одоогийн хэрэгжиж байгаа хуулиар Монгол Улсаас эх үүсвэртэй гадаадын иргэн, хуулийн этгээдийн олсон орлогод 20%-ийн албан татвар ногдуулдаг.
Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосон бол ... ?
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар (шинэчилсэн найруулга) согтууруулах ундаатай холбоотой тусгай зөвшөөрөл болоод согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлахад чиглэсэн хэд хэдэн шинэ зохицуулалт тусгагдсан. Тухайлбал:
Тусгай зөвшөөрөл:
Хэрэглээний хязгаарлалт:
Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ
ААН-ийн тусгай зөвшөөрлийн асуудлыг зохицуулсан Зөвшөөрлийн тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхлэх ба тус хуулийн талаар эндээс уншина уу.
Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа тусдаа хуультай болно
2022 оны 11 сарын 4-ны өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль ирэх оны 3 сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ. Тус хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар мөнгөн зээл олгох (ломбард зэрэг) болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах юм. Энэ үйл ажиллагааг явуулахын тулд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, эсвэл хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь ₮10 сая, түүнээс багагүй байх шаардлага тавигджээ. Мөн заавал хуульд заасан журмаар СЗХ эсвэл харьяа аймаг, нийслэлийн Засаг даргад бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болно.
Тухайлбал, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө хуулийн этгээд эрхлэх бөгөөд аймагт ₮100 сая, нийслэлд ₮300 саяас дээш хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй бол СЗХ-д, бусад тохиолдолд харъяа аймаг, нийслэлийн Засаг даргад бүртгүүлнэ.
Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлэхгүй
УИХ-аас 2022 оны 12 сарын 19-ний өдөр батласан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөр “авлигын гэмт хэрэг”-т холбогдох зохицуулалтад дараах нэмэлт өөрчлөлтүүд орсон байна. Үүнд:
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдэнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард ₮550 мянга болгож нэмэгдүүлэхээр тогтоосон. Энэ өөрчлөлт 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.