Хуучирсан мэдээ/ 1 сарын 17, 2024

Хятадын эдийн засаг 2023 онд 5.2% өссөн нь дундаж өсөлтөөс доогуур байлаа

Хятадын ДНБ өнгөрсөн онд 5.2% өсөж $17.7 их наядад хүрлээ. Энэ өсөлт засгийн газрын зорилтот түвшинд хүрсэн ч эдийн засгийн сэргэлт нь жигд бус харагдаж байна. Яагаад? 

Сүүлийн 10 жил = Саарал 

Хятадын эдийн засаг 1961 оноос хойш жилд дунджаар 7.9% өссөн байдаг. Тэгэхээр өнгөрсөн жилийн өсөлт бол дунджаас даруй 2.7 нэгж хувиар доогуур гэсэн үг. Гэхдээ яах вэ, 2022 оны 3%-ийн өсөлтөөс бол сэргэсэн байгаа юм. 

  • 10.6% > 6%: Урд хөршийн эдийн засгийг 10, 10 жилээр нь салгаад харвал 1984-1993 оны хооронд хамгийн өндөр буюу дунджаар 10.6% өссөн аж. Харин сүүлийн 10 жилд дунджаар 6% өссөн нь хамгийн бага үзүүлэлт юм. 

Сайнтай муутай үзүүлэлтүүд 

Цаашлаад эдийн засгийн гол үзүүлэлтийг нь харвал, гадаад худалдааны эргэлт нь ердөө 0.2% өссөн байна. Угаас чипийн импортын үнийн дүн л гэхэд 15.4% буурч $349.4 тэрбум болсон билээ. Үүнээс геополитикийн асуудал том шарх үлдээсэн нь харагдаж байна. Түүнчлэн, 

  • Уналтай зах зээл: 2023 онд юанийн ханш долларын эсрэг 2.6% суларсан. Шанхай, Шэньжэний хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаануудын зах зээлийн үнэлгээ $258 тэрбумаар буурч, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаанууд $592 тэрбумын алдагдал хүлээсэн байна
  • Үл сайжрах үл хөдлөх: Хятадын хамгийн том саад нь үл хөдлөх хөрөнгийн салбар хэвээр байна. Өнгөрсөн онд шинэ орон сууцны борлуулалт 6%, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 9.6% тус тус буурчээ. 
  • Дэгэн догоны учир: Харин өнгөрсөн онд аж үйлдвэрийн үйлдвэрлэл 4.6%, жижиглэнгийн борлуулалт нь 7.2% тус тус өссөн аж. Зарим салбар нь өсөлттэй, зарим нь хэцүүхэн байдалд байгаа нь эдийн засгийн сэргэлт нь жигд бус байгааг илтгэж буй. 

Эцэст нь, Хятадын Ардын Банк энэ онд эдийн засагт үзүүлэх бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг дэмжихээ мэдэгдээд буй. Түүнчлэн тус улсын Ерөнхий сайд Ли Цян Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдад Хятадыг санал болгож, гадаадын бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхээ амласан. Тэгэхээр энэ онд тэд ямар бодлого хэрэгжүүлж, эдийн засгаа яаж дэмжихийг харж л байя даа.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.