
Өмнө нь сайд нарын 2027 онд үрэх төсвийн зардлыг тоймлож байсан бол одоо дарга нарынх руу өнгийе. Ирэх онд төрийн өндөр албан тушаалтнуудын төсөв нийт ₮31.2 тэрбумаар нэмэгдэхээр тусгагджээ. Энэ бялууг хэн хамгийн их хүртэж, хэн бүсээ чангалав?
🤯 Аюулгүй байдлын тэсрэлт: +83.8%
Хамгийн их анхаарал татах нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын төсөв юм. Тодруулбал, бараг 2 дахин өсөж ₮39.4 тэрбумд хүрчээ. Үүний араас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга орж байгаа бөгөөд төсөв нь 22.5% өсөж ₮30.5 тэрбум болсон байна. Төрийн тэргүүний аппаратад ийнхүү томоохон санхүүжилт хуваарилагджээ.
🧑⚖️ Төсвийн үлэмж биетнүүд ба шүүх засаглал
Хамгийн их мөнгө захиран зарцуулж буй рекордыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ба Их Хурлын дарга нар эзэмшсэн хэвээр. Мөн шүүх засаглалын шинэтгэлтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн зардал 15.5%, Үндсэн хуулийн цэцийн даргынх 18.7% дээшилсэн байна.
🔻 Бүсээ чангалагчид: Хэн хасагдав?
Бүх дарга нарын төсөв өсөөгүй. 15 даргын 2-ынх нь төсөв буурч. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын төсөв 10.1%, Төрийн албаны зөвлөлийн дарга 6.6% тус тус танагджээ. Нөгөө талаар Авлигатай тэмцэх газар болон Үндэсний Статистикийн Хорооны даргын төсвийн хязгаар харьцангуй даруухнаар өссөн аж.
Эцэст нь.. Ирэх оны татварын орлогоос аюулгүй байдал, Ерөнхийлөгчийн институтэд томоохон хөрөнгө урсах ба хяналтын байгууллагууд бүсээ чангалах жил болох нь. Сонгуультай жил гэдгийг бодохоор утга нь тайлагдах шиг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.