AND Global группийн охин компани болох AND Financing Corporation (AFC)-д Marubeni Corporation болон Японы Premium Group компаниуд хамтран хөрөнгө оруулсан гэдгээ зарлажээ. Уг хөрөнгө оруулалтын зорилго нь AND Global группийн 2018 оноос хойш Филиппинд бие даан нэвтрүүлэн хөгжүүлж буй e-tomo (хуучнаар LendPinoy) төсөл дээр олон улсын 2 том тоглогч нэгдэн нийлж Филиппин дэх бизнесийг өргөжүүлэх, цаашлаад зүүн өмнөд Азийн бусад орон руу хамтран тэлэх зорилготой аж.
Зүүн өмнөд Азийн санхүүгийн зах зээл маш өрсөлдөөнтэй бөгөөд Филиппинд гэхэд л 831 ББСБ үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс өрсөлдөөнт энэ зах зээлд олон улсын томоохон байгууллагууд Монгол залууст хөрөнгө оруулж буй нь манай улсын технологийн салбарын мэдлэг, ур чадвар, хийж бүтээсэн нь хэдийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж эхэлснийг харуулсан үйл явдал боллоо.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар AND Global группийн хиймэл оюун ухаан болон технологийн шийдлүүд, Marubeni корпорацын олон улсын бизнесийн туршлага мөн дэлхий даяарх сүлжээ, Premium группийн санхүүгийн өргөн мэдлэг, ур чадварыг нэгтгэн Филиппинд, цаашлаад зүүн өмнөд Азид шинэ боломжуудыг нэвтрүүлэх бүрэн боломжтой гэв.
Одоогоос 8 жилийн өмнө үлгэр дуурайллаар өөрийн хойч үеийн залуустаа хүсэл эрмэлзэл, зорилго, урам зориг өгч Монголыг дэлхийд технологиор дахин тодорхойлох зорилготой үүсгэн байгуулагдсан AND Global компани нь өдгөө 12 улсад технологийн бүтээгдэхүүнээ экспорт хийж 5 өөр улсад оффисоо нээн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.
Marubeni корпорацын тухай
Marubeni корпорац нь Японы хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, эрчим хүч, цахилгаан станц, тээвэр, үйлдвэрлэлийн машин гэх мэт олон төрлийн бизнесийн салбарт дэлхийд тэргүүлэн ажилладаг конгломерат компани юм.
Premium группийн тухай
Premium групп нь санхүүгийн топ түвшний үйлчилгээг дэлхий даяар үзүүлэх зорилго дор 2007 оноос үйл ажиллагаа эхлүүлэн өдгөө Японд төв оффис нь байрлан, автомашин тойрсон бүхий л үйлчилгээг зүүн өмнөд Азийн орнуудад үзүүлж буй компани юм.
https://www.premium-group.co.jp/en/
Эх сурвалж: AND Global групп
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.