
Энэ долоо хоногт Дэлхийн банк түүхий эдийн зах зээлийн тоймоо танилцууллаа. Товчхондоо түүхий эдийн үнэ 2026 онд 23% өсөж, 2027 онд 7% буурах төлөвтэй байгаа аж.
🔮 Үнэ өсөх шалтгаанууд
Дэлхийн түүхий эдийн үнэ өсөхөд хамгийн ихээр Ойрх Дорнодын мөргөлдөөн, тээврийн саатал, цаг агаарын эрсдэл болон түлш, бордооны зардлын өсөлт нөлөөлж байна. Үүнээс улбаалан Дэлхийн банк эрчим хүчний үнэ 2026 онд 32%, металлын үнэ 25% өсөх төлөвтэйг онцолжээ. Харин хүнсний түүхий эдийн үнийн хувьд 10%, ирэх онд дахин 7% нэмэгдэхээр тооцоолсон аж.
⏰ Зэсийн таамаг
Түүхий эд дундаас зэсийн үнэ өсөх нь Монголын экспортын орлогод томоохон боломжийг авчирна. Шинэ таамгаар 2026 онд металлын үнэ 25% өсөж, зэс, хөнгөн цагаан, цагаан тугалганы үнэ түүхэн дээд түвшинд хүрэх төлөвтэй байна. Үүнд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, дата төвийн хөрөнгө оруулалтаас үүдсэн эрэлт болон нийлүүлэлтийн хомсдол нөлөөлөх гэнэ.
🚥 Экспортын цуваа багасав
2026 оны эхний 9 сарын байдлаар зэсийн бүтээгдэхүүн нийт экспортын 47%-ийг бүрдүүлсэн. Энэ хугацаанд Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 29% өсөж 312 мянган тн-д хүрээд байна. Гэвч 10-р сарын дундаас Хятадын тал боомтын технологи, дэд бүтцийн шинэчлэл хийж буйтай холбоотой Гашуунсухайт-Ганцмод боомтын зэсийн экспортын цуваа 70% багасаж, хэвийн үетэй харьцуулахад экспортын орлого $300 саяар тасалдсан аж.
Эцэст нь… Түүхий эдийн үнэ өсөх нь Монголын экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж боловч энэ боломжийг бодит болгоход олборлолтоо нэмэгдүүлэх, логистикийг сайжруулах, оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Нөгөө талд, 2026 онд эрчим хүчний үнэ 32%, бордооны үнэ 14% өсөх төлөвтэй байгаа нь эдийн засагт дарамт учруулж болзошгүй нь дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.