.
Бид 40 долоо хоног үргэлжилсэн Голомт Капитал ҮЦК-ийн гадаад арилжааны уралдаан Golomt Capital Championship (GCC)-д амжилттай оролцож ₮100 саяын ялагч болсон К.Манчуктай хэрхэн хөрөнгө оруулалтын багцаа 182.56% өсгөсөн болон ямар стратегиар, ямар хувьцаанд түлхүү хөрөнгө оруулсан зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа. Тухлаад суугаарай! Сонирхолтой яриа өрнөх гэж байна шүү.
GCC-н ₮100 саяын ялагчаар ямар мэргэжилтэй, ямар хүн түрүүлэв? Юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулна уу?
Намайг Көкен овогтой Манчук гэдэг. Би Эдийн засагч мэргэжилтэй. ХУИС-д бакалаврын зэргээ Эдийн засгаар, СЭЗИС-д магистрын зэргээ Санхүүгийн менежментээр тус тус хамгаалсан. Сүүлийн 11 жил уул уурхайн салбарт тасралтгүй ажиллаж байгаа. Эхний 10 жилд Оюу Толгой ХХК-д 4 өөр багт ажиллаж байсан. Одоо Рио Тинто группийн Монгол дахь салбарт худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа.
GCC багагүй хугацаанд буюу 40 долоо хоног үргэлжиллээ. Яагаад уг тэмцээнд оролцох болсон болон тэмцээний явцаас хуваалцвал?
Тэмцээний тухайд өнгөрсөн оны 3 сарын 13-нд албан ёсоор зарлагдаж байлаа. Тухайн үед тус ҮЦК-ийн бүх харилцагчид оролцох боломжтой байсан тул оролцохоор шийдсэн юм. Тус тэмцээний онцлог нь Голомт Капитал ҮЦК оролцогчдод зориулан менторуудыг урьж олон сонирхолтой сэдвээр сургалтуудыг тогтмол өгч оролцогчдыг байнга мэдээллээр хангаж байв. Түүнчлэн 7 хоног тутамд бидэнд цаг үеийн байдал ямархуу байгаа, зах зээл хаашаа чиглэж байна гэх зэрэг мэдээллийг FB live-р хүргэж байсан нь их дэмтэй байсан.
Нөгөө талаас оролцогчид ч бие даан суралцах хэрэгтэй болсон. Миний хувьд уралдаанд оролцохоос өмнө хөрөнгийн зах зээл, арилжааны тухай ном сонирхож уншдаг байсан. Би мэргэжлийн хүн биш учраас уралдааны эхэн үед бол миний өгөөж тийм ч өндөр байгаагүй. Зах зээлээ ойлгосны дараагаар юунд хөрөнгө оруулалт хийх үү, ямар салбарын ямар хувьцааг авах уу, гээд л стратегиа боловсруулж эхэлсэн дээ.
Та тэмцээний явцад хөрөнгө оруулалтын багцаа 182.56% өсгөж чадсан. Үүнийг 2-р байранд шалгарсан оролцогчийн өгөөж болох 72.77%-тай харьцуулахад хол тасархай харагдаж байна. Ямар хөрөнгө оруулалтын стратеги баримталж ийм өндөр өгөөжтэй тэмцээнд оролцсон бэ?
Стратегийн хувьд тэмцээнд би “Long position” буюу тухайн хувьцааг өснө гэх хүлээлттэйгээр хөрөнгө оруулах нь илүү ашигтай гэж үзээд хөрөнгө оруулалтаа хийж байсан. Хувьцаагаа сонгохдоо эхлээд салбараа тодорхойлоод компаниа судалж эхэлсэн. Хэдий сайн судлаад хөрөнгө оруулсан ч хувьцаа болгон бас өсөхгүй шүү дээ. Үүнээсээ суралцаад хувьцаа авахдаа сайн хямдарчихсан хэр нь өсөх боломжтой буюу өндөр өгөөжтэй хувьцаануудад түлхүү анхаарах болсон. Нэмээд багцын удирдлагаа төрөлжүүлэх нь маш чухал. Мэдээж аль нэг нь унах, өсөх үеүд байсан ч өөрийн тооцоолсон дүн хүртэл хүлээдэг байсан. Ингээд ирэхээр сэтгэлзүйн хувьд ч илүү тогтвортой байх боломжтой болдог юм билээ.
Уралдааны дунд хэсгээс би зах зээлээ илүү ойлгож тэр хэрээрээ өөртөө илүү итгэлтэй хөрөнгө оруулж эхэлсэн.
Эхний ээлжид технологийн салбарынхыг сонирхож хөрөнгө оруулсан. Тухайн үед Amazon (AMZN), Google (GOOG) зэрэг компаниудын хувьцааны үнэ сайн хямдарчихсан байсан. Цаашлаад цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниудыг судалж, тэр дундаа Америкийн зах зээлээс Rivian (RIVN), Tesla (TSLA), Lucid (LCID), Хятадын зах зээлээс Alibaba (BABA), NIO (NIO), XPeng (XPEV) гээд маш сайн үзүүлэлттэй хэр нь хямд хувьцаануудад хөрөнгө оруулсан. Үүний хажуугаар чип үйлдвэрлэгчид ид халуун дээрээ явж байсан болохоор хөрөнгө оруулахаар шийдсэн. Жишээ нь Nvidia (NVDA), AMD (AMD), MU (MU) гээд ер нь бол Ковид-19-ийн дараа зах зээл уналтад ороод маш сайн үзүүлэлттэй компаниудын хувьцаанууд нь хямдарчихсан байв.
Түүнчлэн суурь анализ хийхийн хажуугаар техник анализ хийхэд ихээхэн ач холбогдол өгч хийсэн. Ингэхдээ "Volume" сайтай хувьцаанууд өсөлт сайтай байна гэж харсан учраас дүн шинжилгээ хийгээд тэдгээр хувьцаануудад голлон анхаарч байлаа. Цаашлаад миний хувьд эхний ээлжид ханшийн хөдөлгөөний графикаа хараад ойлгодог байх хэрэгтэй гэж үзээд суурь онолын номуудыг уншсан. Ер нь бол графикаа ойлгож байж л унах уу, өсөх үү эсвэл бүр өсөх ч үгүй, унах ч үгүй тодорхой түвшинг бариад байна уу гэсэн трендээ гаргадаг юм байна лээ. Тэгээд график дээрээ бол 7 хоног болгон гэрийн даалгавар хийж байгаа юм шиг ажилладаг, төлөвлөгөө гаргаж явсан.
Та өндөр өгөөжтэй өсөх боломжтой хувьцаануудад түлхүү хөрөнгө оруулсан гэлээ. Тэгвэл оносон болон алдсан хөрөнгө оруулалтын туршлагаасаа хуваалцана уу?
Дийлэнх хөрөнгө оруулалт маань сайн өссөн. Үүнээс онцлох юм бол цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хувьцаа асуудалгүй өсөлттэй байсан. Харин эрчим хүчний хувьцаанууд салбарын онцлогоосоо болоод өсөх ч үгүй, унах ч үгүй байж байгаад тухайн үед тус компанитай холбоотой сөрөг мэдээ гарахад уначихсан. Тухайн үед би тус хувьцааг өснө гэх тооцоололтой байсан учраас “Stop Loss” тавилгүйгээр, хүлээж алдсан тохиолдол бий. Өөр гэвэл Amazon (AMZN) өсөх трендтэй харагдаж байсан ч хувьцааны үнэ нь өсөхгүй, унахгүй тодорхой түвшинг л барьсан нь цаг хугацааны хувьд томоохон алдаа болсон доо.
Тэмцээн гэдэг утгаараа цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байсан байх. Та 1 хувьцааг дунджаар хэр удаан барьсан бэ?
Мэдээж тэмцээн гэдэг утгаараа аливаа хувьцааг урт хугацаанд хадгалахыг хүсээгүй. Хамгийн ихдээ 2 долоо хоног, хамгийн багадаа 7 хоног л хадгалдаг байсан. Таамаглаагүй нөхцөл байдал үүсэхэд үүнээс ч бага хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн үеүд ч бий.
“Би бүтэн цагийн ажил хийдэг учраас өдөр болгон арилжаа хийдэггүй байсан. Өдөр болгон үр дүнгүй арилжаа хийхийн оронд 7 хоногтоо төлөвлөж, оновчтой хөрөнгө оруулалт хийсэн нь илүү өгөөжтэй байсан гэж хэлмээр байна”.
Тэмцээнээс авсан хамгийн том хөрөнгө оруулалтын сургамжаасаа бидэнтэй хуваалцаач?
Мөнгөтэй сахилга баттай харьцахгүй бол хөрөнгө оруулалтын өгөөжөө шатаах нь нэг л өдрийн асуудал. Энэ ч утгаараа алдах бүрдээ буюу өснө дөө гээд унасан тохиолдлуудаас юун дээр алдав гээд ажилладаг байсан. Миний хувьд тус тэмцээнээс авсан хамгийн том сургамж бол буруу тооцоолсон бол алдсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд гарах. Эхэн үедээ хасахаа хүлээн зөвшөөрөлгүй өснө гэх найдлагаар нэлээд алдсан. Үүнээс үүдэн найдлага биш дүн шинжилгээндээ анхаарах ёстой юм байна, сэтгэлзүйгээ удирдах ёстой гэдгээ ойлгосон доо. Хэчнээн нэр хүндтэй, ирээдүйд өсөх компани байсан ч миний хувьд тэмцээнд оролцож байсан тул өснө гээд хүлээгээд суусан бол өдийд энд суухгүй байсан байх.
Тэмцээний шагналын сан болох ₮100 саяар цаашид юу хийх вэ?
Үргэлжлүүлээд хөрөнгө оруулна. Тэмцээний үеэр нүдэлчихсэн хэд хэдэн хувьцаанууд байгаа. Тэр хэддээ анхаарна даа.
GCC-н үеэр зах зээлээ ойлгохын тулд нэлээд ном уншсан гэлээ. Тэдгээр номуудаас уншигчдад маань санал болгох ном байгаа юу?
Бяцхан зөвлөгөө
Гэхдээ хүн бүр ном уншаад л амжилттай хөрөнгө оруулах магадлал бага учир сурсан зүйлсээ практикт ашиглах нэмээд тууштай байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Эцэст нь… Хөрөнгө оруулалт бол сугалаа бас аз биш. Хөрөнгө оруулалт хийхдээ суурь болон техник анализ хийхийн хажуугаар сэтгэлзүйгээ тогтвортой байлгаж тууштай байх хэрэгтэй гэж харсан. Уралдааны явцад би хувь буюу өгөөжид анхаарахаас илүүтэй дараагийн 7 хоногийн даалгавартаа төвлөрдөг байсан. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт юун дээр алдав, ирэх 7 хоногийн оролтдоо бэлэн байгаа юу гээд л гэрийн даалгавруудаа бол яс хийдэг байсан даа.
- Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.
- Та бүхэнд ч баярлалаа
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.