
Өнгөрсөн 7 хоногт Оюу толгой ордыг эзэмшигч 2 тал буюу Монгол Улсын Засгийн газар болон Rio Tinto (RIO) групп хэлэлцээр хийж эхэлсэн. Энэ асуудал юу болж байна вэ?
🤝 Тохиръё хө
Энэ удаагийн хэлэлцээрээр 2 тал Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувь, менежментийн үйлчилгээний төлбөрийн асуудлыг шийдэхээр зорьж буй. Ингэхдээ ирэх оны 1 сарын 31-ний өдрийн дотор хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувьтай холбоотой шийдэлд хүрэхийг эрмэлзэж байгаа аж. Хэрэв бүтэлгүйтвэл хугацаагаа сунгаад явах нь.
🔍 Үндэслэл нь юу байв?
Оюу толгойн 34%-ийг Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийг төлөөлж Эрдэнэс Оюу Толгой ХХК, үлдсэн 66%-ийг $RIO эзэмшиж байгаа. 2023 онд Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноос хойш олборлолт, өгөөж нь улам нэмэгдэж буй энэ үед Монголын талд оногдох өгөөж чухал. Харин ЗГ-ын талаас анх гэрээ байгуулахдаа Монголын тал Оюу толгойгоос 53%-ийн өгөөж хүртэнэ гэж заасан ч өнөөдөр 26%-27% орчмын л өгөөж хүртэж байна гэж үзжээ.
🗣️ Хэзээ цэгцрэх вэ?
Оюу толгойн татварын маргаан одоо ч дуусаагүй байгаа. Мөн одоогоос 4 жилийн өмнө буюу 2021 онд ч $RIO-н төлөөлөл тухайн үеийн ЗГ-тай хэлэлцээр хийхийг оролдсон. Тухайн үед $RIO-н тал Оюу толгойн 34%-д ногдох $2.4 тэрбумын зээлийг 100% тэглэх санал гаргаж байв. Одоо бид баялагтаа эзэн, ард түмэндээ хишиг хүртээнэ гэж попрохоосоо илүү тогтвортой үргэлжлэх боломжтой зохицуулалт хийж хамгийн том гаднын хөрөнгө оруулалтын төслөө нэг талд гаргаж сайн жишиг болгох нь чухал байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.