ChatGPT-н үүсгэгч OpenAI-ийн хүчтэй өрсөлдөгч Llama-ийн 2-р хувилбарыг Meta танилцууллаа.
- Llama-гийн эхний хувилбарыг энэ оны 2-р сард Meta танилцуулсан бөгөөд ийнхүү 5 сарын дотор Llama 2-г танилцууллаа.
Гол онцлогууд:
- Үнэгүй, нээлттэй: Llama 2-г судалгааны болон бизнесийн зорилгоор ашиглахад үнэгүй. Эхний хувилбар судалгааны зорилгоор ашиглахад үнэгүй байсан бөгөөд 100,000 гаруй судлаач нэвтрэх эрх хүсэж байжээ. Тэгвэл энэ удаад чатбот хийх, AI дүрс үүсгэх гэх мэт бизнес зорилгоор ашиглахад үнэгүй болголоо.
- Microsoft орж ирэв: Llama 2-н гол хамтран ажиллагчаар Microsoft сонгогдов. Ингэснээр Microsoft Azure дээр Llama 2-г ашиглаж хөгжүүлэлт хийж болно. Мөн Windows дээр ашиглахад тохиромжтой байдлаар хөгжүүлснээс гадна Amazon Web Services (AWS), Hugging Face зэрэг платформууд дээр ч ашиглах боломжтой аж.
Qualcomm тоглоомд орж ирэв
Үүнтэй зэрэгцэн Meta, Qualcomm (QCOM) нар хамтарч ажиллахаа зарлалаа. Llama 2-г Qualcomm-н чиптэй төхөөрөмжүүд дээр 2024 оноос суулгах гэнэ. Qualcomm-н хувьд AI-д ашиглагддаг гол процессор болох зорилготой бөгөөд тэгэхдээ клауд дээр биш харин төхөөрөмж дээр суурилуулах амбицтай. Ингэснээр бидний өдөр тутамдаа ашигладаг гар утсан дээр Llama-г суулгах боломжтойгоос гадна ухаалаг виртуал туслах зэрэг өмнө нь төдийлөн боломжгүй байсан аппуудыг ашиглах боломжтой болгох аж.
- Qualcomm vs Nvidia: AI чипний асар их потенциал буйг харуулж Nvidia-н (NVDA) хувьцааны үнэ он гарсаар 231.8% өсөөд байгаа хэдий ч Qualcomm-нх ердөө 14.6% өсөөд байна.
Эцэст нь… Дэлхийг атгах AI-н өрсөлдөөнд Meta ийнхүү хүч түрэн орж ирж буй ч Llama 2 ерөнхий үзүүлэлтээр ChatGPT 3.5-н түвшинд байгаа ажээ. Гэхдээ өрсөлдөөн тун ширүүсэж байна шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.