
Оюу толгойн 2025 оны тайлан гарлаа. Тэдний 2025 оны зэсийн үйлдвэрлэл анх удаа 300 мянган тн-г даваад байна.
⚡️ 2 жил дараалсан рекорд
2024 онд Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл 215 мянган тн-д хүрснээр 2015-2016 оны дээд амжилтыг эвдэж байв. Харин энэ жилийн зэсийн үйлдвэрлэл жилийн өмнөхөөсөө 61% өсөж 345 мянган тн болжээ. Үүнд гүний уурхайн олборлолт хоногт 52 мянган тн-д хүрч дээд амжилт тогтоосноос гадна 12-р сарын дундаж олборлолт хоногт 42 мянган тн болж нэмэгдсэн нь голлон нөлөөлж буй.
🤑 Хоногт ₮6.4 тэрбумын татвар
Цаашлаад, “Оюу толгой” ХХК тайлант хугацаанд нийт ₮2.3 их наядыг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9%-ийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, компани 1 өдөрт ₮6.4 тэрбумын татвар, төлбөр төлсөн хэрэг. Энэ тооны 2010 оноос хойших нийлбэрийг харвал хэдийнээ ₮14.4 их наядад хүрээд байгаа нь 4 жилийн өмнөхөөс 63.6% өссөн дүн юм.
📌 Онцлох зүйл юу байв?
Оюу толгой “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлаар ЗГ-тай хэлэлцээ хийж буй. Тусгай лиценз шилжих хугацаанаас хамааран уулын ажлын төлөвлөгөөг хоёр хувилбараар боловсруулсан бөгөөд үүнд Панель 1-д хүн хүч, техник хэрэгслийг шилжүүлэн байршуулж бүтээн байгуулалтыг сэргээх, эсвэл Панель 2-ын өмнөд хэсэгт олборлолт эхлүүлэх сонголтууд багтаж байгаа аж.
Эцэст нь… Алтны үнэ өсөж, зэсийн экспортоор гол зогоож байгаа энэ үед Оюу толгойн үзүүлэлт ингэж нэмэгдсэн нь сайн хэрэг. Гэхдээ бидэнд олон олон Оюу толгой байдаг сан бол өдийд ингэж цахилгаан тасраа ч уу, үгүй ч үү. Хайгуулаа хийж, гарцаа нэмэгдүүлмээр байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.