
Унгарын томоохон банк болох OTP Bank Nyurt (OTP.BD) Монгол Улсыг банкны тухай хуулийг шинэчилбэл үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлэв. Тус банк 2002 оноос гадагш тэлж, одоогоор Төв болон Зүүн Европ, Төв Азийн 11 оронд үйл ажиллагаа явуулж буй.
📜 Банкны тухай
OTP анх 1949 онд байгуулагдаж, 1995 онд Будапештын хөрөнгийн биржид бүртгэлтэй болж байжээ. Эзэмшлийн хувьд 54.9%-ийг олон улсын хөрөнгө оруулагчид, 45%-ийг дотоодын хувьцаа эзэмшигчид бүрдүүлж буй.
🔎 Хууль тогтоомж асуудалтай юу?
Угтаа одоог болтол Монголд гаднын банк орж ирээгүй шалтгаан нь манай улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, зах зээлийн багтаамж хэт жижиг байгаатай холбоотой. Хэрэв банкны салбарт өрсөлдөөн үүсгэж, гаднын банкийг оруулж ирэхдээ монголчуудын хэрэгцээ шаардлагыг хангахуйц түвшний банкийг оруулж ирэх, мөн зохицуулалт, бодлогоороо татахаас өөр аргагүй гэсэн үг.
Угтаа бол улстөрчид гаднын банк орж ирвэл зээлийн хүү буурна гээд байгаа. Гэвч зээлийн хүү бодлогын хүүтэйгээ уялдана. Бодлогын хүү инфляцтай уялдана. Инфляц төсвийн зарцуулалттай ч уялдана. Үндсэн шалтгааныг нь засахгүй бол 2 оронтой тоотой инфляцтай улсад хэн 1 оронтой тоотой хүүгээр зээл өгөх вэ дээ. Өрсөлдөөн үүсгэлээ ч бодит нөхцөлтэйгөө л уялдана.
Эцэст нь… Бодит байдал дээр өөрсдийн зах зээл, бодлого, зохицуулалтаа боловсронгуй болгохгүй бол гаднын банк орж ирээд гоё сайхан болох нь юу л бол. Тэглээ ч OTP банкны хувьд Узбекистанаас бусад бараг бүх улс дахь охин компаниудаа 98%–100% эзэмшдэг компани гэхээр Монголд ч энэ жишгээрээ л орж ирэхийг эрмэлзэх биз ээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.